ЗТХ-ийн сайдыг хэзээ томилох вэ?

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

ЗТХ-ийн сайдыг хэзээ томилох вэ?

ЗТХ-ийн сайдыг хэзээ томилох вэ?

У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар өөрөөс нь бусад нь “давхар дээл”-тэй. Тэгвэл давхар дээлтэй  сайд нарын нэг нь өөрийн хүсэлтээр  чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй.

Учир шалтгааныг эргэн сөхвөл, өнгөрсөн сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга нар архидан согтуурч,  улмаар нэгнийхээ аминд хүрч амь насыг хөнөөсөн байж болзошгүй аймшигт хэрэг гарсан билээ. Тодруулбал тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэж шалгагдаж байгаа юм. Уг үйл явдал мөн вагон осолдсонтой  холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Одоогоор ЗТХ-ийн сайдын ажлыг Шадар сайд Ө. Энхтүвшин түр гүйцэтгэж буй. Тэгсэн ч хуулийн дагуу дараагийн сайд томилогдсоноор өмнөх нь  сайдын бүрэн эрх  дуусгавар болох хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Ж.Бат-Эрдэнийн хүсэлтийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ.  Түүний оронд  У.Хүрэлсүхийн  танхимд ажиллахаар орж ирэх  дараагийн сайдын  нэр улстөрийн хүрээнээс хэдийнээ дуулдаж эхэлсэн. Түүнтэй зэрэгцээд шүүмжлэл ч өрнөж байна. Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийнхөө оронд  очих сайдыг “Өнгөрсөн хугацаанд миний эхлүүлсэн, хэрэгжүүлж байгаа бодлогын чанартай ажлуудыг үргэлжлүүлээд явах, салбараа сайн ойлгодог хүн ирээсэй гэж хүсч байна. Эрх мэдэлд очсон даруйдаа өөрийнхөөрөө явчих гээд байдаг тал ажиглагддаг л даа. Тэгэхээр салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт, шинэчлэлүүдийг үргэлжлүүлээд ажиллаасай гэж хүлээж, харж байна” гэдэг хариултыг ярилцлага өгөх үеэрээ хэлж байсан юм.

Гэхдээ энэ удаагийн сайдын томилгоо намрын чуулгантай золгох бололтой. Учир нь УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдах сураг байсан ч Хууль зүйн байнгын хороо хуралдахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хууль зүйн байнгын хороо ирц хүрэхгүй, хурал зарласан ч гишүүд нь ирэхгүй байгаа нь МАН-ын 32, 33-аараа талцал одоо ч өрнөсөөр байгаа гэж улс төрийн хүрээнийхэн ярьж буй. Хэрэв ээлжит бус чуулган зарласан тохиолдолд Зам тээврийн, хөгжлийн сайдыг томилох боломжтой. Гэхдээ намрын чуулган хаяанд ирсэн учраас ийнхүү сайдын томилгоо намрын чуулганы эхний асуудал болох бололтой. Хөшигний ар дах улс төрийн хүрээнд У.Хүрэлсүх барьцаа ахиулж, нэг сайдынхаа суудлыг авна, тэр нэр дэвшигчээ ч тодорхой болгосон гэх яриа гарч эхэлсэн. Гэхдээ 32-ын талаас ч мөн адил өөрт хуваарилагдсан нэг суудлаа алдахгүйн тулд хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлэх боломжтой гэсэн хувилбаруудыг ярьж буй гэнэ.  Урьдчилан зурагдсан хар зураг шинэчлэгдэх эсэх нь эргэлзээтэй байгаа ч сайдад горилогчдын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгах шаардлагатай болох нь.

Түүнээс гадна сайдын суудалд горилогчдын нэрс хөвөрч буй. Эдгээр эрхмүүд цөм ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болно. Тухайлбал, УИХ дахь 32-ын бүлгээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлэхээр яригдаж буй. Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд сайдын ‘давхар дээл’ өмсч байгаагүй.  М.Энхболдын парламент дотроо л зангарагтай, эдийн засгийн мэдлэгтэй, сайн менежмент хийж чадах гишүүдийн нэгд тооцогддог. Гэхдээ түүний МСS-ийн ушгил нь  сайдад  бүдрэх шалтгаан нь болох болов уу.

Зам, тээврийн хөгжлийн яамны сайдад эгзэг нь таарвал шургачих гэсэн өөр нэгэн нь Х.Болорчулуун.  Тэрбээр Дорнод аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. Түүнийг цагаа тулахаараа  нөхдөө хаяж зугтаад урваж, шаравдаг тал бий гэж намынхан жиг жуг ярилцах юм билээ.

Дараагийн горилогчоор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын нэр дуулдаж байгаа ч түүний  хувьд замын хувийн компанитай учир  мөн эрх ашгийн  зөрчил үүсэх нь тодорхой.   Түүнчлэн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн нэр бүлэг дотор яригдаж байгаа аж.  Гэхдээ Д.Хаянхярваа гишүүний зүгээс өөрөө нэр дэвших бодолгүй, өрсөлдөхгүй байр суурьтай байгааг эх сурвалж хэлж байна.

Юутай ч Зам тээврийн хөгжлийн яамыг толгойлох сайдын нэр ирэх өдрүүдэд илүү тодрох биз ээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж