Б.Лхагважав: Ажлын байр гаргасныхаа төлөө шоронд орж болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Б.Лхагважав: Ажлын байр гаргасныхаа төлөө шоронд орж болохгүй

Б.Лхагважав: Ажлын байр гаргасныхаа төлөө шоронд орж болохгүй

Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

-Татварын багц хууль хаврын чуулганаар батлагдана гэсэн хүлээлт байсан ч амжаагүй. Ирэх намрын чуулганаар батлагдах болов уу?

-Өнгөрсөн хоёр, гуравдугаар сард татварын багц хуулиар Сангийн яам, аж ахуй нэгжийн төлөөлөл МҮХАҮТ хамтран өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ингээд хуулийн төслөө боловсруулаад, УИХ-д өргөн барьсан. Зургадугаар сарын сүүлээр Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Харин Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль сугарч үлдсэн. Тухайн үед УИХ-ын гишүүдийн саналыг тусгаж, Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлж байж чуулган хаахын өмнөхөн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Одоо энэ намар гурван хууль батлагдана гэж найдаж байна. Хууль батлагдаасай гэсэн хүлээлт ч их бий. Хууль батлагдсаны дараа 40 гаруй журам гарах ёстой. Тэрхүү журам нь хуулийг хэрэгжүүлэх гол амин сүнс нь болдог. Хоёрдугаарт, өнгөрсөн хаврын чуулганаар татварын багц хуулийг баталсан бол ирэх оны төсвийг шинэ хуулийн хүрээнд боловсруулах байсан. Гэхдээ одоо бол хуучин хуулиар төсвийг боловсруулж байгаа ч шинээр багц хуулийн онцлог чанарыг тусгаж байгаа болов уу гэж найдаж байна.

-Татварын багц хуулийг уул уурхайн салбарт ээлгүй болсон гэх шүүмжлэл байсан. Харин та юу гэж харж байна вэ?

-Ээлгүй гэж хэлж болохгүй байх. Татварын ерөнхий хуулийг 1993 онд баталж байсан. Дараа нь 2007 онд нэг шинэчилсэн. Одоо 10 гаруй жилийн дараа дахин шинэчилж байна. Зах зээл хөгжиж байгаа учраас орчинд нь тохируулж шинэчилж байгаа юм. Ер нь багц хуулийг боловсруулахдаа тухайлсан салбар эсвэл тухайлсан лобби бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж хийдэггүй юм. Өнөөдөр манай уул уурхайн салбар ч жижиг, дунд, том гэж ангилагдана. Жижиг, дундын өнцгөөс харахад энэ хууль бол ашигтай. Харин уул уурхайн том том аж ахуй нэгж бол нийтийн өмчийг түр зуур ашиглаж байгаа гэдэг утгаар нь энд тодорхой хэмжээний механизм байх ёстой.

-Аж ахуй нэгжүүд татварын багц хуулийн төсөлд хэр зэрэг ам сайтай байна вэ?

-Миний мэдэж байгаагаар өргөн цар хүрээтэй хуулийн хэлэлцүүлэг энэ удаагийн татварын багц хуулийн хүрээнд л хийгдлээ. Багц хууль бол усыг нь шавхсан нэлээд ханатай болоод орж ирж байгаа шүү. Цаашид 40 гаруй журам дээрээ ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс хаврын чуулганы эхэнд багц хуулийг батлаасай гэж хүсч байна.

-Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль бол татвар, төсвийн амин сүнс юм. Татвар авах ёстой гээд аж ахуй нэгжээ хоослоод байж болохгүй. Тиймээс шинэ хуулийн төслөөр дамжуулж аж ахуй нэгжүүдийг хэрхэн дэмжиж байгаа вэ?

-Аж ахуй нэгж үүсч бий болдог, хөгждөг, мөхдөг. Манай танхимын үндсэн зорилго бол аж ахуй нэгжүүдийг идэр настай хэвээр нь урт удаан байлгах, зах зээл дээр удаан тоглогч байлгахад оршдог. Гэвч одоо хэрэгжиж байгаа хуульд хөнгөлөлт, чөлөөлөлт байдаггүй. Монголын зах зээл дээр 157 мянган компани байгаагийн бараг 90 хувь нь жижиг дунд буюу 1-9 хүнтэй ажилладаг. Дээрх нь сүүлийн 27 жилд хэдэн зуун мянган компани байгуулагдсан ч зах зээл дээр 30-40 мянган компани тоглолт хийдэг. Яагаад энэ олон компани хөгжихгүй байна вэ гэвэл манай татварын системтэй холбоотой. Өнгөрсөн 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын хуулиар 33 мянган аж ахуй нэгж 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээг ил гаргасан. Энэ нь ойролцоогоор 34 их наяд төгрөг юм. Манай ДНБ-ийг 27 их наяд гэж тооцдог. Гэтэл ДНБ-ээс хамаагүй их мөнгө хар зах зээл дээр эргэлдэж байсан. Тиймээс одоо үйлчилж байгаа татварын хууль бол аж ахуй нэгжийг ил тод, шударгаар өрсөлдүүлэхээс илүү далд болгоод, жижиг хэмжээтэй ажиллуулах систем рүү оруулчихсан. Аж ахуй эрхэлж байгаа хүн ажлын байр гаргасны төлөө шоронд орж, дарамтлуулж болохгүй.  Үүнийг шинэ хуульд шингээж өгснөөрөө онцлог байгаа юм.

-Аж ахуй эрхлэхэд санхүүгийн үйл ажиллагаа өндөр зардалтай байдаг. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Тийм шүү. Санал нэг байна. Компани болгон мэргэжлийн нягтлан бодогчтой байх ёстой. Компани болгон дөрвөн улиралд аудитаар ордог байх ёстой гэх мэт санхүүгийн зардал их гардаг. Тиймээс хялбарчилсан аргуудыг хэд хэдэн шаттайгаар оруулж, тусгасан. Ер нь татварын багц хуулиас хоёр зүйлийг харах ёстой. Нэгдүгээрт, шударга ёс тогтоож чадаж байгаа эсэх. Хоёрдугаарт, эдийн засгийн тоон үзүүлэлтийг өсгөж чадах эсэх. Би хувьдаа эдийн засагт хангалттай үр дүн авч ирнэ гэж найдаж байна. Яагаад гэвэл бид НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлж чадсан. Ингэснээр аж ахуй нэгжийн орлогын 70, 80 хувь нь бүртгэгдэж байна. Одоо араас нь хялбаршуулсан татварын систем ороод ирэхээр энэ хоёр чинь хослоод, эдийн засагт эерэг дүн авч ирнэ.

-Татварт өртэй аж ахуй нэгжүүдийн дансыг хаасан хэрнээ “татвараа төл” гээд шаардаад байдаг. Энэ нь хэр зөв зүйтэй үйлдэл вэ. Аж ахуй нэгжүүдээс энэ чиглэлийн гомдол их ирдэг гэсэн?

-Орлого олж байгаа эх үүсвэрийг хэзээ ч зогсоохгүй байх нь төр болон шүүхийн баримтлах зарчим байх ёстой. Манайх энэ зарчмыг мэддэггүй. Орлогын эх үүсвэрийг хаачихаад мөнгө нэхээд байдаг. Тиймээс татварын багц хуульд орлогыг хаахгүй байх зохицуулалт орсон. Өмнө нь татварын акт тавигдсан компанийг гурван сар хараад, дансыг нь хаадаг байсан.  Одоо бол 24 сар боломж олгож байгаа. Татвар авагч талаас бизнес эрхлэгчийн үйл ажиллагааг нэг секунд ч зогсоохгүй байх ёстой.  Энэ хандлагыг бий болгохын тулд алхам алхмаар ахиж л байна.          

-Татварын гурван хуулиас гадна НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Хуульд ямар гол өөрчлөлт орж байгаа вэ?

-Технологийн шинэчлэлтэй холбоотойгоор шинэ заалт орж ирж байгаа. Энэ удаагийн татварын багц хуулийн ачаар татварын систем иргэнд очиж байгаа.  Татвар төлөөд, эрх чөлөөгөө хасуулдаггүй байх философи шингэж өгсөн.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж