Мьянмар дэлхий нийтээс юу нуухыг хүсэв?

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Мьянмар дэлхий нийтээс юу нуухыг хүсэв?

-Мьянмарын шүүхээс улсын нууцыг задруулсан хэрэгт тус улсын харьяат хоёр сэтгүүлчийг долоон жил шоронд хорих ялаар шийтгэжээ-

Мьянмар дэлхий нийтээс юу нуухыг хүсэв?

Зүүн Өмнөд Азийн хаагдмал, буурай орон Мьянмар улс “Reuters” олон улсын мэдээллийн агентлагийн хоёр сэтгүүлчийг шоронд хорих ялаар шийтгэсэн нь шүүмжлэлийн бай болов. Мьянмарын шүүхээс улсын нууцыг задруулсан хэрэгт тус улсын харьяат хоёр сэтгүүлчийг долоон жил шоронд хорих ялаар шийтгэжээ. Сэтгүүлчдийг исламын шашны олонх суурьшсан Рахинэ мужид болсон хүчирхийллийн талаар мэдээлэл, баримт цуглуулах явцдаа цэргийн дэглэмийн үед баталсан Албаны нууцын хуулийг зөрчсөн гэж буруутгасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр сэтгүүлчдийг баривчлахын тулд цагдаагийн газраас урхи тавьсан аж. Тэднийг Рахинэ мужид исламын шашны цөөнхийг олноор нь хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл нийтлэхээс өмнө ийн баривчилжээ. НҮБ, АНУ болон Барууны орнуудын зүгээс энэ хэрэгт Мьянмарыг эрс буруушааж байна.

Рахинэ мужид оршин суух рохинжа үндэстний эсрэг өнгөрсөн оны наймдугаар сард Мьянмарын арми цэргийн ажиллагаа явуулснаас 700 мянга гаруй хүн хөрш орнууд руу дүрвэсэн юм. Энэ хэрэгт НҮБ-ын зүгээс Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чид шахалт үзүүлсэн ч нэмэр болоогүй юм. Ан Сан Су Чи 21 жилийн 15-ыг нь гэрийн хорионд өнгөрөөсний эцэст 2010 онд суллагдаж, өнгөрсөн онд Мьянмарын засгийн газарт албан тушаал хашиж эхэлсэн юм. Олон улсын зүгээс түүнийг албан тушаалаа ашиглан Мьянмарын хүний эрх, ардчиллын төлөө ажиллана хэмээн харж байсан ч исламын шашинтнуудын эсрэг цэргийнхний гэмт хэргийн эсрэг ганц үг дугараагүй юм. Өдгөө 72 настай Ан Сан Су Чи өнгөрсөн онд хийсэн мэдэгдэлдээ Мьянмар улсад тохиолдож байгаа олон асуудал дотроос ганцхан муслим цөөнхийн асуудалд дэлхий нийтээрээ хэт анхаарал хандуулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Мьянмарын баруун хязгаарт амьдардаг 1 сая гаруй рохинжа үндэсний цөөнхийг тус улс иргэнээ гэж үздэггүй ба нийгмийн бүх үйлчилгээнээс тусгаарлаж, хүний наад захын эрх чөлөөг нь боомилдог ажээ. Буддын шашинтнууд голлодог хүн амынх нь дунд “Islamophobia” буюу мусульман хүмүүсийг гадуурхах үзэл хүчтэй байдаг юм. Улмаар өнгөрсөн оны зургадугаар сараас хойш исламын шашинт иргэдийн орон гэрийг шатаах, дээрэмдэх зэргээр тэдний эсрэг гэмт хэрэг гарах болжээ. Үүний эсрэг  “Рохинжуудыг аврах  Араканы арми”-ийн босогчид өс авах дайралт хийсэн  шашин хоорондын мөргөлдөөнийг өдөөснөөр барахгүй Мьянмарын арми тус бүс нутагт террористын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад хүргэсэн юм. Цэргийн ажиллагааны үеэр олон зуун мусульман шашинтан амь үрэгдэж, хэдэн мянгаараа хөрш орнууд руу дүрвэжээ. Өмнө нь тус бүс нутагт шашин хоорондын мөргөлдөөн 2012, 2015 онд гарч байв.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж