Эхчүүдийн амиа хорлохыг завдсан шалтгаан юу байв?

Хуучирсан мэдээ: 2018.09.04-нд нийтлэгдсэн

Эхчүүдийн амиа хорлохыг завдсан шалтгаан юу байв?

-Тэд амиа хорлосон бол зургаан хүүхэд өнчрөх байлаа-

Эхчүүдийн амиа хорлохыг завдсан шалтгаан юу байв?

Цалингаа өгөөгүй гэх шалтгаанаар хоёр эмэгтэй 16 давхраас үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 16 давхар барилгын дээрээс Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 31 настай А, 34 настай Л нар 2018.08.31-ний өдөр оройн цагаар  амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Тэд “Буман” компанийн барилга дээр энэ оны гуравдугаар сараас эхлэн ажилласан ч огт цалин өгөөгүй гэх шалтгаанаар амиа хорлох гэж байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр дээрх эмэгтэйчүүд өрх толгойлсон, тус бүр гурван хүүхэдтэй аж. Тэд “Хичээлийн шинэ жил эхэлж байхад хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж чадахгүй, ямар ч мөнгөгүй байна. Гурван сараас хойш цалин хөлсгүй тасралтгүй ажилласан учраас гомдолтой байна. Аргаа бараад амиа хорлох үйлдэл хийсэн” хэмээн ярьжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн алба хаагчид хэргийг шалгах явцад тухайн гүйцэтгэгч компанийн нягтлантай уулзжээ. Ингэхдээ эмэгтэйчүүдийн цалин хөлсийг нөхөн олгож, тус бүр таван сая төгрөгийг тус компаниас гаргуулсан гэх мэдээлэл байна.

ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВСАН

Амиа хорлохыг завдсан гэх иргэн н.Алтанцэцэгээс дараах зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Бисон ХХК-д гурван сараас хойш ажилласан. Тэгээд цалингаа аваагүй болохоор бухимдалтай явж байсан. Бид нар техникийн давхарт ажил хийдэг байсан юм. Тэгээд дээшээ гарсан чинь биднийг амиа хорлох гэж байна гээд цагдаа дуудсан байсан. Цалингаа өнөөдөр авсан” гэх мэдээллийг өглөө.

Бид энэ асуудлаар “Буман залуус” хорооллын захиалагч “Пирамид орд” ХХК руу холбогдож тодрууллаа. Тус компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, “Буман залуус” хорооллын барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй "Бисон" компани ажилчдынхаа цалинг тавиагүй удсанаас болж ийм асуудал үүссэн. Манай компанитай ямар ч холбоогүй. Туслан гүйцэтгэгч компани 50 гаруй хүнтэй тэрний дотор яагаад тэр хоёр хүний цалинг өгөөгүйг бид мэдэхгүй. Тус компанийн зүгээс уржигдар /2018.09.02/ ирээд манайхаас уучлал хүссэн. Мөн өнөөх хоёр эмэгтэй ирээд явцгаасан. Бид ажлынхаа хөлсөнд өнөөдрийг хүртэл тэрбум гаруй төгрөгийг гүйцэтгэгч компанид өгсөн болохоор цалингаа тавьсан байх. Тэгэхээр манай компанитай холбоогүй, тухайн өдөр ажлын цаг тарсны дараа дээшээ гарсан юм билээ. Тэр хүмүүсийг буруутгах арга байхгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж