Хадлангийн бэлтгэл хэдэн хувьтай явааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Мал аж ахуйн салбарын эрсдэл, гамшгаас хамгаалах бодлого зохицуулалт, нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодруулаа.
-Ургаж хураалтын төлөвлөгөө хэдэн хувьтай явна вэ?
-Одоогоор аймаг, орон нутагт хадлан бэлтгэлийн ажил ид өрнөж байна. Энэ жил бэлчээрийн ургамлын ургац харьцангуй сайн байгаа. Тухайлбал, бэлчээрийн ургамлын ургалт наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд буюу Ховдын ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн зарим сумдад дунд, Увс аймгийн зарим нэг сумдын нутгаар муу байсан. Эндээс дүгнэхэд нэг га талбайгаас дунджаар 6-16 центр хадлан бэлтгэж, улсын хэмжээнд нэг сая тонноос дээш хадлан бэлтгэх боломжтой гэж үзэж байна. Энэ оны ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хангалттай байхаар байна.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг идэвхжүүлэх ямар ажил хийж байна вэ?
-ХХААХҮЯ-наас орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахаар “Хадлан тэжээл-2018” болзолт уралдаан зарлаад байна. Уралдаанд өвөлжилтийн бэлтгэл хангахад байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэхээс гадна отор нүүдэл, мал эмнэлгийн арга хэмжээг сайн зохион байгуулсан, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ авсан зэрэг үзүүлэлтүүдээр өвөлжилтийн бэлтгэлийг хамгийн сайн хангасан аймгийг 15 сая, сумыг 10 сая, малчдын бүлгийг (хоршоо, фермерийг) гурван сая төгрөгөөр урамшуулна.
Холбоотой мэдээ