Азийн наадамд оролцсон Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг ривал Японы шигшээ багийг нэмэлт цагт 2-1 харьцаатай хожиж Азийн наадмын алтан медаль хүртлээ. Тоглолтын эхний гоолыг Италийн Верона клубт данстай Ли Сун-Во оруулсан бол дараагийн гоолыг Хван Хэ-Чан оруулж Өмнөд Солонгосчууд 2-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Харин тоглолт өндөрлөхөөс ердөө 5 минутын өмнөд Японы багаас А.Уеда нэг гоол оруулсан ч энэ нь тоглолтын үр дүнг өөрчлөх хэмжээнд байсангүй. Ийнхүү Өмнөд Солонгосын шигшээ баг Азийн наадмын аваргын алтан медаль хүртэж багийн тамирчид цэргийн албанаас чөлөөлөгдөх эрхтэй болсон.
Ялангуяа энэ ялалт нь Өмнөд Солонгосын шигшээ баг болон Английн Тоттенхэм Хотспур клубийн довтлогч Сон Хын-Минд баяртай үйл явдал болж байна. Тэр Инчоны Азийн наадамд алтан медаль хүртсэн багтаа тоглож чадаагүй байсан бол Жакартад зөвхөн алтан медалийн төлөө ирэн шигшээ багаа удирдан тоглож амлалтдаа хүрч чадлаа. Ингэснээр Сон Хын-Мин цэргийн албанаас чөлөөлөгдөж баг төдийгүй хөгжөөн дэмжигч нараа баярлуулаад байна. Өмнөд Солонгост 35 нас хүртэлх насны бүх эрчүүд цэргийн албанд татагддаг. Харин олимпын наадам болон Азийн наадамд алтан медаль хүртсэн тамирчид цэргийн албанаас чөлөөлөгдөх эрхтэй ажээ.
Азийн наадмын хөлбөмбөгийн багт 23-аас доош насны тоглогчид бүрдүүлдэг ба 23-аас дээш насны 3 тоглогч орох боломжтой. Үүний дагуу Английн Тоттенхэм Хотспур клубын 26 настай довтлогч Сон Хын-Мин Азийн наадамд оролцсон шигшээ багтаа багтаад байсан юм.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ