Их дээд сургуулийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Их дээд сургуулийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэхийг шаардав

Их, дээд сургуулийн оюутны холбоод нэгдэн БСШУСЯ-нд шаардлага хүргүүлэхээр боллоо. Тэд  өнөөдөр /2018.09.03/  мэдээлэл хийхлээ  их, дээд сургуулийн оюутны төлөөллүүд төлбөр үндэслэлгүйгээр нэмэгдсэн асуудлыг эсэргүүцэж байгаагаа мөн  илэрхийлэв. Тухайлбал,   2018-2019 оны хичээлийн жилд Монгол Улсын их сургууль /МУИС/ 11.900-19.200 төгрөгөөр, Шинжлэх, ухаан, технологийн их сургууль 12.000 төгрөгөөр тус тус нэг кредит цагийн төлбөрөө нэмсэн байна.

Энэ талаар МУИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Мандах “МУИС-ийн төлбөрийн нэмэгдлийн асуудлаар зургадугаар сарын 6-нд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар дараа санал оруулж тэмцсэн. Хамгийн сүүлд буюу наймдугаар сарын 24-нд тайван жагсаалыг зохион байгуулсан. Тухайн үед өгсөн албан шаардлагынхаа хариуг одоо хүртэл аваагүй байна. Төлбөрийн нэмэгдэл хамгийн доод тал нь 20 хувиар нэмэгдсэн байна. Бусад сургуулиас хамгийн өндөр нэмэгдсэн нь энэ болж буй юм. Энэ ачаа эцэг эхчүүдийн нуруун дээр очно” гэв.

Харин МУИС-ийн оюутны холбоо, оюутны конгрессийн тэргүүн Г.Сайнбилэг хэлэхдээ “Их дээд сургуулиуд жил бүр төлбөрөө нэмэгдүүлдэг. Ингэхдээ оюутнуудтайгаа зөвшилцсөн гэсэн асуудлыг хүргэсэн байсан. Бодит байдал дээр тийм биш. Иймд сургалтын төлбөрийг ямар шалтгаанаар хэдэн хувиар нэмж байгаагаа зөвшилцөж байж утга учиртайгаар нэмдэг тогтолцоог бий болгохыг хүсч байна. Энэ үүднээс их дээд сургуулиуд нэгдэн нийлж зөвшилцөх хөдөлгөөнийг байгуулсан. Яамны сайд нь арваас дээш хувиар нэмэгдүүлэхгүй байхыг анхааруулаад байхад, үл тоож 45 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь боловсролын салбар гажуудаж байгаагийн нэг илрэл. Мөн холбогдох яам, тамгын газруудад дараах найман шаардлагыг хүргүүлж байгаа” гэсэн юм.

Тухайлбал,

  1. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдлийг бууруулах, төлбөрийн нэмэгдлийн асуудлаар тухайн сургууль оюутнуудтайгаа зөвшилцдөг байх тогтолцоог үүсгэх
  2. Тухайн сургууль элсэгчдэдээ дараа дараагийн жилүүдэд ямар өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийх гэж байгаагаа мэдээлэх, төлбөрийн нэмэгдлийн талаар эцэг эхчүүдийн дуу хоолойг сонсдог байх
  3. Тухайн сургуулийн удирдах зөвлөлийн оюутны төлөөллийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. /МУИС-д өмнө нь дөрвөн оюутан байсан бол одоо ганцхан болсон/
  4. Төрийн өмчит сургуулиудад төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Яагаад гэвэл хувийн их дээд сургуулиуд элсэгч татахын тулд төлбөрөө огцом нэмдэггүй. Харин төрийн өмчийн сургууль үүний эсрэг ажиллаж байна.
  5. Ёс зүйн алдаа гаргасан багш ажилчдад хатуу хариуцлага тооцдог байх
  6. Их, дээд сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд боловсролын салбар болон хөдөлмөр зах зээлийн уялдаа холбооны талаар нарийвчилсан судалгааг холбогдох яам тамгын газрууд гаргаж байх шаардлагатай байна.
  7. Дэлхийн болон Азийн топ сургуулиудад тэнцэж багтсан оюутан олгодог байсан тэтгэлгийг эргэн сэргээх шаардлагатай байна.
  8. Их дээд сургуулиудын хичээл аравдугаар сарын 1-нээс эхэлдэг байх шаардлагатай байна. Энэ талаар холбогдох байгууллагууд судалгаа хийж танилцуулахыг санал болгож байна. Оюутнууд аравдугаар сар хүртэл хөдөлмөр эрхэлж сургалтын төлбөрөө олох боломжтой гэж харж байгаа үүднээс энэ саналыг тавьж буйгаа илэрхийллээ. Мөн ингэснээр есдүгээр сард үүсдэг түгжрэл ар арилна хэмээн харж байгаа аж.

Э.БУРАМ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж