МУИС-ийн 76 дах хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд МУИС-ийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ШУТС-ийн захирал Д.Энхжаргал, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Баяр, МУИС-ийн ТУЗ-ийн дарга С.Мөнхбат зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.
Хичээлийн шинэ жилийг нээж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Бид та бүхэнд сургалтын таатай орчин, дотооддоо болон олон улсад магадлан итгэмжлүүлсэн сургалтын хөтөлбөрүүд, эх орондоо хийгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн багш, профессоруудаараа чанартай боловсролыг олгох болно. Харин оюутан та бүхэн минь өөрийгөө дайчлах, хичээх л үлдэж байна. Та бүхэн ч бас бүс нутгийн, дэлхийн шилдэг оюутнууд байх учиртай” хэмээн онцлов.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, МУИС-ийн эмирет профессор, академич С.Нарангэрэл нар үг хэлсэн юм.
Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар оролцсон МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны тэргүүн Ж.Жавзандулам, Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл, Ардын багш, доктор, профессор Г.Шилагарди, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ардын багш, доктор, профессор С.Дулам, МУИС-ийн отгон гавьяат багш, доктор, профессор Х.Цоохүү нарт хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.
Түүнчлэн МУИС-ийн ХШУИС-ийн захирал, доктор Н.Баатарбилэгт “Past and Future drought in Mongolia” сэдэвт бүтээлээрээ 2018 оны “Шинжлэх ухааны нээлт, эрдэм шинжилгээний шилдэг бүтээл” шагнал хүртсэнийг гардуулав.
Мөн МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 21 оюутанд тэтгэлгийг гардууллаа.
Ийнхүү МУИС-д шинээр элсэн орсон оюутнууд “Оюутны тангараг” өргөж, ЭЕШ-д 800 оноо авч МУИС-д элсэн оролцсон оюутны төлөөлөл хичээлийн жилийн анхны хонхоо цохьсноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Эх сурвалж: МУИС
Холбоотой мэдээ