Монгол улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь хүнсний хэрэглээндээ зориулалтын бус хуванцар савыг өргөн хэрэглэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шинжилгээгээр зориулалтын бус хуванцар саванд ус хонуулахад усан дахь найрлаганд өөрчлөлт орж байх ёстой хэмжээнээсээ төмөр хоёр дахин их, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ.
Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” 2016-2020 онд хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг өрхийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хадгалдаг зориулалтын бус хуванцар савны тоог 50 хувь бууруулж 1-2 ширхэг болгох, хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэг бүхий хэрэглэгчдийн хувийг 22 хувиас 50 хувь болгож нэмэгдүүлэх зорилтуудыг тавьсан.
Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан зурагт хуудсыг байршуулах, эрүүл мэндийн хичээлийн хэрэглэгдэхүүн болгон хэрэглүүлэхээр 21 аймаг, 9 дүүрэгт нийт 5500 ширхэг мэдээлэл, сурталчилгааны материал тараасан.
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн УИХ-ын Байнгын хорооны хурлын шийдвэрээр тус мэдээллийн хуудсыг бүх сургууль, цэцэрлэгт 2018-2019 оны хичээлийн жил эхлэхэд хүргүүлсэн байх, хэрэгжилтийг танилцуулах үүрэгтэй юм.
Эх сурвалж: НЭМҮТ
Холбоотой мэдээ