Оросын хөлбөмбөгийн холбоо легионер тамирчидтай рублиэр тооцоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

Оросын хөлбөмбөгийн холбоо легионер тамирчидтай рублиэр тооцоо хийнэ

ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо үндэсний  хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Италийн мэргэжилтэн Фабио Капеллогийн цалин хөлсийг олгож чадахгүйд хүрсэнтэй холбогдуулсан тус улсын зарим хууль тогтоогчид цаашид алдаанаасаа суралцан гадаадын тамирчидтай валютийн гэрээ бус, зөвхөн рублиэр цалин хөлсийг нь олгох тухай  санал санаачлагыг дэвшүүлж эхэлсэн байна. Ам доллар, евротой харьцах рублийн ханш огцом унасан, хөлбөмбөгийн холбоо санхүүгийн бэрхшээлтэй учирсан зэргээс үүдэн  зөвхөн Капеллод л гэхэд одоогийн байдлаар 7 сая еврогийн өртэй болоод байгаа юм. Оросын хуулиар зөвхөн рублийг үндэсний валютаар тооцож гүйлгээ хийхийг заасан боловч хөлбөмбөгийн холбоо бусад улсын иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гадаад улсын валютаар цалин хөлсийг олгох тухай гэрээ хийснийг ёс зүйн, мэргэжлийн, хуулийн алдаа гэж сөрөг хүчний төлөөлөгчид үзэж байгаа  юм байна. Оросын хөлбөмбөгийн аварга шалгаруулах  тэмцээнд оролцож  байгаа нийт 16 багт 396 тоглогч тоглож байгаагийн 44,4 хувь нь буюу 176 нь гадаадын легионер тоглогчид  байгаа юм байна. Тэдгээр тоглогчид нь мэргэжлийн ур чадвараасаа хамаарч 10,000 еврогоос 1 сая еврогийн цалингийн гэрээтэй байгаа юм байна. Жишээ татахад, Локомотив багийн тоглогч Мароккогийн  иргэн Мубарак Буссуфа л гэхэд жилийн 3,9 сая евро, Бразилийн тоглогч Халк 7 сая, Мадридийн Реалаас өдгөө Зенитэд тоглож байгаа Хавт Гарсия л гэхэд жилийн 4,5 сая еврогийн  цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Дээрх 16 клуб цалин хөлсийг олгохдоо 1ам долларыг 45 рублиэр, 1 еврог 55 рублиэр тооцох тухай  харилцан ойлголцолын санамж бичгийг байгуулсан юм байна. Гэтэл одоогийн  зах зээлийн ханшаар 1 евро 63,6 рубль хүрээд байгаа учир валютийн ханшийн зөрүүнээс гарах алдагдлаас  цаашид сэргийлэх  үүднээс легионер тоглогчидтой зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хөдөлмөрийн хөлсийг олгох заалт бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.

Эх сурвалж: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж