Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр хийдэг “Ил тод уурхай” хэвлэлийн бага хурлаа хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа тоон үзүүлэлтийг танилцууллаа.
АЛТНЫ ОЛБОРЛОЛТ 2,6 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
2018 оны эхний долоон сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс, 764.4 мянган тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мянган тонн молибдений баяжмал, 1.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 46.8 мянган тонн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мянган тонн катодын зэс үйлдвэрлэсэн байна. Энэ тоо үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 (1.3 хувь) мянган тонн, алт 236.9 (2.6 хувь) кг, хайлуур жоншны баяжмал 11.7 (40.5 хувь) мянган тонн, цайрын баяжмал 0.8 (1.7 хувь) мянган тонноор тус тус өссөн байна. Харин нүүрс 1.1 (3.8 хувь) сая тонн, молибдены баяжмал 159.4 (4.9 хувь) тонн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (хоёр хувь) мянган тонн, газрын тос 473.7 (10.7 хувь) мянган баррель, катодын зэс 324.4 (3.7 хувь) тонноор тус тус буурчээ. Мөн 2018 оны наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 119, Аи-92 автобензин 25, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн тус тус нөөцтэй байна.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 30 хувийг IPO гаргах асуудлаар ажлын хэсэг байгуулан, бэлтгэл ажлыг хийж байна. Ажлын хэсгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” IPO хийх ажлын хүрээн авто зам, төмөр зам, усан хангамж, техникийн хэсгийн шинэчлэл, нүүрс угааж, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийх ажил хийгдэж байгаа юм байна.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
– УИХ, АТГ, Аудит, Засгийн газар гээд дөрвөн шалгалт “Оюутолгой” төсөл дээр хийгдэж байгаа. Энэ нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх юм биш үү. Зарим хүмүүс Оюутолгойг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон?
-“Оюутолгой” төсөл бол Монголын төсөл. Энэ уурхайн үйл ажиллагааг зогсоох, тасалдуулах бодлого байхгүй. Ялангуяа Оюутолгой төслийн далд уурхайн ажлыг зогсоохгүй. “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажил эрчимжиж байгаа энэ үед өмнө нь хэрэгжүүлж байсан тос төслөө зогсооно гэдэг бол байж боломгүй. Мэдээж, засч, залруулах зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг УИХ-аас гарсан ажлын хэсэг шалгаж, намрын чуулганаар хэлэлцэх байх. Засгийн газар болон УУХҮ-ийн яамны зүгээс энэ төслийг үргэлжлүүлээд явна.
-“Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн гэсэн мэдээлэл яваад байгаа. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?
-“Эрдэнэт” үйлдвэрийн өр төлбөрийн асуудалд Засгийн газар шуурхай ажиллаж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийг яагаад яамны харьяанд авсан юм бэ. Зорилго нь юу байх вэ. Бас хувьцаа эзэмшил нь Уул уурхайн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар байна гэсэн яриа гараад байгаа?
-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн эрх үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн эрх үүргийг төлөөлж, ийм шийдвэр гаргасан. УИХ-ын 73-р тогтоолын дагуу ажлууд үе шаттайгаар хийгдэж байгаа ажил. Компанийн засаглал олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ шаардлагын дагуу л олон улсын стандарт, хууль эрх зүй, санхүүгийн талаас нь бие даасан байдлыг бий болгохоор ажиллаж байна.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байгаатай холбогдуулан шатахууны үнэ нэмэгдээд байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Шатахууны үнэ дотоодын хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр нэмэгдэж байна. Тиймээс Сангийн яамтай хамтран дотооддоо шатахууны үнэ өсгөхгүй байх тал дээр олон хувилбар дэвшүүлж судалж байна. Өнөөдрийг хүртэл шатахууны Онцгой албан татварыг тэглэж ирсэн. Дотооддоо үнэ нэмэгдэхгүй байх талаас нь хувилбаруудыг ярина. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөсөн.
-ОХУ, Хятадын талаас Монгол Улсаар хийн хоолойг дамжин өнгөрүүлэхээр болсон гэх мэдээлэл гарах боллоо. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх нь эдийн засгийн хувьд ч үр ашигтай гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. ШХАБ-ын уулзалтаар ОХУ-ын талаас эдийн засгийн талаас нь судлах чиглэл ирсний дагуу Монголоор дамжуулах асуудлыг ярих байх. Энэ асуудлыг ҮАБЗ-өөр ярьж шийдвэр гарах байх.
-“Эрдэнэс Тавантолгой” хувьцааг амь оруулах асуудал олон жил яригдаж байгаа. Яг хэзээ иргэд хувьцааныхаа ашгийг хүртэх вэ?
-Хувьцааны үр шимийг хүртэх хугацаа тун ойрхон ирсэн.
Ш.ЧИМЭГ