Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдгээрт хамтын ажиллагааны талбар бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 6-9-нд “Мишээл экспо” төвд болно.
МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнгийн энэ жилийн онцлог нь оролцогч аж ахуйн нэгж, сонирхсон үйлчлүүлэгч бүрт банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх компаниуд үнэ төлбөргүй бизнесийн зөвлөгөө өгч, B2B уулзалтуудыг зохион байгуулж буйд оршиж байна..
Үзэсгэлэнд хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн 80 гаруй аж ахуйн нэгж, компани оролцох бөгөөд ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, гар урлал, бэлэг дурсгал, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, уул уурхайн ханган нийлүүлэлт, мэдээллийн технологи, техник хэрэгсэл болон үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүний шинэлэг төрлүүдийг дэлгэн танилцуулах юм. Мөн Тайванийн 10 гаруй аж ахуйн нэгж оролцож, эмнэлгийн болон цахилгаан тоног төхөөрөмж, хүнс, гоо сайхан, жижиг, дунд үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжөө танилцуулна. Мөн үеэр оролцогч аж ахуйн нэгжүүд хямдрал, урамшуулал, сугалаат худалдаа явуулах юм.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс 15 номинацаар шалгаруулна. Эдгээр нь Онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүн, Онцлох экспортын бүтээгдэхүүн, Шилдэг импортын бүтээгдэхүүн, Импортыг орлох онцлох хүнсний бүтээгдэхүүн, Дэвшилтэт технологи ноу хау нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, Дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд, Олон улсын стандарт хэрэгжүүлэгч, Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, Grand Prix гэх мэт номинац байна.
"Улаанбаатарын Түншлэл-2018" үзэсгэлэнг зохион байгуулснаар ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих, сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Эх сурвалж: ULAANBAATAR.MN
Холбоотой мэдээ