Догдлол, доголон нулимстай ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Догдлол, доголон нулимстай ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

-Нийслэлд төрийн өмчийн ерөнхий боловсролын 134 сургууль үйл ажиллагаа явуулдгаас 12 сургуулийн багш нар ажил хаяжээ-

Догдлол, доголон нулимстай ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

Багш нар хичээл хаяна гэв үү…? Өчигдөржингөө л олон нийтийн сүлжээнд эцэг, эхчүүд бие биеэсээ асууж сураглав.  Есдүгээр сарын 1 Бямба гаригт таарсан учраас есдүгээр сарын 3-нд улс орон даяар сургууль, цэцэрлэгүүд эздээ хүлээж авахаар болсон. Гэвч, Засгийн газрын цалингийн нэмэгдэл багш нарт нь таалагдаагүйгээс хүсэн хүлээсэн өдрөө ангидаа орж чадалгүй зарим хүүхэд гэрээдээ доголон нулимстай буцжээ. Гэхдээ сэтгэл гонсгорхон харьсан хүүхдүүд тийм ч олон биш.  Учир нь хичээл хаяхыг шаардсан төрийн бус байгууллагын уриалгад автсан багш нарын тоо зунжин хүлээсэн шавь нараа угтан баярлах багш нарынхаас олон биш байв.

12 СУРГУУЛЬ АЖИЛ ХАЯЖЭЭ

Нийтдээ 12 сургууль ажил хаясныг БСШУСЯ-наас онцолж байна. Бусад нь хүүхдүүдээ хүлээн авч хичээлээ заагаад эхэлж.  Нийслэлд төрийн өмчийн ерөнхий боловсролын 134 сургууль үйл ажиллагаа явуулдгаас 12 сургуулийн багш нар ажил хаялт зарлаж, сурагчдаа хүлээн авахгүй байгаа юм. Үүнд Баянгол дүүргийн 93 дугаар сургууль, “Эрдмийн өргөө”, Баянзүрх дүүргийн 79, 84, 97, 102, 120, “Амгалан”, Хан-Уул дүүргийн 34, 41, 118 дугаар сургууль багтаж байна.

Хичээлдээ суухаар ирсэн ч сургууль нь эл хуль угтсан Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн сурагч Б сэтгэл гонсгорхон байгаагаа нуусангүй. Хичээлд орохоо хүлээж, зуны гурван сар санасан ангийн найзууд, багш нартайгаа уулзахаар яаран яаран иртэл урдаас нь ажил хаясан тухай дуулгасан гэнэ.  Сурагч Б шиг хичнээн хүүхдүүд догдлон ирээд доголон нулимстай буцсаныг багш нар мэдэх болов уу даа. Уг нь хичээлийн анхны өдөр дурсамж дүүрэн өнгөрдөг. Багш, сурагчид бие биеэ саначихсан байдаг болохоор хамгийн гэгээлэг, хамгийн их хүсэн хүлээдэг өдөр хичээлийн анхны өдөр. Хэзээ ажил хаялтаа зогсоох вэ гэдэг асуултад МҮЭХ-ныхон ч хариулж мэдэхгүй сууна. Харин сурагчид багш нараа хэдийд хичээл заахыг, сургуулиа үүдээ  хэзээ нээхийг өнөөдрөөс тоолж эхэллээ.

Харин нийслэлийн 33 дугаар лаборатори сургуульд дуу, шуугианаар дүүрэн угтав. Эздээ хүлээж авсан сургууль нэг л дотно, догдлол дүүрэн.

I АНГИД 340 ГАРУЙ СУРАГЧ ЭЛССЭН

Сургуулийн урд нэгдүгээр ангийн сурагчид эгнээ болон жагсжээ. Сурагчид  сэтгэл нь хөөрсөн бололтой хөгжин, инээлдэх нь хүүхэд насны дурсамс сэдрээх. Сургуулийн бага ангийн сургалтын менежер Н.Нарантуяагаас тус сургуульд энэ жил хэдэн сурагч шинээр элсч байгааг тодруулахад “2018-2019 оны хичээлийн жилд 33 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн долоон бүлэгт 340 гаруй сурагч элссэн. Бид есдүгээр сарын 1-нд хичээлийн нээлтээ хийсэн бол өнөөдөр хичээлээ эхэлж байна. Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар наймдугаар сарын 20-30-нд нэгдүгээр ангийн сурагчдаа бүртгэсэн. Ингэхдээ харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн III хорооны хүүхдүүдийг хамруулсан” гэлээ.

АЖИЛ ХАЯАГҮЙ БАГШДАА БАЯРЛАЛАА

Тус сургуулийн 2В ангиар зочлов. Ангидаа 51-үүлээ бөгөөд бүгд хичээлдээ иржээ. Хичээл тарсан тул сурагчид дэврээ цүнхлээд, зуны амралтаа хэрхэн өнгөрүүлснээ найзууддаа ярихаар яарч байлаа. Өглөө 08.00 цагт эхэлсэн хичээл 11.00 цагт тарж байгаа шалтгааныг ангийн багшаас лавлахад “Сурагчид хичээлд суулгүй удсан тул олон цагаар суулгахаар уйдаад, залхах талтай байдаг юм” гэлээ. Бусдаас урьтаж 2В ангийн сурагч Б.Намуун зуны амралтаараа юу хийснээ хуваалцав. Тэрбээр “Зуны амралтаа хөдөө өвөөгийндөө өнгөрүүлсэн. Бас дугуй унасан. Аав, ээжийн хамаатнууд ирэхэд нь хамтдаа усанд сэлсэн” гэлээ. Зурагтаар багш нар ажил хаяна, хичээл орохгүй гэдгийг сонсох ямар санагдсаныг асуухад “Манай ангийн тал нь миний найзууд. Хичээл орохгүй, найзуудтайгаа уулзаж чадахгүй гэхээр надад маш “муухай” санагдаж байсан. Хичээлдээ ирээд багшийгаа, найзуудаа хараад “аймаар” баярласан. Ажил хаялгүйгээр хичээлээ зааж байгаа багшдаа баярлалаа” гэв.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЖ БАЙХАД АЖИЛ ХАЯХ НЬ ЗОХИМЖГҮЙ

Ангийн багш Ш.Батцэцэгээс зарим сургуулийн багш нар ажил хаяж байгаад ямар байр суурьтай байгааг тодруулахад “Бидний цалин амьдралд маань хүрэлцдэггүй ч хичээлийн шинэ жил эхэлж байгаа тул ажил хаях нь зохимжгүй санагдсан. Яагаад гэхээр, эцэг, эхчүүд, хүүхдүүд энэ өдрийг хүсэн хүлээсэн. Гэхдээ багш нар цалин нэмэх асуудлыг өнгөрсөн жилээс эхлэн тавьсан. Энэ асуудал тодорхой шийдэлд хүрч чадалгүй явсаар өдийг хүрлээ. Хичээл эхлэхээс өмнө цалинг бага хэмжээгээр нэмсэн ч санаанд хүрээгүй тул багш нар ажил хаяж байгаа нь буруу зүйл биш. Харин манай сургуулийн багш нар зөвлөлдөөд, сурагчдаа бодолцоод ажил хаяхгүй байх шийдвэр гаргасан юм. Мөн “Цаашид ажил хаях эсэхээ мэдэхгүй байна. Багш нартайгаа зөвлөлдөөд гаргасан шийдвэрийг дагана” гэлээ.

ЦААШИД ХЭРХЭХИЙГ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ

Нийслэлийн 33 дугаар лаборатори сургуулийн захирал Н.Энхбатаас цаашид сургууль үйл ажиллагаагаа хэвийн явуулах эсэхийг тодрууллаа. Тэрбээр “Манай сургуульд 81 бүлгийн 3600 сурагч сурч байна. Эдгээр сурагчид 175 багш, ажилчид үйлчилнэ. Одоогоор манай сургуулийн багш нар ажил хаялгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Хичээлийн шинэ жилийн нээлтээ есдүгээр сарын 1-нд хийсэн бол өнөөдөр хичээлээ эхэлж байна. Цаашид хэрхэхийг хэлж мэдэхгүй юм. Одоогоор манай сургуулийн багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо энэ талаар мэдэгдэл ирүүлээгүй. Багш нарын цалин бага байгаа нь үнэн. Одоогоор багш нарын цалин найман хувь нэмэгдсэн ч цаашид илүү нэмэгдээсэй гэж багш нар хүсч байгаа. Манай багш нар ажил хаялгүй, хичээлээ эхэлсэнд багш, сурагч, эцэг эхчүүд бүгд баяртай байна” гэв.

Тус сургууль энэ жил хоёр ээлжээр хичээллэх гэнэ. Учир нь, Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн барилгыг шинээр барьж байгаа тул тус сургуулийн IV, V ангийн 10 бүлэг 33 дугаар лаборатори сургуульд хичээллэж байгаа ажээ.

МАНАЙ БАГШ НАР АРАЙ ХАЯХГҮЙ БАЙХ ГЭЖ БОДООД ИРСЭН

Ахлах ангийн сурагчдын төлөөлөл хичээлийн эхэлж буй баярт үйл явдлын сэтгэгдлээ хуваалцав. Х ангийн сурагч Г.Урангоо “Гурван сар ангийнхантайгаа уулзаагүй болохоор тэднийгээ маш их санаж, дүрэмт хувцсаа өмсөхийг хүсч байсан. Багш нар ажил хаяна гэдгийг сонсоод манай багш нар арай хаяхгүй байх гэж бодоод ирсэн. Ажил хаяагүй байхыг хараад маш их баярласан. Ангийнхан маань их өндөр болсон байна. Ер нь бүгд өөрчлөгджээ. Миний хувьд эмч болохыг хүсч байгаа. Мөрөөдлөө биелүүлэхээр илүү хичээж сурна” гэлээ.

БАГШ НАР АЖИЛ ХАЯВАЛ СУРАГЧИД ХОХИРНО

Биднийг сургуулиас гарах үед нэгэн ээж охиноо хичээлээс нь авч байлаа. Түүний охин энэ жил нэгдүгээр ангид сурч байгаа аж. Залуу ээж П.Наран-Өлзий “Багш нар ажил хаявал хичээлийн хоцрогдол бий болж сурагчид хохирно. Дараа нь хичээлээ нөхвөл сурагчид ядарна. Багш нарын ажил хаялтаас болж олон асуудал үүснэ. Хичээлийн нээлт дээр 33 дугаар сургуулийн багш нар ажил хаяхгүй гэдгийг сонсоод маш их баярласан” гэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж