‘’Өмнөд болон Хойд Солонгос хоёр улс урт хугацааны эдийн засгийн эвсэл байгуулахын тулд нэг мөнгөн тэмдэгт ашиглах ёстой’’ гэж БНСУ-ын Санхүүгийн үйлчилгээний хорооноос онцлон тэмдэглэжээ.
"Хойд Солонгост үзүүлэх хөрөнгө оруулалт нэмэгдэж, хоёр улсын эдийн засаг, худалдаа наймаа, үйлчилгээ өрнөж, хөрөнгийн урсгал ихсэх тусам төлбөр тооцоонд асуудал гарах тул мөнгөн тэмдэгтээ нэгтгэх хэрэгтэй. Европын улс орнууд нэг мөнгөн тэмдэгт ашиглан эдийн засгийн интеграцийн нэгдэлд хүрсэн шиг Хойд болон Өмнөд Солонгос улс мөнгөн тэмдэгтээ нэгтгэх ёстой" гэж СҮХ-ны судалгааны ахлах ажилтан Лий Юн Сок хэлжээ.
Тэрбээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа аажмаар нэмэгдэж байгаатай уялдан Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ бага багаар буурах нь дамжиггүй гэв.
Мөн тэрбээр ‘’Өмнөд Солонгост санхүүгийн дэд бүтцийг бий болгох туршлага бий тул Хойд Солонгосын банк, санхүү мобайл үйлчилгээг хөгжүүлэх, санхүүгийн дэд бүтэц бий болгоход ямар ч хүндрэл гарахгүй. Хойд болон Өмнөд Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа өсөн нэмэгдсэнээр Зүүн Азийн улс орнуудын хөгжилд чухал нөлөөтэй’’ гэжээ.
Эх сурвалж: Koreatimes
Т.Мядаг