Баянхошууны Тойргийн буудалд байрлах “Сод Монгол” компанийн шатахуун түгээх станцаар иргэн Б өчигдөр 19.00 цагийн орчимд үйлчлүүлжээ. Үйлчлүүлэгч 20 мянган төгрөг төлж шатахуун аваад цааш хөдөлтөл машиных нь шар гэрэл “Түлшгүй” гэсэн дохиог өгсөн байна. Буцаж очоод түгээгчид нь учир байдлаа хэлэхэд элдэв үгээр хэлж, машиных нь хаалгыг балбан зүй бусаар харилцжээ.
Гомдлыг барагдуулахгүй гэсэн тул үйлчлүүлэгч Б ойрхон байрлах “Шунхлай”-гийн шатахуун түгээх станцаар үйлчлүүлж, машинаа “хооллосон” байна.
Иргэний гомдлын дагуу бид “Сод Монгол” компанитай холбогдож асуудлыг тодруулахад “Улирал болгон, хэмжил зүйн газраас ирж баталгаажуулалт хийдэг. Шатахууныг дутуу шахах болон хий шахах зүйл байхгүй. Иймэрхүү гомдол зөндөө ирдэг” гэх тайлбар хийлээ. Харин гомдлыг барагдуулах болон тухайн шатахуун түгээгүүрт шалгалт хийх зэрэг асуудал байхгүй бололтой, “Бид баталгаатай шатахуунаа шахдаг” гэсэн хариулт өглөө.
Г.НАРАН