“Азын сугалаа”-гаар хүүхдээ цэцэрлэгт оруулж чадсан ч залуу аав Б-гийн асуудал дууссангүй. Ажил тарах цагтай уралдан хүүхдийнхээ цэцэрлэг рүү яаран гүйдэг учраас өнгөрсөн хаврыг стресс дунд өнгөрөөжээ. Өнгөрсөн хавар шинэ ажилд орсон ч оройдоо хүүхдийнхээ цэцэрлэг рүү яарсаар санасан шигээ үр бүтээлтэй ажиллаж чадаагүй. Түүний ажил 18.00 цагт тардаг бол хүүхдийнх нь цэцэрлэг 17.45 цаг гэхэд хүүхдээ авсан байхыг шаарддаг. Хэчнээн яарсан ч замын түгжрэлд саатсаар цэцэрлэг хаалгаа барих үед нүүрээ улалзуулсаар очдог. Энэ бол ажил нь 17.00 цагт тардаг зарим төрийн албан хаагчаас бусад эцэг, эхчүүдэд тохиолдож буй нийтлэг бэрхшээл. Ажлаа хаяад явж болдоггүй, хүүхдээ бүлтийтэл нь хүлээлгээд байж болохгүй ийм нэг хяслантай байдал олон жил үргэлжилж байгаа.
Өчигдөр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-очир Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үерээ “Цэцэрлэгийн багш нарын ачаалалд тохирсон хөлсийг нь өгөх асуудлыг ХНХЯ-нд хүргүүлсэн. Яамны хэмжээнд энэ цагийн зөрүүний асуудал яригдаж байгаа. Орой ямар ч аргагүй, хүүхдээ 18.00 цагаас авдаг бол илүү цагийн бүлэг ажиллуулах зэрэг асуудал яригдаж байгаа” гэсэн. Гэхдээ дарга нарын хооронд яриа төдий байгаа ажил яст мэлхийн хурдаар урагшилдаг болохыг бид мэднэ. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг энэ хичээлийн жилд ч бас эцэг, эхчүүд цэцэрлэг тарах цагтай уралдан ааг амьсгаагүй гүйх нь. Уг нь ажлын болон цэцэрлэг тарах цагийг зохицуулдаг журам цэцэрлэгүүдэд бий. Хүүхдээ цагт нь амжиж аваагүй эцэг, эхчүүд багш нарт хоцорсон цаг тутамд тодорхой хэмжээний мөнгө төлдөг.
Гэвч өгөхөөс өгдөггүй нь илүү олон аж. “Ажлаа тараад гүйгээд ирж байгаа эцэг, эхчүүдээс нэг удаа илүү цагийн мөнгө авна. Хоёр, гурав дахь удаагаа авна. Үүнээс олон болоод ирвэл санаа зовоод мөнгө өг ч гэж хэлж чаддаггүй. үүнийг ямар нэг аргаар зохицуулах л хэрэгтэй” гэж Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр цэцэрлэгийн багш Ү.Цэнгэлмаа хэллээ. Тэгэхээр илүү цагийн мөнгө төлнө гэдэг багшид ч, эцэг эхэд ч ашигтай зохицуулалт биш бололтой. Харин энэ бэрхшээлийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгт эцэг, эхчүүд өөрсдийн санаачилгаар шийдэж чадсан сайн жишээ байна. Тус цэцэрлэгийн эцэг, эхчүүд нь өөрсдөө мөнгө гаргаж, туслах багш нэмэлтээр ажиллуулдаг. Нэг анги нь 80 гаруй, нормоос даруй 3-4 дахин олон хүүхэдтэй учир өөр арга ч байгаагүй аж.
- Ажлаа хаяад явж болдоггүй, хүүхдээ хүлээлгээд байж болохгүй ийм нэг хяслантай байдал олон жил үргэлжилж байгаа.
- Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгт эцэг, эхчүүд нь өөрсдөө мөнгө гаргаж, туслах багш нэмэлтээр ажиллуулдаг.
- Хүүхдийн аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг нь хангаж чадахгүй юм бол ядаж цэцэрлэгийн тарах цагийг нь зохицуулаад өгчих.
Эцэг, эхчүүд сардаа 10 мянган төгрөг зарцуулахад л ийнхүү ажлаа цалгардуулж, хүүхдээ авах гэж яаран гүйх шаардлагагүй болжээ. Төрийн цэцэрлэгт хүүхдээ үнэгүй явуулж байгаа эцэг, эхчүүдийн хувьд сард 10 мянган төгрөг өгөхөд тийм их хүндрэл учрахгүй. Гэхдээ энэ асуудлыг бас эцэг, эхчүүдэд дангаар нь даатгаад орхиж боломжгүй. Төрд сэтгэл байвал багш, хүүхэд, эцэг, эхчүүдийн хэн хэнд нь ээлтэй зохицуулалт хийж болмоор. Сэтгэл байвал юуг ч хийж болдог доо. Үнэхээр илүү цагийн бүлэг байгуулах боломж бий бол олон даргын гарын үсэг хүлээж суулгүй даруй ажил хэрэг болгомоор байна. Гэхдээ багадсан гутал шиг цалинтай багш нарын эрх ашгийг хөндөхгүйгээр. Тухайлбал, цэцэрлэгийн багшийн мэргэжилтэй атлаа ажилгүй байгаа хүмүүст эцэг, эхчүүд тодорхой хэмжээний цалин, урамшуулал олгох шийдэл байж болох юм. Эцэг эхчүүдийг хүүхдүүдээ ирж автал нь цөөн хэдэн цаг ажиллуулъя гэвэл ажилгүй байгаа хүмүүс, багш, эцэг эхийн хэн хэнд нь татгалзах зүйлгүй байх. Гагцхүү шийдвэр гаргагчид албан ёсоор зохион байгуулах л хэрэгтэй байна. Ингэснээр өдөржин олон хүүхэдтэй ажилладаг багш нарын ачаалал ч нимгэрнэ. Цэцэрлэгийн үндсэн багш нарын сарын цалин дунджаар 550,400 төгрөг. ирэх сард найман хувиар нэмэгдвэл 618 мянган төгрөг болно.
Хүүхдээ хамгаалахад жижиг асуудал гэж байхгүй
Ажлын ачаалалдаа таараагүй, багадсан гутал шиг цалин авдаг багш нарт цаг сунган ажилла гэж тулгаж боломгүй. Түүнчлэн ажлын цаг дууссан хойно багш нарын анхаарал сулрах явдал цөөнгүй гардаг. Зарим тохиолдолд эцэг, эх нь оройтдог хүүхдийг багш нь гадуурхах явдал мэр сэр гардаг гэх. Нэг талаас гэр рүүгээ яарч буй багш нарыг буруутгах аргагүй. Цалин нэмэхийг шаардсан жагсаалын үеэр нэгэн багш “Түмний хүүхдийг гэсээр өөрийнхөө хүүхдийг хаяж байна” гэсэн нь бодит үнэн. Хүүхэд ар гэртээ, олон нийтийн газарт аюулгүй байх нөхцөлийг нь хангаж, хяналт тавьж чадахгүй юм бол ядаж цэцэрлэгийн цагийг нь зохицуулаад өгчих. Багш нарын цалинг ажилтай нь дүйцэхүйцээр нэмж чаддаггүй юм гэхэд илүү цагаар ажиллуулахаа больчих. Хүүхдийн хулгай, хүний наймаа гээд сэтгэл сэрдхийм гэмт хэргүүд гарч буй энэ нийгэмд заавал том дуулиант хэрэг, золиос гарч байж асуудалд анхаарах ёстой биш шүү дээ. Харин аливаа гай тотгороос хүүхдээ хамгаалж, урьдчилан сэргийлэхийн төлөө явах ёстой биш үү.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ