“Очир” зочид буудлыг хаагаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

“Очир” зочид буудлыг хаагаагүй гэв

“Очир” зочид буудлыг хаагаагүй гэв

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир" төв зочид буудалд 2017 оны наймдугаар сард 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл “Очир” зочид буудлыг бүр хаах ёстой гэсэн үүрэг даалгаврыг Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох албаны хүмүүст өгсөн юм. Тодруулбал, хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авч ажиллах хүрээнд 13 настай охин бусдад хүчиндүүлж амиа алдсан “Очир” төвийн үйл ажиллагааг хаах ёстой хэмээн үзсэн байна. Мөн хүчирхийлэл бусармаг явдлын үүр уурхай болсон эл буудлын үйл ажиллагааг зогсоож, гарсан зөрчлийг арилгах, арга хэмжээ авах, тодорхой бодлого боловсруулах хүрээнд нэг сарын хугацаа өгчээ.

Гэвч тус буудлын үйл ажиллагаа зогсоогүй хэвийн явагдаж байгаа гэх мэдээллийн дагуу биднийг өнөөдөр /2018.09.03/ очиход буудлын хаалга хаалттай, дотор нь хүн харагдахгүй байлаа. Ойр хавийн иргэдийн мэдээлснээр тус буудал нь нэр хаягаа авчихсан үйл ажиллагаа явуулж буй хэвээрээ байгаа гэнэ.

Мөн доод давхарт нь баар цэнгээний газар, караоке шинээр нээгджээ. Энэ асуудлаар буудлын эзэн гэгдэх эмэгтэйгээс тодруулахад “Нэг хэсэг үйл ажиллагаа нь зогссон. Би хэсэг хугацаанд тус буудлыг түрээсэлсэн. Одоогоор үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа байх. Өөр зүйл мэдэхгүй” гэсэн мэдээллийг өгөв.  Дашрамд,  2018 оны гуравдугаар сард шүүхээс тус буудлын эздийг хариуцагчаар татсан бөгөөд өнөөдрийг хүртэл эл хэргийн шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна.

 Э.АРИУН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж