Шахмал түлшинд итгэл үзүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2014.12.26-нд нийтлэгдсэн

Шахмал түлшинд итгэл үзүүлэх үү?

Нийслэлийн гэр хороололд шаардагдах сайжруулсан шахмал түлшний тал хувийг дангаар нийлүүлэх хүчин чадалтай, бүрэн автомат үйлдвэр Улаанбаатар хотоос 42 км-ийн зайд буюу Төв аймгийн Сэргэлэн суманд өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үйлдвэрийг “Дэрст тохой” ХХК өөрийн 2.8 тэрбус төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын нийт өрхөд жилдээ 600-700 мянган тонн сайжруулсан шахмал түлшний хэрэгцээ бий. Үүний тал хувийг буюу цагт 60 тн шахмал түлш үйлдвэрлэж, инженер техникийн ажилтнаас гадна 40 хүнийг ажлын байраар хангаж, жилдээ 300 мянган тонн шахмал түлшийг нийлүүлэх боломжтой юм байна. Тус компани өөрийн хөрөнгөөр үйлдвэрээ барьж, сар гаруй хугацаанд горимын тохиргоо хийсээр өнөөдөр үйлдвэр эхлэхэд бэлэн болжээ. Одоо үйлдвэрлэсэн нүүрсийг зах зээлд худалдаалах, агаарын бохирдлыг бодитой хэмжээгээр бууруулах ажил хамгийн хүнд. “Дэрст тохой” ХХК-ийн хувьд Баянгол дүүргийн 9 хороо, 31 цэгт эхний ээлжинд шахмал түлшээ нийлүүлэхээр болсон байна. Гэвч түүхий нүүрсний хэрэглээнд хэнд ч хяналт тавьдаггүй өнөөгийн нөхцөлд хэрэгжихэд хүнд байгаа аж. Тиймээс төрөөс бодлогоор дэмжиж, нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй талаар үйлдвэрийнхэн ярьж байлаа.

Нэг тонн нь 125 мянган төгрөгийн үнэтэй

Утаагүй шахмал түлшний зах зээлд худалдаалагдах үнэ нэг тонн нь 125 мянган төгрөг. Гэр хорооллын айл өрхүүд ихэвчлэн Налайх, Алаг толгойн нүүрсийг нэг тонныг нь 133-166 мянган төгрөгөөр, Багануурын нүүрсийг тонныг нь 90 мянган төгрөгөөр худалдан авч байна. Нэг өрхийн жилийн хэрэгцээ 4 тонн гэж үзвэл 360 мянган төгрөг болно. Харин “Дэрст толгой” компанийн үйлдвэрлэсэн шахмал түлшийг нэг тонныг нь 125 мянган төгрөгөөр худалдаж авбал жилд 2.5 тонныг авахад өвлийг ажирахгүй давах аж. Тэгэхээр үнийн дүнгийн хувьд дүйцэж байгаа талаар албаныхан хэлллээ.

Шахмал түлшний үйлдвэрийн гашуун түүхийг давтах вий

Агаарын бохирдол нийслэлийнхний сэтгэлийг зовоосоор удаж байна. Өнгөрсөн хугацаанд шахмал түлшний үйлдвэр, бүрэн шаталтат сайжруулсан зуух, гэрийн дулаалга, цахилгаан халаагуур, газын хэрэглээ гээд туршсан зүйл олон. Үүнээс сонгуулийн өмнөх Засгийн газрын үед ТЭЦ-2-ын дэргэд шахмал түлшний томоохон үйлдвэр байгуулсан ч үр дүнд хүрч чадалгүй, үйл ажиллагаагаа зогсоосон. Тухайн үед улсын төсөвт 17 тэрбум төгрөг төсөвлөсөн ч технологи, эрсдлээ тооцоолоогүйгээс олон тэрбум төгрөг салхинд хийссэн түүх бий. Энэ гашуун түүхийг дахин давтахвий гэх болгоомжлол байлаа. Энэ талаар Монгол Улсын зөвлөх инженер Ц.Цэгмидээс тодруулахад “Тухайн үйлдвэрийн хувьд 45 хувийн дэгдэмхий бодисын агууламж буюу утаатай нүүрсийг хагас коксжуулах замаар 520 градуст битүү жигнэж байсан. Орос туршилтаар явж байсан үйлдвэрийг оруулж ирсэн нь технологийн хувьд алдаатай болж, эцэстээ үйл ажиллагаа нь зогссон. “Дэрст тохой” ХХК-ийн үйлдвэрийн хувьд хагас коксжуулах процесс байхгүй, харин байгаль дээрх бэлэн антрацитыг нүүрстэй зохих харьцаагаар холиод утааны гарцыг 22 хувь болгон үйлдвэрлэж байгаа учир технологийн хувьд алдаа гарахгүй” гэх хариулт өглөө.

Монгол Улсад батлагдсан антрацит нүүрсний нөөц Улаанбаатар хотын дөрвөн жилийн хэрэгцээг хангана гэж тооцоолж байна. Эрэлт байхад нийлүүлэлт байх хэрэгтэй. Улаанбаатарын хэрэгцээний 50 хувийг нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэртэй болсон учир түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, хориглох замаар хорт утааны агууламж багатай шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлэх хэрэгтэй талаар “Дэрст тохой” компанийн захирал Г.Анар хэллээ. Энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт “Хүн ам төвлөрсөн хотуудад үүсдэг хамгийн том асуудал бол агаарын бохирдол. Ийм нөхцөлд өөрийн хөрөнгөөр өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулсан нь бодитой үр дүнг харуулна гэж бодож байна” гэлээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр бэлэн мөнгө цацах биш, оновчтой механизмаар дэмжих нь чухал гэдгийг өнгөрсөн хугацааны амжилтгүй туршилтууд харууллаа. Харин иргэд шахмал түлшинд итгэл үзүүлэх л хэрэгтэй байна.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж