Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэх асуудлын талаар Хууль зүйнбайнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 8 бүлэг 28 зүйлтэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа болно. Хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж 8 шат дамжлагаар 5 хоногт бүртгүүлж байна. Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийх, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжийг тусгажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2008-2012 оны тоон мэдээнээс үзэхэд 2008 оны байдлаар 44464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол энэ тоо 2013 он гэхэд 93733 болсон байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэх ажилд 2010 онд 14700 ширхэг гэрчилгээг 22.0 сая, 2011 онд 22500 гэрчилгээг 32.2 сая, 2012 онд 48500 гэрчилгээг 61.2 сая төгрөгийн зардал улсын төсвөөс гарч байна. Хуулийн этгээдийг шинээр бүртгүүлэхэд иргэн дунджаар 2-4 цаг зарцуулдаг бөгөөд өдөрт 400-450 иргэн үйлчлүүлж байна. Үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр нэгж ажилд зарцуулах хөдөлмөр зарцуулалт буюу хугацааны норм (хүн/цаг) хоёр дахин багасна хэмээн танилцуулав.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.