Шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яам нь долоон газар, долоон хэлтэстэй ажиллахаар болж, бүтцээ баталжээ. Багийг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхэд анхаарч буй юм байна. Энэ тухай болон цаашид хийх ажлынхаа талаар өнөөдөр сайд Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Аж үйлдвэрийн яамны гол зорилго нь Монгол орныг хэрэглээний эдийн засгаас бүтээгчдийн гарт орсон эдийн засаг руу шилжүүлэхэд оршино. Хийх ажлынхаа хөтөлбөрийг гурван хэмжээст хувааж ойрын буюу 1.5 жил, дунд хугацааны буюу 5-10 жилд Монгол орны аж үйлдвэрийн бодлого ямар төвшинд хүрсэн байх вэ, урт хугацаанд буюу 10-20 жилд Монгол орны нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн байх вэ гэдэг бодлогын зураглал гаргахаа онцоллоо. Ингэхдээ хуучны үйлдвэржилтийн замбараагүй ойлголтыг цэгцлэх гэнэ.
Мөн экспорт татарсан үед дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чиглэлд импортын барааны гаалийн татварыг өөрчлөх талаарх асуудлыг ирэх даваа гаригт Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөжээ. Шинэ он гарахад Төрөөс аж үйлдвэржилтийн талаар баримтлах бодлогыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газарт боловсруулагдаж байгаа Үйлдвэржилтийн тухай хуулийн төсөлд хамтарч ажиллах, жижиг дунд үйлдвэрийг сэргээх, чөлөөт бүсүүдийг сэргээх, аж үйлдвэрийн паркийг бодитоор бий болгохтой холбоотой хэд, хэдэн хуулийн төслүүдийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх аж.
Түүнчлэн эрчим хүчний дутагдлаас гарахын тулд хөрөнгө оруулагч нартай хэлэлцээрийг дуусгаж, ажилд нь татан оролцуулах чиглэлээр сонгон шалгаруулалтыг хийх зэрэг ажлуудыг ч шуурхайлахаар болсноо дуулгалаа. Энэ мэтчлэн Аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд хэрхэн ажиллах талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг онцолъё.
-Үйлдвэр байгуулах чиглэлд Аж үйлдвэрийн яам ямар бодлого барьж ажиллах вэ?
-Нэн тэргүүнд хуучны үйлдвэржилтийн замбараагүй ойлголтыг цэгцэлнэ. Тийм учраас эхний ээлжид аж үйлдвэржилтийн зураглалыг шинээр гаргана. Хаа хамаагүй газар үйлдвэр байгуулна гэдэг, хаа хамаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хоорондын өрсөлдөөнөөр биенээ татан унагаадаг, тооцоо судалгаагүй явдаг энэ жишгийг хална. Хөнгөн үйлдвэрийг, чөлөөт бүсийг хаана байгуулах вэ гэдэг зураглалыг гаргаж, Засгийн газар УИХ-д танилцуулна. Монгол орон газар зүйн ихээхэн онцлогтой, цаг агаарын онцлог нөхцөл байдалд байдаг учраас тэр бүгдтэй зохицсон бодлоготой болох ёстой. Хоёрдугаарт, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ. Үүний тулд Монгол, Японы хооронд байгуулж байгаа чөлөөт худалдааны хэлэлцээрийг батлуулах нь чухал байгаа. Хэлэлцээр батлагдвал, Монгол Японы хөрөнгө оруулагчид хамтран аж үйлдвэрийн парк байгуулах чиглэлээр шинэ технологи оруулж ирэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, ажлын байраар хангах зэрэг хэд, хэдэн давуу талууд бий болно. Аж үйлдвэрийн парк, чөлөөт бүсийг байгуулахад татвар чухал биш, шинэ үйлдвэр бий болгох, шинээр ажлын байр бий болох, шинэ технологи бий болох нь чухал. Зорилго нь Монгол Улсыг өрсөлдөх чадвартай болгоход чиглэх ёстой.
-Аж үйлдвэрийн парк байгуулахад дэд бүтцээс ихээхэн хамаарч байгаа. Тухайлбал, төмөр зам баръя гэхэд олон тэрбум долларын асуудал хөндөгддөг. Чөлөөт бүс байгуулах асуудал ч мөн хөрөнгө мөнгөтэй холбоотой. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-УИХ-аар Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Түүнд дэд бүтцийн бүх эрх зүйн зохицуулалтыг хийгээд өгсөн. Тухайлбал, дэд бүтцийг яаж санхүүжүүлэх талаар. Ингэхдээ зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтыг хараад байхгүй хөрөнгө оруулагч нартай хамтран хийж болно гээд заачихсан. Чөлөөт бүсүүдээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн дэд бүтцийн ажил нэлээд нааштай хийгдсэн. Одоо энэн дээр хөрөнгө оруулагч татан оролцуулахад хөгжлийнхээ бодлого, худалдааны бодлого руугаа чиглүүлээд явах боломж бий.
Ер нь бид аж үйлдвэрийн паркийг олноор байгуулах зураг гаргана. Хүнд аж үйлдвэрийн парк, худалдааны чөлөөт бүсийн хилийн боомт дахь парк, жижиг дунд үйлдвэрийн парк, шинжлэх ухаан технологийн аж үйлдвэрийн парк гэх мэтчлэнгээр асуудлыг оруулна. Хөрөнгө оруулалт нь гадаадын болоод дотоодынхыг шууд татахаар зохицуулж өгнө.
-Импортын бараанд тавих татварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж байна. Ямар төрлийн бараан дээр татварыг хөдөлгөх шаардлагатай гэж үзэж байгаа вэ?
-Импортын татварын ялгавартай тариф тогтоох чиглэлээр мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг сонссон. Монголд юу хийж чаддагийнхаа импортын татварын асуудлыг цэгцэлнэ.
Тухайлбал, Монгол Улс дотооддоо гурилаа, мах, махан бүтээгдэхүүнээ хийж чадаж байгаа. Арьс ширэн үйлдвэрлэл, ширээр хийдэг үйлдвэрлэл, гутлын үйлдвэрээ дэмжих шаардлага тулгарч байгаа. Тийм учраас татварын зохицуулалт хийхээс аргагүй. Гангийн үйлдвэрлэл байгуулаад ган хийж чаддаг болсон бол импортын татварыг өөрчлөхөөс аргагүй.
Монголд шинэ машин орж ирэхэд татваргүй шахуу байдгийг болиулна. Өмнө нь нийтийн тээврийн салбарт ашиглахаар автобус оруулж ирэхэд татваргүй байсан бол одоо татвар ногдуулна. Хэрвээ автобус угсрахаар машины сэлбэг эд ангийг нь оруулж ирж байгаа бол татварыг нь 0-лэж болно. Энэ мэтчлэнгээр импортоор орж ирж байгаа 90-ээд төрлийн бараан дээр татварын өөрчлөлт, хөдөлгөөн хийх боломж байна. Маш шуурхай хийх ёстой. Тэгж байж, монголчууд өөрсдөө үйлдэрлэх юм руу явна.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл, 888 төслийн санхүүжилт юу болж байгаа бол?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан Аж үйлдвэрийн яаманд ирсэн. Нийт 145 төсөл, 2 тэрбум хүртэл төгрөгөөр санхүүжүүлэх төсөл байсан. Энийг нь энэ жилдээ өгөх ёстой гээд зохиох газрууд руу нь явуулсан. 888 төслийн тухайд Аж үйлдвэрийн бодлого УИХ-аар батлагдахад түүнд нийцэх төслийг шалгаруулна. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төслүүд байх ёстой. Мөн салбар чиглэлээр нь аль нь тэргүүлэх вэ гэдгийг харж үзнэ. Аливаа нэг компани байгуулахад гурван төрлийн шалгуур хангасан байх ёстой. Нэгдүгээрт, өрсөлдөх чадвар, хоёрдугаарт, шинэ техник технологи ашигласан байдал, гуравдугаарт, экспорт, импортыг орлох нөхцөл гэдэг юмыг харгалзана. Түүнээс хоорондоо төсөл уралдуулах юмнаас татгалзах ёстой.
Г.ДАРЬ