Монгол бөхөнгийн тархац, байршил, тоо толгойг тогтоох, өмнөх судалгааны дүнтэй харьцуулан цаашид хэрэгжүүлэх хамгааллын арга хэмжээг төлөвлөх үүднээс популяцын нөөцийн үнэлгээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF)Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд судлаачидтай хамтран хийлээ. 2014 оны наймдугаар сард Шарга, Хүйсийн говь,Дөргөний хүрэн талд хийсэн энэ ажлын дүн саяхан гарлаа. Судалгааг шугаман трансектийн аргаар хийсэн бөгөөд монгол бөхөнгийн популяцын тоо өсч 13 мянгад хүрсэн нь тогтоогдсон байна.
Дэлхийд бөхөнгийн хоёр дэд зүйл байдгийн нэг нь монгол бөхөн. Зөвхөн Монголд байдаг энэ амьтан хууль бус агнуур,бэлчээрийн зохисгүй ашиглалт,байгаль цаг уурын хүндрэлийн улмаас тоо толгой нь 80 гаруй хувиар хорогдож 2002 онд 750 болтлоо цөөрч байсан. Иймд монгол бөхөнг хамгаалах зайлшгүй шаардлага гарсан бөгөөд энэ ажилд Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газар сүүлийн жилүүдэд идэвхи санаачилгатай ажиллаж тодорхой амжилтад хүрч байгаагийн нотолгоо нь энэ боллоо.
Эх сурвалж: mongolia.panda.org