Өнгөрсөн улиралд Оклахома Сити Тандерын үзүүлсэн амжилт фенүүдийнх нь төдийгүй мэргэжилтнүүдийн сэтгэлийг гонсойлгосон. Улирлын турш тогтвортой бус байсан тэд плэйоффт рүүкий Донован Мичеллийн багт ялагдсан. Шалтгааныг сэлгээ тааруу, их гурвал нь их гурвал шиг байж чадаагүй гэдэг хоёрхон зүйлээр тайлбарлаж болох юм. Харин энэ улирлын тухайд илүү хүлээлттэй байж болмоор харагдана.
Явсан тоглогчид: Кармело Энтони, Кайл Синглер, Жош Хуестис, Ник Коллинсон, Кори Брүвер. Таамаглаж байсанчлан ОКС-н бүрдүүлсэн их гурвал хамтдаа ганцхан улирал л тоглолоо. Цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл 300 сая доллар төлөх шаардлага удирдлагын багт тулгарсан учраас арга буюу Мелог явуулж, Пол Жоржид итгэл хүлээлгэсэн билээ. Мелотой хамт Тандерыг орхисон бусад тоглогчид нь талбайд гэхээсээ илүүтэйгээр талбайн гадна, сэлгээний сандал дээр үүрэг гүйцэтгэдэг байсан эрхмүүд ажээ. Энтонигийн нэр хүнд үзүүлсэн тоглолт шигээ байгаагүй болохоор ОКС энэ зун багыг алдаж ихийг олсон гэж дүгнэхэд болно.
Шинээр ирсэн тоглогчид: Юуны түрүүнд Жорж, Фелтон, Грант гуравтай гэрээгээ сунгаж чадсан нь чухал үйл явдал болсон. Пол Жорж дөрвөн жилийн 137 сая, Рэймонд Фелтон нэг жилийн ахмад тоглогчийн цалингаар, Жерами Грант гурван жилийн 27 сая долларын гэрээгээр Оклахомад үлдэв. Үүн дээр Мелогийн солилцоогоор ирсэн Деннис Шрөдер, Тимоти Луваву Каборро нарын наймааны үнэлгээг “A” гэж дүгнэе. Энэ хоёр тоглогч Энтонигоос илүү ч тус хүргэх биз. Тэгвэл чөлөөт агентын зах зээл дээрээс Нерленс Ноелийг шүүрч, Бостоноос хасахаар шийдчихээд байсан Египт Адбел Надерыг шүүрч чадсан. Багийн менежер Сэм Престигийн өнгөрсөн зуны шилжилт хөдөлгөөнд онц тавихаар ажиллажээ.
Гарааны бүрэлдэхүүн : Адамс – Паттерсон – Жорж – Роберсон – Уэстбрүүк
Мело явсан бусдаар бол хэвээрээ. Андре Роберсон хүнд гэмтлээс эргэн ирж байгаа ч түүний гарааны байрлал баталгаатай юм. Роберсон, Пол Жорж, Адамс гурвын хамгаалалт бол энэ багийн плэйоффт хүрэх гол хөшүүрэг. Гэвч Роберсоны хувьд довтолгооны ур чадвар тааруу, үүн дээр Стивен Адамс орчин үеийн төвүүд шиг гурваас шидээд байдаггүй учир Грант хүчний довтлогчоор хамт гарчихвал тоглолтыг оноогоор хоцорч эхлэх аюул бий. Хэдий хамгаалалт сул боловч өнгөрсөн улиралд 39 хувьтай гурваас шидсэн Патрик Паттерсон оноогоор уралддаг одоогийн сагсан бөмбөгт яв цав нийцнэ. Хамгаалалтан дээр нуруу өндөр, довтолгоон дээр гурвын гадна. Бас Уэстбрүүк шиг будагтай талбай руу их орж довтолдог холбогчтой баг ер нь довтолгоон дээр хоёр самбарын тоглогчтой байх зохимжгүй. Аль болох зай гаргаж чөлөөлж л байх хэрэгтэй. Ибакаг солих сагсан бөмбөгийн шалтгаан энэ байсан юм.
Сэлгээ : Ноел – Грант – Луваву – Абринес – Шрөдер.
Сэлгээ өнгөрсөн улиралтай харьцуулашгүй сайжирсан. Шрөдер бөмбөгний эрх мэдэлтэй үедээ бүх оддын хэмжээнд оноо түүж чаддаг болохоор нь Атланта Хокс өндөр үнэ төлсөн. Гэхдээ тэдний явах чиглэл өөр болж, Герман холбогчийг өрнөд рүү илгээсэн билээ. Самбарын гурвал Ноел, Луваву, Грантын хувьд хамгаалалтыг ёстой нэг үзүүлээд өгнө. Магадгүй Луваву Каборрогийн оронд Пол Жоржийг энэ тавттай хамт байгаагаар төсөөлөх нь зүйтэй байх. Өнгөрсөн улиралд PG хоёрдугаар тавтыг ахлаад гарсан ч түүнд бөмбөг ирж амжилгүй таслагдах, довтлох зэрэг олон асуудал үүсдэг байлаа. Одоо тэгвэл бүх оддын ур чадвартай холбогч тус болно, оноо авахад илүү амар болгоно, зарим тохиолдолд түүнгүйгээр ч хоёрдугаар тавтаа удирдаад явчихна.
Тактик: Оклахомагийн үндсэн тавт Адамс – Грант – Жорж – Уэстбрүүк – Шрөдер. Хүчний довтлогчийн байрлалд гол үүргийг Грант гүйцэтгэнэ, өнгөрсөн жил Мелогоос илүү тоглож байсан болохоор нь түүнтэй гэрээ байгуулан авч үлдсэн билээ. Яг үнэндээ гарааны довтлогч хэн байх нь сонин биш. Нэгэн экспертийн ярьснаар “OKC-н гарааны PF 20 орчим минут л тоглоно. Уэстбрүүк, Пол Жоржтой хамт гарах учир үндсэндээ тоглолтын турш 4 удаа довтлох л боломж олдоно гэж тооцоолж болно. Энэ дөрвөн шидэлтийг гурвын шугамны араас хийлгэхийг хүсч байгаа л бол Патрик Паттерсон төгс тохирно” гэсэн юм. Санал нэг байна. Харин оноо илүү дутуу, өрсөлдөгч багийн довтлох чадвараас шалтгаалж Роберсон – Шрөдер хоёрын хэн нь талбайд байх нь цэвэр дасгалжуулагчийн сонголтын асуудал юм. Чадвар их байгаа нөхцөлд сонголт дагаад нэмэгддэг дээ.
Хамгаалалт: Оклахомагийн хамгаалалт Роберсонтой үед лигтээ эхний тавт ордог. Өрсөлдөгч багийн ямар ч оноо түүгчийн хувьд Роберсоныг аргалаад, Пол Жоржийг дараад гараад ирлээ гэхэд Стивен Адамстай тулна гэдэг ч хар дарсан зүүд. Үүн дээр сэлгээнээс гарч ирэх Грант, Ноел, Луваву Каборрог нэмчихье. Бостоноос дутахгүй харамч хамгаалалт. Гагцхүү багаар ажиллах чадвар хэр байхаас их зүйл шалтгаална.
Довтолгоо: Деннис Шрөдер ирж байгаа болохоор дахиад нэг плэймэйкер багт нэмэгдэж байгаа хэрэг. Шрөдерийг илүү үр бүтээлтэй ашиглая гэвэл талбайд байгаа үед нь аль болох бөмбөгтэй байлгах шаардлагатай бөгөөд энэ нь Уэстбрүүкийг бөмбөг эзэмшилт болон довтолгоо үл ялиг багасна гэсэн үг байж мэднэ. Хувь тоглогчдын статистикын хувьд хоёул буурах ч ОКС-тэй тоглож буй багуудын хувьд энэ сайн биш, тааруу мэдээ юм. Илүү олон талт, чадварлаг, аюултай болсон учраас. Кармело Энтони цэвэр шидэгч болчихсон ОКС-д ирсэн бол Шрөдер плэймэйкерийн хувиар айлчилна.
Таамаг: Тандер Дурант багийг орхин явснаас хойших хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр улирлыг эхлүүлэх гэж байна. Тийм ч болохоор ИСПН-н зүгээс тэднийг 50 хожил авна гэж таамаглажээ. Өнгөрсөн улиралд 48 хожилд хүрч байсантай харьцуулахад үл ялиг илүү байна гэж тооцоолсон бололтой. Гэхдээ үүнээс ч илүү байж, улирлын эхнээс тэргүүлэгчийн байр сууринд багтаад явах боломжтой. Бүсдээ тэд эхний гурав дотор багтаж, цаашлаад Рокетстой өрсөлдөх хэмжээнд яригдах учиртай. Рокетс Ариза, Мба Муте гэсэн онцгой хамгаалалтын мэргэжилтнүүдээ алдсан бол сэлгээгээ сайжруулсан Тандер тэдэнтэй нүүр тулах болно. Сонирхолтой байгаа биз. Харин энэ хоёр багийн хувьд Уарриорстой дүйцэх эсэх дараагийн асуудал…
Б.ЯЛАЛТ