Хямралд нэрвэгдсэн Аргентинд ОУВС тусална

Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

Хямралд нэрвэгдсэн Аргентинд ОУВС тусална

Хямралд нэрвэгдсэн Аргентинд ОУВС тусална

Аргентин улс Олон улсын валютын сангаас /ОУВС/ 50 тэрбум ам.долларын зээл олгох хүсэлтээ өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөргаргасан байна. Тус улс ОУВС-гаас тусламж гуйх дээрээ тулсан  энэхүү хямрал яагаад үүссэн бэ гэдгийг тоймлон хүргэе.

Өнгөрсөн  долоо хоногийн Пүрэв гаригт /2018.08.30/ Аргентин улсын песо 13 хувиар унасан бөгөөд өмнөх өдөр нь 7 хувиар буурсан нь 2018 он гарснаас хойш ам.долларын эсрэг үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш нийт 52 хувиар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү песогийн ханш унасан нь Аргентин улсын эрх баригчид Олон улсын Валютын сангаас /ОУВС/ 50 тэрбум ам.долларын зээлийн тусламж хүсэхэд хүргэжээ.

Аргентин улсын ерөнхийлөгч Маурицио Макри

“Бид ОУВС-тай хамтарч ирэх жилийн төсөвт шаардлагатай гэх хөрөнгийг тодорхойлсон. Одоогийн нөхцөл байдал ард иргэдэд айдас түгшүүр дагуулж байгааг би мэдэж байна. Гэхдээ миний гаргаж буй шийдвэрүүд та бүхнийг хамгаалахын тулд хийж байгаа гэдгийг мэдээсэй" гэж  ерөнхийлөгч Маурицио Макри  хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэддээ хандаж албан мэдэгдэл хийжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Аргентин улс ирэх 2019 онд 25 тэрбум песотой буюу 921 тэрбум ам.доллартай тэнцэх зээлийг барагдуулах ёстой гэнэ.  Тус улс ОУВС-гаас гэнэт 50 тэрбум ам. доллар зээлэх болсон нь гаднын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд цаашид Аргентиний хувь заяа хэрхэхийг мэдэхгүй байна.

Песогийн ханш суларснаас болж, Аргентин улсын төв банк зээлийн хүүг 45 хувиас 60 хувьд өсгөх шийдвэр гаргасан бөгөөд энэхүү үйлдлээ тэд инфляцыг бууруулах зорилготой гэж тайлбарлаж буй.  Өөрөөр хэлбэл,  Аргентин улс  мөнгөний хатуу хэмнэлтийн бодлого барьж байгаа бөгөөд үүнээс ард иргэд нь залхаж Засгийн газарт уур бухимдлаа олон хэлбэрээр илэрхийлэх болсон. Тухайлбал, Аргентин улсын томоохон үйлдвэрчний эвлэлийн холбоо есдүгээр сарын 25-нд 24 цагийн хугацаатай ажил хаях болно гэдгээ зарлажээ. Мөн бусад холбоонууд ажил хаялт есдүгээр сарын 24-нд хийх болно гэдгээ мэдэгдээд байна. Яагаад гэвэл тус улсын ард түмэн 2002 оны эдийн засгийн хямралд ОУВС-г буруутгадаг аж.

Латин америкийн бүс нутгийн зах зээлд эзлэх байр сууриараа гуравдугаарт бичигддэг Аргентин улс өмнө нь 2002 онд эдийн засгийн хямралд орж байсан удаатай. 2002 онд болсон хямрал нь Аргентины Засгийн газар гаднын улс орнуудаас авсан зээлээ барагдуулж чадаагүйн улмаас болсон бөгөөд хүнд цохилт болсон. Энэхүү хямралаас болж Аргентин улсын нийгмийн дундаж давхаргын иргэд ядуурахад хүрсэн юм. Судлаачдын үзэж байгаагаар тухайн үед Аргентин улсад ОУВС-гаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийг хангалтгүй хэмээн тодорхойлдог бөгөөд өөрсдөө ч гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрдөг байна. Харин одоо болж буй эдийн засгийн хямралд ОУВС өмнө гаргасан алдаагаа давтахгүйн тулд бүхнээ дайчилж Аргентин улсад туслах талаар мэдэгдээд байгаа аж.

“Бид Аргентины Засгийн газраас гаргасан эдийн засгийн төлөвлөгөөтэй танилцаж болж буй үйл явдал, нөхцөл байдалтай уялдуулж шинэчлэн боловсруулах болно” гэж ОУВС-гийн төлөөлөгч мэдэгдсэн.

Түүнчлэн Аргентин, Бразил, Турк зэрэг хөгжиж буй орнуудын эдийн засагт АНУ-ын Сангийн яамнаас хэрэгжүүлж буй ам.долларын ханшийг өсгөх бодлого тодорхой хэмжээнд нөлөөлж байгааг судлаачид тогтоогоод байна.

ЭХ СУРВАЛЖ: CNBC, TELEGRAPH
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж