Хуучирсан мэдээ: 2018.09.03-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Ажил хаялтын ард!

Ажил хаялтын ард!

Намрын чуулган эхлэхэд яг нэг сар үлджээ. Нэг ёсондоо, 2016 оны сонгуулиар парламентад олонх болсон МАН бүрэн эрхийнхээ хугацааны яг хоёр жилийн ойтойгоо золгож байна гэсэн үг. Харин У.Хүрэлсүхийн засгийн нэг жилийн ой удахгүй тохионо.

У.Хүрэлсүхээр овоглосон засгийн нэг жилийн ой болоод М.Энхболдоор даргалуулсан парламентын хоёр жилийн ойн сюрприз юу байх бол. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш албан бусаар 32 ба 32 болж хуваагдсан МАН-ын хоёр бүлэг бие, биеийнхээ эсрэг хор найруулаад удаж байгаа бөгөөд тэдний хоёр жилийн зодоон Монголын улс төрийг уйдаасангүй.

Эдийн засгийн реформ хэмээн нэрлэгдэж буй татварын багц хуулиуд дээр улс төр, нийгмийн реформ болсон Үндсэн хуулийн өөрчлөлт энэ намрын чуулганы олон нийтийн анхаарал татсан сэдэв байх нь гарцаагүй. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлтийг угтсан ганцаарчилсан хийгээд хамтарсан тоглолтууд  улс төрд хэдийн өрнөөд удаж байгааг тооцож үзвэл шүү дээ.

Хичээлийн шинэ жил эхэлж хотод хөл хөдөлгөөн нэмэгдсэн ч, Төрийн ордон сэлүүхэн, гэвч, ордны дотоод улс төр гаднаа гарч, "сэлэм эргүүлэгчид" Л.Оюун-Эрдэнээс эхлээд цөөнгүй байна. Үндсэндээ үе, үехэн нумаа нуугаад сумаа тавих болсон улстөрчдийн богино зайны тоглолтууд тэдний холын шуналтай холбоотой нь нэн ойлгомжтой.

Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэгчээр  багш, эмч нарын нэрээр шантааж хийж амьдардаг төрийн бус байгууллагын дуу ч мөн адил чангарчээ. Эндээс харвал эрх баригчид тайвшраагүй, намуудын болоод нам доторх зодоон эсрэгээрээ эрчимжиж буйн эхлэл. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болоод Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооны улс төрийн тэмцлийн цаад зорилго нь багш, эмч нарын цалин нэмэх асуудал яг мөн үү гэвэл тэнэг хүн ч хууртагдахгүй  биз. Тэр тусмаа багш, эмч нарын цалин нэмэх асуудал хэдхэн төрийн бус байгууллагын төлөөлөгчдийн улс төрийн бизнес болсон гэвэл битгий буруутгаарай, бид хардах эрхтэй.  Тэгээд ч хэн мөнгө төлсөн нь хөгжмөө захиалдаг нь бичигдээгүй хууль хойно.

Баасан гаригийн орой  багш нар ажил хаяхаа больсон тухай баярлам мэдээ сонсгож суусан МҮЭХ ганцхөн хоногч бололгүй хэлснээсээ буцаж, хичээл заахгүй байхыг багш нарт уриалж байна. Тэдэнд хүний хүүхдийн хувь заяа, сурах эрхийг барьцаалж ашиг хонжоо хийх эрх бий гэж үү!

Борооны дараах мөөг шиг олширсон ашгийн бус нэртэй ашиг хонжоо горилсон төрийн бус байгууллагуудыг нэгэнтээ цэгцлэх шаардлагатайг энэхүү үйл явдал харуулж буй юм.  Нөгөө талаар, Монголын олон мянган хүүхдийн сурах эрхэнд халдаж байгаа намуудын улс төрийн могойд барьдаг мод нь Монголын хэдэн багш нар болжээ гэлтэй. Хэдэн төрийн бус байгууллагын хэдхэн нөхрийн тоглоом, шоглоом болж   байгаадаа ч багш, эмч нар дүгнэлт хийх цаг болсон мэт.

Хичээлийн шинэ жилийн сюрприз болгон ажил хаяж буй багш нарын ард томоос том улс төр байгаа нь асуултгүй тодорхой. Угаасаа ч засаг бүхнийг огцруулах хийгээд хэн нэгэн сайдыг оролдох шалтгаан нь цалин хөлсний асуудал байдаг нь бараг л хууль болжээ. Цаашдаа ч энэ асуудал засаг бүрийн толгойны өвчин хэвээр байх болов уу. Товчхондоо, багш нарын цалинг 50 хувиар нэмлээ гээд тэдний нэрийг барьсан  улс төр байсаар л байна гэсэн үг.

Засгийн газраас  ОУВС-тай хийсэн зөвшилцлийн хүрээнд багш, эмч, сувилагч нарын цалинг 12-30 хувиар, харин бусад төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэхээр болсон бөгөөд МҮЭХ-ны зүгээс урамшуулал хэлбэрээр 56.3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 50 хувиар нэмэх зэргийг шаардаж буй.  Мэдээж, энэ шаардлагыг хангахын тулд эдийн засгийн нөөц боломжоо судлах ёстой.

Түүнээс төгрөг үйлдвэрлээд мөнгө тараах шиг амархан асуудал байхгүй бөгөөд энэ тохиолдолд багш нарын цалин цагаан цаас болж хувирна гэж мөрийцсөн ч болно. Харин улстөрчдийн хувьд ард түмний амьдралаас амин хувийн ашиг сонирхол нь үргэлж нэгд байдаг.  Тэр утгаараа  ажил хаяж буй багш нарыг аль нэг улс төрийн нам, бүлэглэл, төрийн бус байгууллага ашиг сонирхолдоо ашиглаж байгаа хэрэг төдий.

Учир нь, Ж.Эрдэнэбатын үед ч багш нар ажил хаяж байсан, тэмцлийнх нь үр дүнд өөр засгийн газар байгуулагдсан, багш нарын цалин нэмэгдэж гавиагүй.  Энэ удаагийн багш нарын тэмцэл тэр үеийн ашиг сонирхлоос юугаараа өөр гэж. Ялгаагүй л намуудын, улстөрчдийн зодоонд “яс” болж буй нь худлаа биш шүү дээ. Яг үнэндээ бол У.Хүрэлсүхийн засгийн унагаах гэсэн танил сценарийн дагуу багш нарын ажилт хаялтын ард Ардчилсан нам  байгаа гэсэн хардлага ч явж байна. Харамсалтай нь, намуудын улс төрийн тэмцэлд жирийн багш, сурагчид  л хохирч үлддэг.  Хэрэвзээ  Монголын багш нарт өчүүхэн ч гэсэн нэр хүнд, өөрийгөө  хүндлэх сэтгэл байгаа бол хэн нэгнийг дагаж намиралгүй хичээлээ заа.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж