1924.09.02-10 Богд хаан, Хан Хэнтий, Хан Тайшир, Цэцэрлэг Мандал уулын аймгуудын ба Их шавийн харьяатын анхдугаар их хурлууд тус тусын нутаг дэвсгэрт хуралдав.
1925.09 сар Эрхүү хотын Их сургуульд монгол оюутан бэлтгэх бэлтгэл ангийг шинээр нээжээ.
1926.09.03 Шашныг төрөөс тусгаарлах тухай хууль батлагдав. Уг хуулиар хутагт хувилгаадыг тодруулах,залах явдлыг эрс хориглож, том лам нарыг үе уламжлан залгамжлах эрхийг нь хасчээ.
1929.09 сар Торгууд хошуудад ардчилсан захиргаа байгуулж, гурван хошууг нэгтгэн “Булган Мандал Бүрэн хан уулын” хошуу болов
1929.09.05 Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах эвлэлийг байгуулах түр хороог байгуулжээ.
1931.09 сар
- Улсын хэвлэлийн газар байгуулагдав.
- Улс хувьсгалын музей байгуулагдав
- Улаанбаатар хотод аж үйлдвэрийн комбинат баригдаж эхлэв
- Хатгалд ноос угаах үйлдвэр баригдаж эхлэв.
- Зава Дамдин “Алтан дэвтэр” зохиолоо бичив. “Замбуу тивийн умар зүгийн Монголын их хаан орны домог алтан дэвтэр хэмээхүй” гэсэн бүтэн нэртэй түүхийн зохиол юм.
- Х.Чойбалсан, Г.Дэмид, Д.Лосол нарын зохиосон “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” зохиол хэвлэгдэв.
1939.09 сар Японы санаачилгаар Чуулалт хаалга хотод “Баруун Монголын төлөөлөгчдийн” их хурал болж Дэван тэргүүтэй “Монголын өөртөө засах нэгдсэн засгийн газар” гэгчийг байгуулжээ.
1942.09 сар
- Сайд нарын зөвлөлийн дэргэд Зөвлөлтийн улаан армид туслах төв комисс байгуулагджээ.
- Намын дээд сургууль байгуулагджээ.
1943.09 сар Монголын цэргийн төлөөлөгчид баруун хил дээр Осваны бие төлөөлөгчидтэй уулзав. Удалгүй уг хэлэлцээрийн үр дүнд Освантай өөртэй нь уулзаж, Осванаас БНМАУ-ын эсрэг явуулж буй дээрмийн үйл ажиллагааг зогсоох, БНМАУ-аас зэвсэг, эд материалын тусламж авч, гоминданы цэргийн эсрэг тэмцэх, Осванынхны гэр бүл, хөрөнгийн хамт Монголд түр суурьших, зэрэг хэд хэдэн тохиролцоонд хүрч чадсан юм.
1944.09 сар сонгуулийн эрх хасагдагсдад /хуучин төрийн язгууртан, лам, ноёд/ уг эрхийг нь олгожээ.
1945.09.02 Япон улс үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Алс Дорнод дахь чөлөөлөх дайн дуусав. Дайнд Монголын талаас 10 хүн амь үрэгдэж, 36 хүн шархтаж, 32 хүн ор сураггүй болж, бусад олноор 24 хүн нас барж, 2179 хүн өвчилжээ. Мөн дайснаас 12318 хүн, онгоц 13, автомашин 121, төрөл бүрийн буу 25705, агт морь 5059, бусад зүйлийг олзолсон байна.
1948.09 сар Аж үйлдвэрийн техникум нээгджээ.
1951.09 сар
- Төмөр замын техникум байгуулагдав.
- Осван тэргүүтэй 500 хүн БНМАУ-аас улс төрийн орогнол гуйв. Тэд орогнол хүссэн бичигтээ “бид зэвсгээ хураалгаад танай улсад юу хий гэсэн болгоныг чинь биелүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийлжээ. Гэвч Монголын засгийн газраас үүнийг зөвшөөрсөнгүй. Хожим ХАЧА-д мөрдөгдөн, хавчигдсаар Осваны бүлгийнхэн 1951 оны эцсээр баригджээ.
- Засгийн газрын ордны барилга баригдав
- Улсын төв номын сангийн барилга ашиглалтад оров.
1952.09 сар ЗСБНХУ-БНМАУ-БНХАУ-ын хооронд шулуун төмөр зам байгуулах тухай гурван улсын хэлэлцээр байгуулав.
1955.09 сар БНМАУ-ын ерөнхий сайдаас НҮБ-ын ерөнхий ассамблейн 10-р чуулганы дарга, ноён Хосед илгээлт явуулж, уг чуулганаар БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлэхийг хүсчээ.
1956.09 сар
- БНМАУ-ын ерөнхий сайдаас НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад НҮБ-д элсүүлэх тухай хүсэлтээ илэрхийлсэн илгээлт явуулав.
- БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн урилгаар БНИндонези улсын ерөнхийлөгч Сукарно Монголд айлчлав.
1957.09 сар
- БНЭУ-ын дэд ерөнхийлөгч, ноён Радхакришнан тэргүүтэй төлөөлөгчид БНМАУ-д хоёр өдрийн айлчлал хийв.
- БНМАУ-БНБАУ-ын хооронд соёл, шинжлэх ухааны талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдав.
1960.09 сар БНГвиней улсын ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Секу Туре БНМАУ-д албан ёсны айлчлал хийв.
1967.09 сар
- Хилийн зарим отрядуудыг нэмж байгуулав.
- БНМАУ-ын гавьяат барилгачин цолыг Д.Чойдог анх хүртжээ
- БНМАУ-ын гавьяат холбоочин цолыг холбоочин Д.Хасвандан, С.Нацаг нар анх хүртжээ
- БНМАУ-ын төв районд Цахилгаан эрчим хүчний системийг байгуулжээ.
- Лениний музей байгуулагджээ. 1980 онд өргөтгөн шинэчлэгдэж, 1990 оноос “Санкт-Петербург” клуб болов
- “Монгол ардын аман зохиолын дээж бичиг” номыг Ц.Дамдинсүрэн редакторлан, Улаанбаатар хотод хэвлүүлжээ.
1968.09 сар БНМАУ-БНАГУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурав.
1971.09 сар
- Хятадын цэргийн удирдагч Линь Бяо нарын сууж явсан онгоц БНМАУ-ын нутагт унаж сүйдэв. Уг онгоц ЗХУ-ыг зорин нисч явжээ.
- БНМАУ-Малайзын холбооны улс болон Аргентин улстай тус тус дипломат харилцаа тогтоов.
1972.09 сар БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газраас хоёр орны хөрөнгө оруулалттай уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргав.
1975.09 сар БНМАУ-Мозамбек болон Мексикийн нэгдсэн улстай тус тус дипломат харилцаа тогтоов
1982.09 Цэргийн дээд сургууль байгуулагдав.
1990.09.03 АИХ-ын 13 дахь удаагийн сонгуулийн анхдугаар Их хурал нээгдэв. Хурлаас БНМАУ-ын ерөнхийлөгчөөр П.Очирбат сонгогдов. Мөн Их хурлаас БНМАУ-ын дэд ерөнхийлөгч, УБХ-ын даргаар Р.Гончигдоржийг сонгож, ерөнхий сайдаар Д.Бямбасүрэнг сонгов. УБХ нь дарга, орлогч, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
1991.09 сар БНМАУ болон БНХАУ-ын хамтын хөрөнгөөр байгуулсан худалдааны төв болох “Туул -Жинпан” их дэлгүүр Улаанбаатарт нээлтээ хийв. Мөн энэ сард Монгол, Хятад хоёр улсын хамтарсан Хятадын Ю Шань зоогийн газар Улаанбаатарт нээв.
1995.09 сар АНУ-ын тэргүүн хатагтай Хиллари Клинтон Монголд айлчлав. Айлчлалынхаа үеэр тэрбээр ерөнхий сайд П.Жасрайд бараалхаж, улс төр, олон нийтийн ба сайн санааны хэд хэдэн байгууллагуудад зочилжээ. Мөн 3.5 сая ам.долларыг бэлэглэн, АНУ-ын Засгийн газраас нэг сая ам.долларыг Эрүүлийг хамгаалах салбарт тусалсныг уламжлав.
1996.09 сар Төрийн өмчийн хороо байгуулагдаж, “Нийгэмд бугшсан, идээ бээрийг шахаж” эхлэв. Төрийн өмчийн ба төрийн өмч давамгайлсан томоохон албан газар компаниудын санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг нь шалгаж, хууль бусаар ажиллаж байсан захирлуудыг нь ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авчээ.
1997.09.02 Монголын хил дээр буун дуу гарав. Буйр нуурт Хятадын иргэд хил зөрчиж, монголын хилчидтэй буудалцав. Үүнийг хоёр талын хил хамгаалалтын албаныхан шалган үзэхэд Хятадын иргэд хил зөрчсөнөө хүлээв.
2005.09.09 Монгол, Хятад хоёр улсын эрчим хүчний салбарын эн тэргүүний хамтын ажиллагааны өдгөөг хүртэл Монгол Улсад хамгийн том хөрөнгө оруулсан төсөл нь, Монгол Улсын түүхэн дэх анхны газрын тос боловсруулах үйлдвэр болох Монгол Улсын Зүүнбаян газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг нээх ёслолыг Бээжин хотноо зохион байгуулав. Хятадын ахуйн түлшний ХХК, Хөлөнбуйр мужийн Хуа Фуши ХХК, Бээжингийн Жин Дэшун ХХК хамтын хөрөнгө оруулалтаар байгуулсан Монгол Улсын Зүүнбаянгийн газрын тос боловсруулах үйлдвэрт нийт 200 сая ам.долларын өртөгийн хөрөнгө оруулж, 2007 оны сүүлээр ашиглалтад орох бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос олборлох төсөл юм. Тус төсөлд шилдэг, техник тоног төхөөрөмжийг ашиглан жилд нэг сая тонн түүхий газрын тос боловсруулж байна.
2006.09.09 Эрээн-Замын-Үүдийг холбосон засмал зам албан ёсоор ашиглалтад орж, Эрээн хотоос Замын –Үүд боомт ороход машинаар гурван минут явдаг болсон байна.
Холбоотой мэдээ