УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ын "өвлөж" авсан үүрэг бол Үндсэн хуулийг өөрчлөх асуудал. Бүтэн 16 жил, дөрвөн парламент дамжин яригдаж байгаа эцэг хуулийг өөрчлөх асуудал үеийн үед эрх баригчдын зөрчлийг дагуулдаг. Энэ удаад ч МАН-ынхан эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа бөгөөд супер Ерөнхийлөгч үү, супер Ерөнхий сайд уу гэсэн асуулт тэднийг зовоож байгаа бололтой.
Монгол Улсын парламентын засаглалтай байна гэдгээ дэлхийд зарлаад 27 жил өнгөрчээ. Анхны ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш тоолбол шүү дээ. Харин өнөөдөр засаглалын болоод эдийн засгийн хямрал, нийгэмд гарч буй олон асуудал, алдааны үндэс бол Үндсэн хууль гэдгийг улстөрчид ярих болсон бөгөөд эцэг хуулийн шинэчлэл эрх баригчдын хаана гацсан бэ гэдэг асуулт тавигдаж буй. МАН-ын үнэмлэхүй олонх өнөөдөр 65-уулаа хэдий ч эмээлийн хоёр бүүрэг шиг болсон, албан бусаар 32 ба 32 гэх бүлэгт хуваагдсан зэрэг нь Үндсэн хуулиас үүдэлтэй бөгөөд Ерөнхийлөгч, спикер, Ерөнхий сайд гэж хуваагдсан төрийн эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэх нь зүйтэй гэдэг дээр ч намууд санал нэгдээд байгаа. Харин тэр эрх мэдлийн эзэн нь Ерөнхийлөгч үү, Ерөнхий сайд уу.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалж байгаа юм. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, санал асуулга явуулж, 42 заалт бүхий төсөл боловсруулжээ. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүд хууль, тогтоолын төслийн санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, насны доод хязгаарыг нэмэх, хууль батлах саналын босгыг өндөрсгөх зэрэг заалтыг тусгасан гэдгийг Ажлын хэсэг онцолж буй.
УИХ одоогоор 75 гишүүнтэй байна. Түүнээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг 67 нь дэмжсэн учраас дараагийн алхмаа хийсэн гэсэн үг. Ингэснээр 67 гишүүний гарын үсэгтэй хуулийн төслийг Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, ШЕЗ, ХЭҮК, Үндсэн хуулийн Цэц, Монголбанкнаас санал авахаар хүргүүлсэн. Эдгээр байгууллага 30 хоногийн дотор саналаа ирүүлэх ёстой.. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн хүргүүлэхээр болсон. Дээрх холбогдох байгууллагуудаас санал ирсэний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах комиссын гишүүд ируүлсэн саналыг авч үзсэнээр УИХ-д өргөн барих учиртай. Үүний дараагаар УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх боломж бүрдэнэ.
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР УИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮН, УЛСТӨРИЙН НАМУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙР СУУРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судлах Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан:
Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, улсын төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх зэрэг заалтыг оруулсан. Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгасан. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоохоор тусгажээ. Мөн сонгууль бүрийн дараа төрийн албанд хийдэг халаа, сэлгээг хязгаарлах, албан тушаалтныг томилохдоо ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгаж байгаа.
УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж:
Үндсэн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Анх Үндсэн хуулийг батлах үед улс төрийн намуудын хөгжил, улс төрийн намуудын дотоод болон хоорондын харилцаа, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх зан байдлын төлөвийг тухайн үед нарийвчилж таамаглаагүй тал бий. Нөгөө л ардчилсан нийгэм рүүгээ орно, хүний эрх, эрх чөлөөгөө баталгаажуулна гэсэн тэр хүчтэй зориг сэтгэл зүй давамгайлснаас бус цаашдын чиг хандлагад төдийлөн тулгуурлагдаагүй гэж хэлж болно. Тийм учраас Засгийн газар тогтвортой байх, Засгийн газар кабинетынхаа хувьд бие даасан байх, Ерөнхий сайдын бие даасан байдлыг хангаж баталгаажуулах, зоримгоор ажиллах энэ чиглэлд өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд миний эмзэглэж байгаа зүйл нь хэтэрхий популист хандлага орох тал байна. Өөрөөр хэлбэл, олон түмэн ингэж үзэж байна, үүний дагуу байх хэрэгтэй байна гэдэг байдлаар хүчээр тулгах гэсэн хандлага. Мөн нөгөө талаар УИХ-ын гишүүн олон удаа чуулганаа тасалбал эргүүлэн татах тухай асуудлыг хөндсөн байсан. Энэ мэт асуудлын цаад үндэс суурийг нь олж хараагүй байж гишүүний хариуцлагын асуудлыг ярих нь зохисгүй юм л даа.
Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай:
Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийг би их сайн болсон гэж боддог. Хүний эрх, эрх чөлөө, төр хувь хүний хоорондох харилцаа, хувийн өмчөө зааж өгөөд ер нь үндсэн юмнууд нь орчихсон. Үүнийг үргэлж өөрчлөөд байх шаардлагагүй. Гэхдээ 25 жилийн хугацаанд ялангуяа Засгийн газрын тасралтгүй явах үйл ажиллагаанд зарим нэгэн гадаа үүсэх зүйлүүд гарч байсан. Тэрийг бол дордсон долоо гэж хүмүүс яриад байдаг би бол үгүй байх гэж боддог юм. Жишээ нь, Ерөнхийлөгч чинь Ерөнхий сайдаа оруулахгүй гацаагаад суучихдаг зэргийг болиулсан гайгүй заалтууд болсон гэж боддог. Хамгийн гол нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тулгуур зарчмууддаа л хүрэхгүй байх ёстой. Төрөөс хүнийг дарангуйлахгүй байх хууль байвал дэмжинэ. Бусад жижиг гацаа үүсгэсэн зүйлсийг арилгах нь зүйтэй юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд харагдсан гацаад байгаа юмнууд бий шүү дээ. Ерөнхийлөгч жишээлбэл, шүүгч нарыг томилдог. Яагаад шүүгч нарыг тэр хүн томилох ёстой юм. Өмнөх долоон өөрчлөлт зөв байсан. Одоо санал болгож байгаа өөрчлөлтүүд ч гацааг арилгасан, амьдралд нийцсэн зүйл харагдаж байна.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхийг ард түмэн манай намд өгсөн. Тиймээс өөрчлөлт оруулах боломж бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар манай бүлэг Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудлыг олон нийт болоод манай бүлгийн гишүүд ч их ярьж байгаа. Тийм учраас энэ удаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байна. Үүнтэй холбоотойгоор манай бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт ард нийтийн санал асуулга явуулах санал гаргаж байгаа. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн зарчмаа тохиролцож чадвал ийм өөрчлөлт хийх нь зөв үү, буруу юү гэдгийг ард нийтээсээ асууна гэсэн үг. Өөрчлөлт оруулахаар боллоо гэхэд УИХ-аас гадна улстөрчид, судлаачид, эдийн засагчид, хуульчид гэх мэт нийгмийн бүх салбарын төлөөллийг оролцуулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг нэг нам эрх ашигтаа нийцүүлээд хийчих зүйл биш. Улс орны тусгаар тогтнол, гурван сая иргэний эрх ашиг гээд олон зүйл ард нь хөндөгдөх учраас Үндсэн хуульд маш нухацтай хандах ёстой. Өөрөөр хэлбэл, маш олон хүний саналыг авч байж нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй.
ҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:
Үндсэн хууль маш том цоож болчихоод байгаагаас гадна өөрчлөлт оруулах боломж хомс. Харин энэ удаагийн парламент нэг нам хэт олонхи байгаагаа ашиглаж өөрчлөлт оруулах боломжтой. Өөрчлөлт оруулахдаа хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Нэгдүгээрт, Засгийн газрыг тогтвортой байлгах эрх зүйн орчин бий болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцохоо больж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бие даан хөгжүүлэх өөрчлөлтийг хийх ёстой. Гуравдугаарт, хөгжлийн хөтөч байгууллагыг төлөвшүүлэх нь зөв. Одоо Үндэсний хөгжлийн газар нэртэй бүтцийг хэлж байна. Энэ чухал байгууллагын нэр, үйл ажиллагаа нь тогтвортой бус байгаа. Дөрөвдүгээрт, үндэсний боловсон хүчний нэгдмэл тогтолцоог бий болгох нь чухал. Намын харьяалал хамаарахгүй шилдэг боловсон хүчнийг үндэсний боловсон хүчин гэж үзэх хэрэгтэй. Тавдугаарт, сонгуулийн тоог цөөрүүлж, хугацааг нь уртасгах нь зөв. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил байгааг зургаан жил болгох ёстой. Зургадугаарт, хянан шалгах хүчтэй байгууллагатай болох хэрэгтэй. Үндэсний аудитын хороо бол ялсан намын зараалын байгууллага болчихоод байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
Үндсэн хуулийг баталснаас хойш 27 жил болж байна. Энэ хугацаанд хуульд өөрчлөлт оруулах цаг болсон нь олон зүйлээс харагдаж байгаа учраас, өөрчлөх нь зөв гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж таван удаа төсөл өргөн барьж байсан юм билээ. Сүүлийн гурван парламент энэ хуулийг өөрчлөх тухайд маш их судалгаа явуулсан. Энэ парламент 2016 оны арванхоёрдугаар сард ажлын хэсэг байгуулснаас хойш үндсэндээ хоёр жил орчим ажиллалаа. Ард түмнээс санал асуулга авах гэх мэтээр олон хувилбар гаргасан. Ингээд бэлэн болсон хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжиж, 67 гишүүн гарын үсэг зурсан. Албан бусаар УИХ-ын гишүүдэд танилцуулж, санал асуулга авсан гэсэн үг. Ажлын хэсгийн хүрээнд маш олон гишүүнийг татан оролцуулсан. Тухайлбал, орон нутаг хариуцсан манай ажпын хэсэгт есөн гишүүн багтсан байх жишээтэй. Миний хариуцаж байгаа орон нутагтай холбоотой хэсэг буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийн дөрөвдүгээр бүлэгт концепцын гурван том өөрчлөлт бий. Иэгдүгээрт, "хот" гэдэг статусыг нэмж байна. 1992 оны Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш л гомдол маргаан дагуулсан асуудал нь хоттой холбоотой. Тиймээс "Хот" гэдэг үгийг нэмж байгаа эцэслэн юм. Ингэхдээ нэг нь улсын зэрэглэлтэй, нөгөөх нь орон нутгийнх байна. Улсынх нь Дархан, Эрдэнэт. Орон нутгийнх нь аймгийн төвүүд. Дараагийнх нь өөрчлөлт ард түмнээс санал асуухад гарсан. Тодруулбал, орон нутгийн Засаг даргыг иргэдээр сонгуулдаг болох. Энэ агуулгаар нь сум, дүүргийн Засаг даргыг иргэд томилдог болох. Харин баг, хорооны болон аймаг, нийслэлийн Засаг даргыг дээд шатных нь хүн буюу Ерөнхий сайд томилдог болъё гэж байгаа юм. Мөн орон нутагт улс төрийн намаас хүнээ нэр дэвшүүлэхгүй гэсэн гурван том өөрчлөлт оруулахаар бэлдсэн. Ингэснээр орон нутгийн иргэдийн эрх мэдэл өргөжих давуу талтай.
УИХ-ын гишүүн асан М.Батчимэг:
Аль нэг нам эрх барьж байгаа үед Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэж байна гэдэг улстөржилт явагдаж магадгүй. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа. Зарим шаардлагатай өөрчлөлтийг хийхгүй бол өнөөдөр Монголд хариуцлагын тогтолцоо байхгүй болжээ. Өнөөдөр бий болсон улсын өр, эдийн засгийн хямрал үргэлжлээд байгаа нь Үндсэн хуулийн зохицуулалттай холбоотой. Тийм учраас бид өнөөдөр ард түмний амьдрал ахуйг өөд татъя, эдийн засгаа эрүүлжүүлье гэвэл Үндсэн хуулиндаа тодорхой зохицуулалт хийхээс өөр аргагүй. Цаг алдаж дөрвөн жил явах биш эрх барьж байгаа МАН-д шаардлага тавих, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард иргэдийн дунд санал асуулга явуулах, улс төрийн намуудын дунд хэлэлцүүлэг зохиосны үндсэн дээр өөрчлөлт хийх шаардлагатай.