Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын гаргасан албан тушаалын дагуу “Шөнийн гэрэлт гудамж” төслийн менежментийн багийн үндсэн чиг үүргийн хэрэгжилт, 2018 онд Шөнийн гэрэлт гудамжинд хэрэгжүүлэх ажлын санхүүгийн төлөвлөлт, зарцуулалтад хяналт шалгалт явуулж, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг Хотын ерөнхий менежерийн Зөвлөлийн өргөтгөсөн хуралд танилцуулжээ.
Шалгалтаар,
-Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар 2017, 2018 онд байгуулсан хамтран ажиллах гурвалсан гэрээний дагуу “Юнайтед инвестмэнт партнерс” ХХК буюу Төслийн менежментийн багаас хүргүүлсэн соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн ажлууд болон үйл ажиллагааны төлөвлөлтийг хянаж мэргэжил арга зүйгээр хангаагүй.
-"Юнайтед инвестмэнт партнерс" ХХК-ний удирдлагуудын зүгээс 2018 онд “Шөнийн гэрэлт гудамж”-ны төслийн үйл ажиллагааг зөв бүтэц зохион байгуулалт, чиг үүргээр хангаагүй, соёл, урлагийн үзүүлбэр, гэр бүл болон спортын арга хэмжээнүүдийн төлөвлөлт, зохион байгуулалтад анхаарал хандуулаагүй, зохион байгуулалтын үйл ажиллагааг сулруулсан.
–Санхүүгийн үйл ажиллагаа хангалтгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг олон зөрчил илэрчээ.
Тиймээс дээр дурдсан болон бусад зөрчлүүдийг арилгах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Зөвлөлийн хурлын шийдвэрээр “Юнайтед инвестмэнт партнерс” ХХК буюу Төслийн менежментийн багт “Зөвлөмж” хүргүүлж хэрэгжилтийг 10-р сарын эхний долоо хоногт багтаан Хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгосон байна.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ