Хичээлийн шинэ жилийн нээлт болж, багш нар ажил хаяхаа мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.09.02-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жилийн нээлт болж, багш нар ажил хаяхаа мэдэгдэв

-NEWS агентлаг энэ долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна-

Хичээлийн шинэ жилийн нээлт болж, багш нар ажил хаяхаа мэдэгдэв

Өнгөрч долоо хоног адал явдал, сонин содон үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Хамгийн их шуугиан дэгдээсэн мэдээлэл нь Засгийн газрын нэр бүхий сайд нар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаа тухай АТГ-ын мэдэгдэл байлаа. Ингээд NEWS агентлаг энэ долоо хоногт болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

АТГ-ЫН МЭДЭГДЭЛ БА САЙДУУДЫН ТАЙЛБАР

Ардын засгийн гурван ч сайд АТГ-т шалгагдаж эхэлсэн нь олны хэл амны бай болж буй.  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат,  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаагаа АТГ мэдээлсэн бөгөөд тэрхүү мэдэгдлийн дараа нэр дурдагдсан сайдууд хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сайдын хувьд төслийн мөнгийг өөрийн ах дүүгийн компани руу шилжүүлсэн гэх асуудалд холбогдоод байгаа аж. БОАЖЯ-нд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан завшсан байж болзошгүй.  Түүнчлэн тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авсан байж болзошгүй хэмээн АТГ-аас мэдээлээд байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдийг албан ёсоор мэдэгдэж байна. Хамаарал бүхий компаниудаа хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичсэн. Хардах эрх хэнд ч бий. Гэхдээ албан ёсны шалгалт хийж байгаа байх. Аливаа улс төрийн сенсаацын өмнө хууль хүчний байгууллага гарч ирээд, мэдэгдэл хийдэг нь одоо ч үргэлжилж байна. Энэ байдлыг бид цаашид өөрчлөх ёстой.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: АТГ-аас Эрчим хүчний яам бус “энэ салбарын” гэж тодотгосон байсан. АТГ-аас 2017 оны эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хамаарал бүхий этгээдүүдийн 130 орчим аж ахуй нэгж тендерт оролцсон байж болзошгүй гэсэн мэдээлэл надад хүргүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас мэдээлэл хийсэн байх. Уг мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. Би болон миний хамаарал бүхий этгээд нэг төгрөгийн ажил авсан бол би шууд ажлаа өгнө.

Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г ахлах мэргэжилтнээр томилсон, мөн хүүгийнхээ жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон гэх асуудлыг хуулийнхан шалгажээ. Ингэхэд Б нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан нь тогтоогдсон байна. Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз гэдгийг ч тогтоосон талаар АТГ мэдээлсэн юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Жолоочоор ажиллаж байсан хүнийг хэлтсийн даргаар яалаа гэж  томилох вэ дээ. Эрүүл мэндийн сайд яамандаа хүмүүсийг ажилд авдаг, халдаг үүрэгтэй ч хүн биш. Энэ бол хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын хийдэг ажил. Ардын хүүхдээс дээд боловсролтой, төрд 6-8 жил ажилласан жирийн хоёр залууг би өөрөө Төрийн нарийн бичгийн даргад санал болгосон. Үүнийг нуухгүй. Гэхдээ  хамаатан садан, эгч дүүс аль эсвэл хүүгийнхээ найзыг би санал болгоогүй. Төрийн өндөр албан тушаалд тавигдах шалгуур гэж бий. Ажилласан хугацаа, эзэмшсэн мэргэжил, мэргэшил гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэх учиртай. Би хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдийн маань найз нөхөд манайхаар орж гарсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл миний хүүд Ө гэдэг найз байгаагүй. Хүүхэд нь найзыгаа санал болгонгуут ээж нь яамандаа ажилд авчихдаг ийм амар хялбар, хямдхан арга зам байж болохгүй.

Өнгөрч буй долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Уртын тээврийг дэмжиж, олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулах ёстой”

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайт авто зам дээр үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийв. Тэрбээр “2017 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын 320 дугаар тогтоолоор уртын тээвэр, богино тээвэр гэж зохицуулахаар шийдсэн. Үүний дараа нөхцөл байдал сайжирч, 110 км үүсээд байсан урт цуваа 30 орчим км болж буурсан. Мөн өвлийн улиралд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын нийгмийн асуудалд ч анхаарсан. Харин зуны цагт хэд хэдэн удаагийн үер бууж, дөрвөн чиглэлд хүндрэлтэй байдал үүсгэсэн. Иймд энэ чиглэлийн авто замыг дөрвөн хэсэг болгон, засвар шинэчлэлийг хариуцаж ажиллаж байна. Цаашид уртын тээврийг дэмжиж, олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулах ёстой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдэх зорилгоор Засгийн газрын зүгээс хэд хэдэн тогтоол гаргаад, ажиллаж байна” гэв.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДААЛАХ БЭЛТГЭЛ ХАНГАГДАЖ БАЙНА

УУХҮЯ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас томилогдсон хамтарсан ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдох бэлтгэл ажлыг зохион байгуулж дууссан байна. Хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаалахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан компанийн дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах хуулийн шаардлага үүссэний дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сард товлон хуралдуулахаар шийдвэрлэв.

Хувьцааг нийтэд нээлттэй санал болгож арилжаалахтай холбоотой олон улсын аудит, хууль, эрхзүйн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэг ажлын даалгавруудыг хийж гүйцэтгэсэн байна.

ТАРИАЛАЛТ ӨМНӨХ ОНООС 1,8 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тодорхой шийдвэрүүдийн үр дүнд энэ онд тариалалт эрс нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд тариаланчид нийт 497 мянган га-д тариалалт хийснээс 367 мянган га-д үр тариа, 13 мянга га-д төмс, 8,3 мянган га-д хүнсний ногоо, 69,8 мянган га-д тосны ургамал 38,8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалжээ. Энэ оны урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулбал 1,2-1,8 дахин өссөн үзүүлэлт аж.

Өмнөх жилтэй харьцуулахад тариалалтын хэмжээ эрс нэмэгдсэн нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд итгэх тариаланчдын итгэлтэй холбоотой гэв. Тариаланчдын олон жил хүсэн хүлээж байсан тариалангийн бүсийг тогтоож, Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард эцсийн шийдвэрийг гаргаж, ойн зурвас татах, хашаажуулах ажлыг улсын төсвөөр шат дараатай санхүүжүүлэн ажиллаж байна.

ЗГХЭГ АЙМАГ БҮРТ ШАЛГАЛТ ЯВУУЛНА

Төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг ЗГХЭГ-аас холбогдох байгууллагын удирдлагуудад шат дараалан өгч байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн аймгийн ЗДТГ-ын дарга нартай нэгдсэн уулзалт хийж, Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажилласан эсэхэд ирэх долоо хоногоос шалгалт явуулж, Засгийн газраас гаргасан тогтоолыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгөв.

Аймгуудын төрийн албаны хүний нөөцийн дүүргэлт, албан хаагчдын ёс зүйн байдал, төрийн өмчийн  барилга байгууламж, ажлын өрөөний дотоод дэг журам, ажилчдын цаг ашиглалтад нарийвчилсан шалгалт явуулна гэв.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Энэ жил хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-н амралтын өдөр таарсан учраас албан ёсны хичээл есдүгээр сарын 3-нд эхэлнэ. Харин өчигдөр /2018.09.01/ зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 260 гаруй мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа нь өмнөх оноос 3300-аар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд төрийн өмчийн 890, хувийн 554, нийт 1443 цэцэрлэг үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангаад байгаа нь цэцэрлэгийн өмнөх насны нийт хүүхдийн 83 хувийг хамруулах боломжтой юм байна. Мөн энэ онд улсын хэмжээнд нийт 1710 ор бүхий есөн цэцэрлэг, 1600 суудалтай гурван сургуулийн барилга шинээр ашиглалтад орох юм. Их, дээд боловсролын байгууллагад 30 гаруй мянган суралцагч шинээр элсэж, нийт 150 гаруй мянган оюутан их, дээд сургуульд суралцах урьдчилсан тооцоолол гарчээ. Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд улсын хэмжээнд төр болон хувийн нийлсэн 814 сургуульд нийт 597,2 мянган сурагч суралцана.

ЕСДҮГЭЭР САРЫН 3-ААС БАГШ НАР АЖИЛ ХАЯНА

Хичээлийн шинэ жилийн нээлттэй зэрэгцэн багш нар ажил хаяхаа мэдэгдлээ. Засгийн газар эмч, багш нарын цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн ч багш нар  есдүгээр сарын 3-нд албан ёсоор  дахин ажил хаялт зарлах болсон талаар өчигдөр мэдээлэл хийлээ.

70 СУРГУУЛЬ, 90 ОРЧИМ ЦЭЦЭРЛЭГ ХИЧЭЭЛ ОРОХГҮЙ

МБШУҮЭХ-ны дарга  Ж.Батзориг “ Бид салбарынхаа яамтай   уулзаж тулгамдаад байгаа асуудлынхаа  талаар ярилцсан. Гэсэн ч бидний тавиад байгаа  гол шаардлага болох цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал дээр тохиролцоонд хүрч чадсангүй. Тиймээс хугацаагүй ажил хаялтыг есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн хийх болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газар наймдугаар сарын 22-ний өдөр цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан ч бид цалинг нэмэх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Дээрх шийдвэрийг МБШУҮЭХ-ны салбарт ажилладаг  нийт багш ажилчид бүгд эсэргүүцэж байгаа.

Есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн нийслэлийн 70 сургууль, 90 орчим цэцэрлэгийн хичээл орохгүй. Шинжлэх ухааны байгууллагууд 100 хувь ажил хаялтад оролцоно. Хөдөлмөрийн тухай хуульд ажил хаялтыг хийхээр бол тав хоногийн өмнө  сургуулийн захиргаанд мэдэгдлээ өгөх ёстой.  Мэдэгдлээ өгсөн сургуулиуд есдүгээр сарын 3-наас эхлэн ажил хаяна.  Харин цаг хугацаандаа хуралдаж амжаагүй байгаа зарим сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сарын 4-5  гэхчлэн нэмэгдээд явна” гэж мэдэгдэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж