Д.Сумъяабазар: Ирэх онд дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2018.09.01-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Ирэх онд дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно

Д.Сумъяабазар: Ирэх онд дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 129 дүгээр бага сургууль, 67 дугаар сургуулийн нээлтэд оролцлоо.  Д.Сумъяабазар гишүүн нээлтийн үеэр нийт сурагчид, багш ажилчид, эцэг эхчүүдэд хандан хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрбээр “Өнөөдөр бүтэн гурван сарын турш ангийн нөхөд, багш нараа санасан сурагчид бие биетэйгээ догдлон уулзаж, зуны турш нам гүм байсан сургууль, анги танхимуудад хонхны дуу цангинан, хүүхэд багачуудын инээд хөөрт бялхдаг сайхан өдөр билээ.

Энэ жичээлийн жилд Сонгинохайрхан дүүрэгт Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн барилгын өргөтгөл болон  67, Ирээдүй цогцолбор 2 дугаар бага сургуулиудын спорт заалыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Мөн өнгөрсөн хичээлийн жилд 640 хүүхдийн хүчин чадалтай 104-р сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор 3 ээлжээр хичээллэдэг хүндрэлтэй байдал арилсан” гэв.

Мөн цаашид 28 дугаар хороонд энэ жил шинэ сургууль барихаар газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа бол ирэх жил 10 дугаар хороонд сургууль байгуулах ажлыг Улсын төсөвт суулгахаар ажиллаж байгааг дуулгасан юм.

2018-2019 оны хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн маань Ерөнхий боловсролын сургуульд 49 мянга 897 сурагч суралцаж байгаа бол 1 дүгээр ангид 6 мянга 926 сурагч элсэн орж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар 9 дүгээр сарын 1-ний өдөр дүүргийнхээ 117, 214 дүгээр цэцэрлэг дээр очиж, хүүхэд багачуудын баярт мөчийг хуваалцлаа. Тэрбээр гэрэлт ирээдүй болсон багачууддаа сурч мэдэх их үйлсийн зам нь дардан байхыг ерөөв. Мөн нийт багш ажилчид, сурган хүмүүжүүлэгчиддээ Ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын ирээдүйг сургах их үйлсэд нь өндөр амжилт хүссэн юм.

2018 онд шинээр 100-150 хүүхдийн хүчин чадалтай 4 цэцэрлэг баригдсанаар нийт 700-800 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар болж байгааг УИХ-ын гишүүн нээлтийн арга хэмжээний үеэр дуулгав.

Дашрамд дурдахад, 2018 оныг Сонгинохайрхан дүүрэг “Цахим боловсролыг дэмжих жил” болгон зарласан билээ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нээлтийн арга хэмжээний үеэр ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан ажилласан сургууль, цэцэрлэгийн багш нарт ажлын гол хэрэглэгдэхүүнийх нь нэг болоод буй таблетыг бэлэглэв.

2018-2019 оны хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх насны 32 мянга 343 хүүхэд байна. Дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар 24 мянга 450 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа гэсэн мэдээ бий. 2018-2019 онд улсын төсвийн хөрөнгөөр 14 цэцэрлэг шинээр, 3 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдахаар батлагдсан бөгөөд ингэснээр хамран сургалтыг 88 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж