40 настай залуугийн даам үдэш

Хуучирсан мэдээ: 2018.09.01-нд нийтлэгдсэн

40 настай залуугийн даам үдэш

40 настай залуугийн даам үдэш

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Ертөнц 12” цоо шинэ тоглолт   өчигдөр /2018.08.31/ “Буянт-Ухаа" спорт цогцолборт болж өндөрлөлөө  “Ертөнц 12” тоглолт нь түүний бие даасан тав дахь том  тоглолт юм. Тэрбээр нийт 12 цомгийнхоо 40 гаруй хит дуугаа дуулан жинхэнэ амьд шоу тоглолтыг үзүүлсэн юм. Түүний тоглолтыг тэсэн ядан догдлон хүлээсэн фенүүд нь “Буянт-Ухаа" спорт цогцолборыг ёстой л “нураах” шахсан гэхэд хэтрүүлсэн болохгүй  болов уу. VIP тасалбар нь 500 мянган төгрөгөөр худалдаалагдсан ч ховрын бараа шиг эрэлттэй байсан гэхэд болно. 15 мянган хүний суудалтай цогцолбор дүүрэн фэнүүдээ доргиож, шуугиулж, бүр уйлуулж чадсан нь 40 шүргэж яваа Д.Болдын өнгөрсөнд бүтээсэн бүхний үр шим гэлтэй.

Сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийн шийдэл бүхий хөгжим дуугаралт, дэлгэцийн өнгө хосолсон  тайз зэрэг нь ямар ч тоглолтуудаас илүү шинэлэг содон байж чадсан юм. Тоглолтод “Камертон” хамтлаг, “Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонго, реппер Quiza, BAT, Ginjin мөн “Voice of Mongolia”  шоуны шилдэг оролцогчид болох Ц.Энгүүн,Б.Хулан,С.Идэрмаа нар оролцлоо. Түүний тоглолтыг үзэхээр олны танил хүмүүс нэлээдгүй явж байсны дунд “Киви” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, дуучин Наки, А.Хишигдалай,Г. Анархүү, Ангууч буюу Б.Баттөр нар байсан юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол HD" телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин, дэд захирал Г.Бат-Эрдэнэ нар хамтран ажилласан бөгөөд олон  хүний бүрэлдэхүүнтэй том баг ажилласан байна. Тоглолтын дараа түүнээс  цөөн асуултад хариулт авлаа.

Удахгүй шинэ уран бүтээлийнхээ ажилд орно

-Таны өмнөх тоглолтуудыг үзэж байсан ч энэ удаагийн тоглолт бүр ч илүү гайхалтай боллоо. Та сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Долоон жилийн дараа бие даасан тав дахь тоглолтоо хийлээ. Тоглолтын үеэр 2005 оноос гаргасан 40 хит дуугаа амьд хөгжимтэй дууллаа. Тоглолтынхоо  ард  амжилттай гарсан нь  арын албаны ажилчид болон тусалж дэмжсэн бүх хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Хамгийн гол нь энэ үдшийг халуун дулаан уур амьсгалтай болгосон хүрэлцэн ирсэн үзэгч фенүүддээ маш их баярлалаа . Сэтгэл их хөдөлж байна.

-Бараг таван цаг дууллаа. Хэр их ядрав?

-Ядраагүй гэж худлаа хэлэхгүй ээ. Гэхдээ бэлтгэл сайтай байсан учраас тоглолт маань  санасан хэмжээнд сайхан боллоо. Ямар ч байсан би энэ тоглолтоороо шоу урлагийг нэг шатанд ахиулсан, урьд нь хийж байгаагүй өргөн хэмжээний тоглолт хийхийг хичээсэн.

-Бие даасан тав дахь тоглолтоо хийчихлээ. Одоо юу хийхээр төлөвлөж байна вэ?

– Шинэ цомгийнхоо бэлтгэл ажилдаа орсон. Удахгүй шинэ уран бүтээлийнхээ ажилд орно  гэсэн төлөвлөгөөтэй байна даа.

Түүний хэлснээр шоу урлагийг нэг шатанд ахиулсан, үзэгч фэнүүдээр заал дүүргэсэн тоглол нь ойрын өдрүүдийн ярианы сэдэв, дурсамж болон үлдэнэ.  Д.Болдын энэ үдшийг доргиосон үзэгч, фэнүүдтэй хамтран дуулж, хамтдаа доргисон таван цагийн тоглолт түүний нулимстай өндөрлөсөн юм.

Ингээд “Буянт-Ухаа" спорт цогцолборыг пиг дүүрэн “бут авсан” Төрийн соёрхолт Д.Болдын тоглолтоос хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Э.БУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж