Н.Учрал: Ц.Цогзолмаа сайд уншиж, судалж ажилламаар байна

Хуучирсан мэдээ: 2018.09.01-нд нийтлэгдсэн

Н.Учрал: Ц.Цогзолмаа сайд уншиж, судалж ажилламаар байна

News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг багцлан хүргэж байна. 

Н.Учрал: Ц.Цогзолмаа сайд уншиж, судалж ажилламаар байна

News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг багцлан хүргэж байна.


Ж.БАТ-ЭРДЭНЭ: ТАЛИЙГААЧ Т.ГОМБОСҮРЭН ЗҮТГЭЛТЭЙ САЙН ЗАЛУУ БАЙСАН

Зам,  тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэтэй цөөн хором утсаар ярилцлаа.

-Та сошиал орчинд идэвхтэй  байдаг улстөрчдийн нэг. Хамгийн сүүлд твиттертээ “УИХ-аар хэлэлцэж,  дараагийн сайд томилтол УИХ-ын өмнө энэ салбарын ажил хуулийн дагуу надад хамаарах болно” гэж жиргэсэн байсан. Тэгэхээр та ажлаа хийж байгаа гэсэн үг үү?

-2019 оны төсвийн тухай хууль удахгүй Засгийн газарт өргөн баригдана. Өнөө маргаашгүй боогдож дуусах улсын төсөвт  яамд, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтад анхаарах тухай твиттерт жиргэсэн. Бас өглөөнөөс эхлээд төсөв дээр сууж ажилласан. Зам тээврийн хөгжлийн яамтай холбоотой төсвийн асуудлыг хэнд тавих уу гэдэг асуултад хуулийн гаргалгаа гаргаж жиргэсэн нь тэр.

-Та үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн ч хуулиараа бол УИХ-аас таныг чөлөөлөх  ёстой байх аа?

-Тийм ээ. Хуулийн дагуу дараагийн сайд томилогдсоноор өмнөх сайдын бүрэн эрх нь дуусгавар болдог. Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХ-ийн сайдын ажлыг түр орлон ажиллаж байгаа. Миний асуудал УИХ-аар хэлэлцэгдэх хүртэл миний бүрэн эрх хадгалагдаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хуулиараа УИХ-ын өмнө энэ салбарыг хариуцаж байгаа нь хэвээрээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Н.УЧРАЛ: Ц.ЦОГЗОЛМАА САЙД УНШИЖ, СУДАЛЖ АЖИЛЛАМААР БАЙНА

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Чуулган завсарласан, ойрд ажил гайгүй байв уу?

-Чуулганы завсарлагаанаар тойргийн иргэдтэйгээ уулзах ажлыг зохион байгуулж байна. Мөн ирэх намрын чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Тухайлбал, Гэр бүлийн тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль намрын чуулганаар хэлэлцэгдэхтэй  холбогдуулан энэ талаар  мэдээлэл судалж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулагдсан. Үүний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, холбогдох хууль, дүрэм журмууд дээр нэлээд ажиллаж байна. Намрын чуулгантай зэрэгцэн түр хорооныхоо  ажлыг эрчимжүүлэхээс гадна улсын хэмжээнд хэрэгжиж байгаа IT-тай холбоотой төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг шалгахаар УИХ-ын Тамгын газраас  ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэгтэй хамтраад төрийн байгууллагуудад шалгалт зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр зэхэж байна. Мөн саяхан Английн Засгийн газрын шугамаар олон улсын манлайлагчдын хөтөлбөрт хамрагдаад ирлээ. Энэ үеэр Кембрижийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гэрээний талаар мөн манай улсын хөрөнгийн бирж дээр хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийн талаар томоохон уулзалтууд хийж тодорхой санал солилцсон.  Манайд сонгуулиас сонгуулийн хооронд төрийн аппарат байнга солигддогоос үүдэж гаднын хөрөнгө оруулалтын ажлууд маш их гацдаг, хийгдсэн ажлууд нь царцсан гээд олон асуудал байна.

-Тухайлбал?

– Ялангуяа боловсролын салбарт хэрэгжиж байгаа олон төсөл хөтөлбөр гацсан байдалтай байгаа. Манайхан эхлүүлсэн төслүүдээ хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүллээ гэхэд эргэж шалгадаггүй, холбогдох албан тушаалтнууд нь байнга солигддогоос үүдэж олон улсад манай улсын нэр хүнд унаж байна гэдгийг олж харлаа. Төрийн албаны дээд түвшин гэхээс илүүтэй газрын дарга нар, мэргэжилтнүүдийг чадваржуулах ажлуудыг сайн зохион байгуулахгүй бол төрийн албаны анхан шатны ажилчдын уршгаар маш олон  ажлууд гацаж байна. Гаднынхан аливаа сургалтын жишээндээ Сири, Монгол улс шиг гэж манай улсыг дурддаг болсон. Бид өөрсдийгөө ардчилсан орны үлгэр загвар болсон улс гэж ярих дуртай. Гэтэл олон улс биднийг харах түвшин  доогуур гэдгийг  эргэж харахгүй бол цаашлаад гаднын хөрөнгө оруулагчид, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно. Жишээ нь Английн хөрөнгийн бирж дээр очоод уулзахад С.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед манай улс Лондонгийн  хөрөнгийн биржийн IT технологийг Монголдоо хэрэгжүүлэхээр гэрээ хийсэн байдаг. Гэтэл өнөөдөр танай улс Эрдэнэс Тавантолгой  компанийнхаа хувьцааны 30 хувийг яагаад ХонгКонгийн хөрөнгийн биржээр гаргах асуудлыг ярьж байгаа юм гэдэг байдлаар бидэнд хандаж байна. Бодлого ингэж алдагдаж байгаагийн уршиг нь мэдээж нэг нам засгийн эрхэд гарахаараа өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан ажлыг нь зогсоодог. Гэтэл үүний цаана нь  Монгол гэдэг том эрх ашиг явж байдаг гэдгийг хаана хаанаа бодох цаг ирсэн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Д.САРАНГЭРЭЛ: ЦААШИД АРДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ДЭМЖИНЭ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 

-АТГ-аас таныг өөрийн туслахаа ахлах мэргэжилтнээр, хүүгийнхээ жолоочийг газрын даргаар томилсон хэмээн шалгаж байгаа  гэсэн. Үнэхээр та хүүгийнхээ жолоочийг яамандаа газрын даргаар томилсон юм уу?

-АТГ, Засгийн газар, Эрүүл мэндийн яам бид нэг баг. Төрийн ажил үүргийг гүйцэтгэж хэрэгжүүлж байгаа  төрийн албан хаагчид. АТГ намайг оролдож байна гэхээс илүүтэй үндсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэдээс ирсэн гомдлын дагуу ажиллаж,  мэдээллээ олон нийтэд хүргэсэн гэж бодож байгаа. Үүнд эмзэглээд байх юм алга. Хамгийн гол нь хоёр залуугийн хувьд сэтгэлээр уначихсан, хүнд байна.  Тэд ажлаасаа чөлөөлөгдье гэж над дээр  орж ирэхэд нь би ажлаа хийцгээ гэж хэлсэн. Ажил хийж амьдралаа залгуулж байгаа Монголын хоёр гэмгүй залуус. Төрд хөдөлмөр эрхэлснийх нь төлөө тэднийг олон нийтэд нэр, нүүрээр нь зарлаж  хүнд байдалд оруулж болохгүй л дээ. Цаашид тэдний ажиллаж, амьдрах хүсэл эрмэлзлийг нь мохоох вий, залуу хүмүүсийнх нь хувьд цаашид өсөж дэвшиж хүсэл эрмэлзлийг нь дарах вий гэж ихэд би болгоомжилж байгаа.

Жолоочоор ажиллаж байсан хүнийг хэлтсийн даргаар яалаа гэж  томилох вэ дээ. Эрүүл мэндийн сайд яамандаа хүмүүсийг ажилд авдаг, халдаг үүрэгтэй ч хүн биш. Энэ бол хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын хийдэг ажил. Ардын хүүхдээс дээд боловсролтой, төрд 6-8 жил ажилласан жирийн хоёр залууг би өөрөө Төрийн нарийн бичгийн даргад санал болгосон. Үүнийг нуухгүй. Төрийн сайд хоёр хүнийг санал болгох эрх байгаа гэж би бодож байна. Гэхдээ  хамаатан садан, эгч дүүс аль эсвэл хүүгийнхээ найзыг би санал болгоогүй. Магадгүй миний хайж байсан хүмүүсийн шаардлагад нийцэх хүн байвал би хүүгийнхээ найз ч байсан санал болгох байсан. Үүнээс айж, ичиж эмээгээд байх зүйл алга. Хэвлэлүүдээр бичигдсэн шиг газрын даргаар томилсон асуудал байхгүй ээ. Төрийн өндөр албан тушаалд тавигдах шалгуур гэж бий. Ажилласан хугацаа, эзэмшсэн мэргэжил, мэргэшил гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэх учиртай. Эрүүл мэндийн яаманд дандаа эмч нар ажиллана гэсэн ойлголт  ч бас байхгүй. Хуульч, эдийн засгийн мэргэжилтэй хүмүүс үндсэн чиг үүрэг дээрээ ажиллаж байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"БАГШ НАР АЖИЛ ХАЯХ МЭДЭГДЛЭЭ СУРГУУЛИЙН УДИРДЛАГАД ӨГСӨН"

Сурагчид хичээл сургуульдаа бэлтгэн сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас гээд хэрэгтэй бүхий л зүйлээ зэхдэг. Гэтэл  өнөөдрийн байдлаар багш нар есдүгээр сарын 3-ний өдөр хүүхдүүдэд хичээл  орох эсэх нь эргэлзээтэй байна.  Учир нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Иймээс  хугацаагүй ажил хаялтыг  есдүгээр сарын 3-ний өдрөөс эхлүүлэхээр болсноо энэ сарын 23-ний өдөр мэдэгдсэн юм.Тэгвэл энэ талаар Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж. Батзоригоос тодрууллаа.

-Багш нар ажил хаях хэвээрээ  юу?

-Хэвээрээ. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш нар  хуралдаад  ажил  хаях мэдэгдлээ сургуулийн ажил  олгогч нарт өгсөн. Бид  есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт хийнэ гэсэн  байр суурин дээрээ байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн  нийт сургууль цэцэрлэгийн 70 гаруй хувь нь ажил хаялтад нэгдээд байна. 2017 онд бид нарыг тэмцэл хийж байхад гал унтраах байдлаар цалин нэмсэн. Бид ажлын байран дээр хаяад суух биш бүгдээрээ талбай дээр ирж нэгдсэн байдлаар жагсаал цуглаан зохион байгуулсан. Засгийн газар иргэдийн ахуй амьдралыг өөд нь татах бодлого боловсруулж чадахгүй байгаа учраас тэмцлээ үргэлжлүүлнэ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажил хаях асуудалд маш хүлээцтэй хандсан. Гэхдээ цаана нь хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа учраас аль болох хүүхдийн эрх ашгийг хохироохгүй байхаар ажил хаяна. Хэрэв Засгийн газар тодорхой хэмжээнд асуудлаа яриад   хүлээж авах  хэмжээний санал тавих юм бол бид ажил хаялтыг зогсооно.

-Уг нь  Засгийн газрын энэ сарын 22-ны өдрийн  хуралдаанаар багш  нарын цалинг нэмэхээр болсон. Цалингийн хэмжээн дээр санал зөрөлдөв үү?

-Засгийн газрын зүгээс хэлэлцээр хийж үйлдвэрчний эвлэлтэй тохирсон зүйл байхгүй. Засгийн газар өөрийн байр сууриа л  илэрхийлсэн хэрэг. Багш ажилчдын цалинг найман хувиар нэмнэ гэсэн. Үүн дээр л санал зөрөлдсөн. Учир нь бидний зүгээс багш нарын цалин хөлсийг 50 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьсан. Харин засгийн газар олон улсын валютын сантай  гэрээ хийсэн. Гэрээний хүрээнд цалинг 50 хувь нэмэх боломжгүй гээд байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Ө.МӨНГӨНТУЛГА: ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ МААНЬ КИНО БҮТЭЭХ Л БАЙСАН

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн, уянгын уран сайхны кино “Хөхөөний үүр” тун удахгүй /есдүгээр сарын 14/ нээлтээ хийх гэж байна. Киноны ерөнхий продюсер Ө.Мөнгөнтулгатай уг уран бүтээлийн талаар ярилцлаа.

-“Хөхөөний үүр” киног бодит явдлаас сэдэвлэсэн гэж сонссон. Хэний амьдралаас сэдэвлэж, яагаад ийм кино бүтээхээр шийдсэн бэ?

-Хоёр жилийн өмнө би Өвөрмонголд драмын жүжгэн дээр ажиллахаар явсан юм. Жүжиг ч амжилттай тавигдаж, нутаг буцах замдаа Хөххотод хэсэгхэн саатаж гэр бүлийнхэндээ жаал зугаа юм авч, хоёр хоносон. Хоёр дахь өдрийн орой өвөрмонгол дүү нар шөнийн хотоо үзүүлэхээр тойрч явтал, гудамжинд нэгэн охин уйлж явахтай таарлаа. Тэр охин уйлаад, их шаналсан байдалтай ганцаараа явсаар  Хөххотын Баянтал гэх зочид буудлын эсрэг талын талбай дээр очоод сууж байгаа нь харагдсан. Харваас монгол охин болох нь илт. Бид хэсэг явж байгаад тэрүүгээр дахиад иртэл нөгөө охин мөнөөх газраа суусаар л байсан. Яагаад ч юм тэр охинтой уулзмаар санагдаад, хүний нутагт ингэж яваа шалтгааныг нь сонсохыг хүссэн. Үнэхээр ч миний таамаглал зөв байсан л даа, охинтой монголоор мэндэлтэл, урдаас монголоор хариулсан. Монгол охин байсан юм.  Ийм шөнөөр, хүний нутагт яагаад ганцаараа уйлаад  сууж байгааг нь асуутал “Зүгээрээ, намайг тоох хэрэггүй, та явж болно” гэлээ. Тухайн үед хүний газар, элэг нэгт монгол охиноо хаяад явж төвдсөнгүй. Хэсэг яриа өдсөний эцэст охин маш их зовлон туулснаа ярьсан. Шунал хүсэл, зоос мөнгөний хойноос улайрсан нэгэн монгол хүн хятадуудтай нийлээд охиныг залилсан байж. Тэгээд л тэр охины туулсан амьдралаар кино хийхээр шийдсэн юм. Харин хоёр жилийн дараа тэр санаа минь кино болж үзэгчдэд хүрэх гэж байна.

-Кинонд тэр охины тухай гарна гэсэн үг үү?

-"Хөхөөний үүр” кинонд цэл залуухан нэгэн эхийн тухай өгүүлнэ. Эх үрийн ариун нандин хүйн холбоо гэж чухам юу байдаг, эх хүн үрээ хайрлахад баян, хоосон, хөгшин, залуу, үндэс угсаа гэж байдаггүй гэдгийг үзүүлэхийг зорьсон. Өнөөгийн нийгмийн сэтгэл эмзэглэм нэг алдаа нь 20-30 насны гурван эмэгтэйн нэг нь өрх толгойлон амьдарч байгаа ажиглагддаг. Залуу ээжүүд хүүхдэдээ ангир уургаа хөхүүлэхээс яагаад ямх ямхаар холдоод байна. Энэ чухам юунаас шалтгаалж байгаа юм бол. Бодох л хэрэгтэй. Дээр нь бидний амьдрал дунд тэр бүр ил байдаггүй ч нийгэмд болж байгаа, цаашид дэлгэрч болзошгүй зүйл олон байна. Тэр болгоныг нурших нь илүүц биз. Киногоо ирж үзээд намайг чухам юу хэлэх гэснийг ойлгоно биз дээ, манай үзэгчид.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж