Засгийн газар эмч, багш нарын цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн ч багш нар есдүгээр сарын 3-ны өдөр орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Өчигдөр /2018.08.31/ Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны /БСШУСЯ/ сайд Ц.Цогзолмаа Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой /МБШУҮЭХ/ уулзаж зөвшилцөлд хүрсэн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2018.09.01/ МБШУҮЭХ багш нар есдүгээр сарын 3-нд албан ёсоор дахин ажил хаялт зарлах болсон талаар мэдээлэл хийлээ.
70 СУРГУУЛЬ, 90 ОРЧИМ ЦЭЦЭРЛЭГ ХИЧЭЭЛ ОРОХГҮЙ
МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг “ Бид салбарынхаа яамтай өчигдөр уулзаж тулгамдаад байгаа асуудлынхаа талаар ярилцсан. Гэсэн ч бидний тавиад байгаа гол шаардлага болох цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал дээр тохиролцоонд хүрч чадсангүй. Өчигдөр орой үйлдвэрчний эвлэлийн холбоо, бүлгийн дарга нар хуралдаад хугацаагүй ажил хаялтыг есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн хийх болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газар наймдугаар сарын 22-ний өдөр цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан ч бид цалинг нэмэх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Дээрх шийдвэрийг МБШУҮЭХ-ны салбарт ажилладаг нийт багш ажилчид бүгд эсэргүүцэж байгаа.
Манай боловсролын салбарт цалин нь 30 хувиар нэмэгдсэн, 20 хувиар нэмэгдсэн цалинтай хүн нэг ч байхгүй. Гэтэл Засгийн газар ард иргэдэд багш нар цалинг нь 30 хүртэл хувиар нэмээд байхад ажил хаялт хийх гэж байна гэсэн буруу ойлголтыг өгч байна. Есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн нийслэлийн 70 сургууль, 90 орчим цэцэрлэгийн хичээл орохгүй. Шинжлэх ухааны байгууллагууд 100 хувь ажил хаялтад оролцоно. Хөдөлмөрийн тухай хуульд ажил хаялтыг хийхээр бол тав хоногийн өмнө сургуулийн захиргаанд мэдэгдлээ өгөх ёстой. Мэдэгдлээ өгсөн сургуулиуд есдүгээр сарын 3-наас эхлэн ажил хаяна. Харин цаг хугацаандаа хуралдаж амжаагүй байгаа зарим сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сарын 4-5 гэхчлэн нэмэгдээд явна. Энэ удаагийн ажил хаялтад бид дараах шаардлагыг тавьж байна. Тухайлбал,
- Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300.000 мянган төгрөгийг аравдугаар сараас өмнө олгох,
- Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг өөрчилж боловсролын салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар нэмэх,
- 2019 оны нэгдүгээр сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байна.
Хэрэв Засгийн газар тодорхой хэмжээнд асуудлаа яриад хүлээж авах хэмжээний санал тавих юм бол бид ажил хаялтыг зогсооно” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ