З.Бямба: Багш хүн бусдын төлөө ажилладаг юм

Хуучирсан мэдээ: 2018.09.01-нд нийтлэгдсэн

З.Бямба: Багш хүн бусдын төлөө ажилладаг юм

З.Бямба: Багш хүн бусдын төлөө ажилладаг юм

Будаг ханхалсан шинэ сургууль, мөнгөн хонхны жингэнээ, уулзалгүй удсан найзууд, удтал санасан багш наргүйгээр төсөөлшгүй энэ өдөр шинэхэн гавьяат багш З.Бямбаатай ярилцлаа. Багадаа хэлмэгдүүлэлтэд өртөж, хоёр ч удаа нэгдүгээр ангид суусан, хагас жарныг бусдын хүүхдэд эрдэм захад зарцуулсан түүнд дурсах зүйл олон ажээ. Өдгөө 87 настай тэрбээр боловсролын байгууллагад 30 гаруй жил ажилласан хөдөлмөрөө үнэлүүлж энэ оны долдугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат багш болсон юм.


-Таныг багш болсон тэр үеэс яриагаа эхэлье?

-Би III сургуулийн төгсөгчдийн нэг. Хүүхдийг багаас нь зөв хүн болгоход бага ангийн багш чухал нөлөөтэй гэж бодоод зориуд багш болсон юм. Тухайн үед багш нарыг ихэвчлэн орон нутагт томилон ажиллуулдаг байсан тул багшийн сургуулийг төгсөөд Төв аймагт хуваарилагдаж байлаа. Тэндээ 15 жил ажиллаад нийслэлийн III сургуульд багшлах болсон. Төв аймгийн арван жилийн сургуульд багшлахаар очсон тэр өдрөөс хойш 30 гаруй жил өнгөрчээ.

-Хөдсөн дээл өмсөөд, галлагаатай байшинд хичээллэдэг байсан үеийг дурсаач?

-Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрж, өссөн. Намайг сумынхаа сургуульд нэгдүгээр ангид орох үед аавыг маань хэлмэгдүүлээд аваад явчихсан юм билээ. Тэр үед би сургуулийн дотуур байранд хамаатныхаа хүүхдүүдтэйгээ цуг суудаг байсан юм. Нэг өглөө сэртэл тэд намайг орхиод алга болсон байсан. Хэлмэгдсэн хүний хүүхдийг эсэргүүгийн хүүхэд гээд сургуулиас хөөсөн тул тэд балчир болохоор нь намайг таньдаг хүндээ захиж үлдээгээд зугтсан юм билээ. Хамаатны эгч маань зугтаж явахдаа хөл, гарын зарим хуруугаа хөлдөөсөн байсан. Ингээд би аавынхаа дүүгийн хүүхэд болж, овгоо өөрчилж, III сургуульд сурах болсон юм. Энэ үед эмээ маань “Сургуульд сурч байсан гэж хэлж огт болохгүй шүү” гэж захиж билээ. Намайг багшлах үед байдал өөр болсон. Аймгийн төв болохоор харьцангуй өөр орчинтой байсан.  Одоо тухайн үеэс бүх зүйл эрс өөрчлөгдсөн.  Хүүхдүүд мэдлэгтэй болсон байна. Харандаа барьж үзээгүй хүүхэд сургуульд орж ирдэг байсан бол одоо хүүхдүүд сургуульд орохоосоо өмнө уншиж, бичиж сурч байна.

-30 гаруй жил ажиллахдаа хэдэн шавьтай болсон бэ?

-Манай анги 35-44 сурагчтай байдаг байлаа. Дөрвөн жил тутам ийм хэмжээний сурагч төгсгөж байсан гээд тооцвол нэлээд хэдэн шавьтай.

-Амжилттай яваа шавь нараасаа дурдаач?

-Шавь нар маань дор бүрнээ өөрсдийн амьдралаа аваад явчихдаг. Тухайлбал, хүүхдүүд найман настайдаа сургуульд ордог байх үед зургаан настай элсч, төгсөөд одоо их сургуульд багшилж байгаа, доктор, профессор хүн ч бий.

-Хотын сургуульд багшлах аймгийн сургуульд багшлахаас хэр ялгаатай вэ?

-Аймгийн хүүхдүүд ичимхий, бүрэг байдаг бол хотын хүүхдүүд илүү нээлттэй байдаг. Адил зүйл нь 40 гаруй төрлийн ертөнцийг нэг зүгт чиглүүлэх шаардлагатай болдог.

-Олон ертөнцтэй ажиллана гэдэг амаргүй. Багшийн мэргэжлээс залхмаар санагдсан үе танд бий юу?

-Хүүхэд бүрээс олон янзын авир гардаг. Шинэхэн багш байх үед хүүхдүүд нэгнийгээ ширээн дээрээс түлхэж унагахаар нь татаж босгоод самбарын өмнө зогсоотол хамаг хувцас нь урагдсан байсан. Гэрт нь дагуулж очоод, “Хувцсыг нь шинээр авч өгье” гэтэл ээж, аав нь “Хэрэггүй ээ, манай хүүхэд өөрөө их дүрсгүй” гэж билээ. Залуу багш байхад энэ үйл явдал тун хэцүү санагдаж байсан.

-Дүрсгүй, хичээл давтах дургүй хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ?

-Аргыг нь олоод харьцдаг л юм даа. Гэхдээ ямар ч хүүхэдтэй хатуу ширүүн харьцаж байгаагүй. III сургуульд багшилж эхлэх үед манай ангид улирч орж ирсэн хүү хичээл таслаад болдоггүй. Би саваа бариад л Зуун айлаар түүнийг хайдаг байлаа. Гурван удаа хичээл тасалсан. Таслах бүрт нь би хайж олдог байлаа. Дараа нь тэр хүү над дээр ирээд “Багш аа, би дахиж хичээл таслахгүй. Та намайг хайгаад Зуун айлаар явж байхыг би харсан” гэж хэлсэн. Түүнээс хойш нэг ч удаа хичээл таслаагүй. Сахилгагүй хүүхдийг загнах, зандрах хэрэггүй. Манай ангид тун дүрсгүй нэг хүү орж ирсэн юм. Би хүүгийн яг нүд рүү нь ширтээд удаан суусан. Хүү эхлээд дүрсгүйтэж байснаа, дараа нь инээсэн. Намайг ямар ч үйлдэл үзүүлэхгүй хараад байсан болохоор бүр сүүлдээ уйлсан. Тэгээд “Багш аа, би дахиж сахилгагүйтэхгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш сахилгагүйтэх нь багассан. Дүрсгүйтэх гэж байснаа намайг хараад байхаар томоотой болчихдог болсон. Том болсон хойноо тэр хүү “Багш намайг хараад л байдаг байсан. Тэр харцыг би мартдаггүй юм” гэж билээ. Би ангиасаа нэг ч хүүхдийг улирааж байсангүй. Бүгдийнх нь аргыг олоод, хичээлийг нь давтуулдаг байлаа.

-Хүүхэд бүр онц сурахыг хүсдэг ч амьдрал дээр тэдний сурлагын түвшин ялгаатай байдаг. Онц сурахыг хүссэн хүүхдэд зөвлөгөө өгөөч?

-Бүх зүйл өөрөөс шалтгаална. Онц сурахыг хүсч байгаа л бол хичээл заахад анхаарлаа хандуулж, хичээлээ сайн давтаж, хичээх хэрэгтэй.

-Та хэдэн хүүхэд төрүүлсэн бэ. Хүүхдүүдээс тань таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?

-Би есөн хүүхэд төрүүлж, өсгөсөн. Тэдэн дунд миний мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй ч шавь нар дунд маань олон багш бий.

-Багш нар цалингаа нэмүүлэхийн тулд есдүгээр сарын 1-нд ажил хаяхаа мэдэгдсэн. Сүүлийн үед багш нар ажил хаяна гэх зүйл хэвийн үзэгдэл болчхож. Та салбарт 30 жил ажилласан хүний хувьд дүгнэлт хийж л байгаа байх?

-Би үүнд тун дургүй байна. Багш, эмч хүн бусдын төлөө ажилладаг юм. Өлсөх үедээ өлсч, ядрах үедээ ядрах л хэрэгтэй. Эмч, багш нар бусдын төлөө ажиллаад л байвал эргээд тэдэнд хариу ирдэг гэж боддог. Мэргэжилдээ сонирхолгүй, дургүй хүн багш болох хэрэггүй. Бусдын сайн сайхны төлөө ажиллах хүсэлтэй хүн л багш болох нь зөв. Залуу багш нарт зүтгэл дутаж байгаа нь ажиглагддаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж