Тэрслүү үг: Төрлийн албыг цөөлье

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Төрлийн албыг цөөлье

Тэрслүү үг: Төрлийн албыг цөөлье

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийв. Ээлжит гэх тодотголтой, дуулиан, шуугианаар дүүрэн уг мэдээлэлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл албан тушаалаа урвуулан ашиглаж хүүгийнхээ найзыг ажилд авсан тухай дурдаад авлаа. Төд удалгүй, Д.Сарангэрэл сайд тайлбар хийж, "Миний найзын хүү биш ээ" гээд шударга сайн ажилладаг залуусыг хүүгийнхээ найз байсан ч дэмжихээ ч илэрхийлж. Шударга сайн хэнийг ч үү, хүүгийнхээ найзыг уу. АТГ-аас сайдын тайлбарт хариу хэлээгүй л байна. Хэрэв Д.Сарангэрэл сайд албан тушаалаа урвуулж, төрийн албаны шалгуураар биш найз нөхдийн журмаар хэн нэгнийг ажилд авсан бол энэ нь түүнтэй хариуцлага ярих шалтгаан мөн. Харин сайдын хэлснээр АТГ хэн нэгнийг гүтгэсэн бол уучлалт гуйх хэрэгтэй.

Үнэндээ хэний хүүгийн найз, хэн даргын эхнэр, хэн гишүүний хамаатан, хэн сайдын дүү төрийн аль яам, тамгын газар агентлагт орох нь Монголын төрийн албанд хэвийн үзэгдэл болсон л доо. Төрийн албаны зөвлөл бол ерөнхийдөө бэлгэ тэмдэг төдий л газар болж хувирсан нь худлаа биш.

Төрийн алба төрлийн боллоо гэж хамгийн их ярьдаг хэлдэг хүмүүс нь улстөрчид өөрсдөө. Харамсалтай нь, наана төрийн алба ярьсан хүмүүс цаанаа төрөл садны хэлхээгээ яаж ажилд оруулж, яаж баяжуулах тухай л яриа өрнүүлдэг нь шүүхээр батлагдаагүй ч амьдрал дээр бол хэдийнэ нотлогдчихсон үзэгдэл. Ядаж байхад, хэн сайдын ах дүү хамаатан садан, хэн гишүүний найз нөхөд, төрөл төрөгсөдөөр дүүрсэн төрийн алба нь хүнд суртал ихтэйг яана. Төрийн албанд орохоороо машин нь ч, яриа нь ч "томордог" нь мөн л бичигдээгүй хууль. Татвар, нийгмийн халамж, гааль, цэрэг, цагдаагийнхантай бүр яриад ч яахав. Төрөхөөсөө л төрийн албанд гээд данслагдчихсан юм шиг хүмүүс байна аа байна.

Монголын төр бол бүр цус ойртчихсон. Дээр нь архидана, зодолдоно, бүр нэгийнхээ аминд хүрнэ. Албан тушаалын дон хэрүүл талцал, чиний миний хүн гэх яриа зөвхөн төрлийн албаныхнаас л сонсогддог. Тэгээд бас цалингаа үргэлж голоостой.

Засгийн газраас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, 188 мянган төрийн албан хаагчийн цалинг 8-30 хувиар нэмэхээр болжээ. Нэг хүн дээр нэмэгдэл нь төдийлөн мэдэгдэхгүй юм шиг боловч нийт төрийн албан хаагчдын тоог, нэмж байгаа хувиар нь үржүүлбэл, татвар төлөгчдийн цуглуулсан мөнгөнөөс чамгүй ихийг тэдний цалингийн нэмэгдэлд олгоно гэсэн үг.

Тиймээс төрийн албаны цалин өсгөе гэвэл өөр гарц, өөр боломж байна. Тэр нь юу вэ гэж үү. Цомхотгол. Төрд ажиллаж байгаа 188 мянган хүний 110 мянга  нь цэрэг, цагдаа, багш, эмч нар гэвэл үлдсэн нь дан оффисийн ажилтнууд. Нэг хүний ажлыг гурав дөрвөөрөө хувааж хийгээд цалингаа чамлаад байгаа тэдний гуравны нэгийг халчихвал төсөв ч хөнгөрөөд ирнэ, төрийн алба ч чамбайрна.

Нэг яамны сайд гэхэд л хоёр гурван зөвлөх, хоёр гурван туслах ажиллуулах жишээний. Сайдын туслах, гишүүний туслах гэх мэтээр төсвийн мөнгөнөөс ах дүүгээ цалинжуулахын тулд бүр төслийн ажилтан нэрээр цалинжуулна.

Төрийн албыг мэргэших бүү хэл мэргэжлийн байхаа ч больсон шүү дээ. Бүр том жишээ гэвэл Үндсэн хуулийн цэц байна. Эцэг хуулийг манах ёстой энэ байгууллага улстөрчдийн гар хөлөөр дүүрээд удаж байгаа. Хамгийн багадаа гэхэд Төрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар гэхэд л хуульд заасан 15 жил төрд ажиллана гэсэн шалгуурыг хангаж байгаа нь тун цөөн.  Аргагүй ч биз, дөрвөн жилийн циклтэй сонгуулийн амьдралаараа амьдардаг Монголын хувьд төрийн алба гэж үнэндээ байхаа больсон. Төрлийн алба нь харин 188 мянган хүнтэй гэсэн үг.

Хэрэвзээ Монгол Улс жинхэнээсээ төрийн албатай болмоор байвал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, эрх баригчдын ах дүү хамаатан саднаар дүүрдэг төрлийн албыг 50 хувиар цомхотгочих. Ингэж чадвал төрийн алба цэгцэрч, төрийн албаныхны цалин нэмэгдэнэ. Түүнээс  төрлийн албаны цалин  найман хувиар нэмэхэд ч төсвийн мөнгө хайран байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж