Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн IV хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болов. Хуралдаанд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Ай Лихуа нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлж оролцов.
Тус хуралдаанаар хоёр талын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хилийн боомт, аялал жуулчлал, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, хуралдааны дүнгээр Протокол байгуулав. Тухайлбал, талууд хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, ӨМӨЗО-ны Хөххотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв байгуулахад хамтран ажиллах, “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээг 2019 онд хамтран зохион байгуулахаар тохиролцож, Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжүүд ӨМӨЗО-ны Ардын засгийн газраас зохион байгуулдаг форум, үзэсгэлэн худалдаанд оролцоход хятадын талаас дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлэхээ илэрхийлэв.
Түүнчлэн хоёр талын төмөр зам, авто замын төслүүдийн бүтээн байгуулалтыг урагшлуулах, хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхийг дээшлүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авах арга хэмжээний талаар тохиролцов.
Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн дараагийн хуралдаан 2020 онд Хөххотод болно.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ