Д.Цогтбаатар: Өрнөөс татгалзсан загвараар БНХАУ-тай харилцана | News.MN

Д.Цогтбаатар: Өрнөөс татгалзсан загвараар БНХАУ-тай харилцана

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: Өрнөөс татгалзсан загвараар БНХАУ-тай харилцана

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцсан. Тус айлчлалын хүрээнд хоёр орны харилцааг хөгжүүлэх ямар шийдвэрүүд гаргасан талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн өмнөхөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд манайд айлчилсан нь чухал ач холбогдолтой боллоо. Та энэ айлчлалыг хэрхэн дүгнэж байна?

-Энэ удаагийн айлчлал гадаад бодлогын болон эдийн засгийн үр дүн өндөртэй байлаа. Бас эдийн засгийн том ахиц авчирлаа. Нөгөөтэйгүүр, хоёр орны улс төрийн харилцааны итгэлцлийг бэхжүүлж, ирээдүйд хөтлөөд явах чухал зарчмыг тохиролцсон. Энэ нь манай орны цаашдын худалдаа, эдийн засгийн бүх харилцаанд хамаатай учир маш чухал юм. Мөнгөн утгаар илэрхийлэгдэхгүй ч маш том зарчмын тохиролцоонд хүрсэн. Мөн өмнө нь хэзээ ч яригдаж байгаагүй нэг зүйлийг хөндсөн. айлчлалын үеэр хятадын тал “Танай улстай хөгжлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Монгол улсын түүхэн замнал, тусгаар тогтнол, бие даасан бүрэн эрхт байдлыг хүндэтгэж хөгжлийг дэмжиж ажиллана” гэсэн. Бид үүнд талархаж байгаа. Гэхдээ хөгжлийг дэмжиж ажиллахдаа Монгол улс өрөнд орж таарахгүй. өрөнд орохоос сэргийлсэн загвараар бид харилцаагаа хөгжүүлэх ёстой гэдгийг анх удаа ярьж тохирлоо. Урьд нь бид хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ аль болох хөрөнгө оруулалтыг их татаж, зээл, тусламж авна гэж ярьж байснаас бус өрөнд орчихсон баймааргүй байна гэж өрөнд орохгүйгээр хамтын ажиллагаагаа өрнүүлэх талаар ярилцаж байгаагүй. Энэ тохиролцоог хийснээр “өгье” гэснээр нь аваад байвал эрсдэлд орж болохыг хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр бид үүнийг тооцохгүй бол ирээдүйд, хойч үе маань ийм эрсдэлд орж магадгүй. Тэр үүднээсээ манай тал үүнд бодлоготой ажиллана, хятадын тал ч үүнийг бодолцоно гэсэн үг.

-Өрөнд орохгүйгээр хөгжлийн хамтын ажиллагаагаа яаж өргөжүүлэх вэ?

-Худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа, Монголын экспортыг нэмье гэж ярилцсан. Экспортыг одоогийн хэлбэрээр биш, уул уурхайн бус салбарын экспортыг хятадтай хийж байгаа худалдаанд түлхүү нэмэгдүүлнэ гэсэн үг. Бид аль нэг улсаас зээл аваад, тэр улсдаа бүтээгдэхүүн зарж чадахгүй байгаа бол өрөнд орно. Харин тэр улс манайхаас бүтээгдэхүүн аваад байвал бид валютын хуримтлалтай болж, зээлээ эргэн төлөх юм. Ердийн амьдрал дээрх бизнес загвар шүү дээ. Бизнесийн байгууллага банкнаас зээл авчихаад түүнийгээ зөв юманд зарцуулахгүй, үйлдвэрлэл явуулахгүй, бүтээгдэхүүнээ зарж чадахгүй бол зээлээ төлж хүчрэхгүйд хүрч өр болдог. Үүнтэй адил Монгол улс БНХАУ-аас зээл, тусламж авбал уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлээ хөгжүүлж, тэр бүтээгдэхүүнийг нь хятадууд авъя гэж тохиролцсон. Энэ бол худалдааны амжилттай загвар бий болгоод зогсохгүй валютын урсгалыг татаж, ямар ч зээлийг төлөх боломжтой болно гэсэн үг. Хамгийн түрүүнд махны экспортыг нэмэхээр ярьсан.

Ерөнхийлөгчийг БНХАУ-д айлчлах үеэр “Бүс ба зам” төслийн том хурал болно

Ноднин Ван И сайдтай махны экспортыг нэмэгдүүлэхээр ярьж эхэлсэн юм. Өнөөгийн байдлаар махны экспортын хэмжээ нэлээд өссөн байна. Гэхдээ хангалттай биш. Бид айлчлалын хүрээнд Ван И сайдыг баруун аймгууд руу авч явсан бөгөөд тэндээс махны экспортыг нэмэгдүүлье гэдэг зорилго тавьсан. Хүмүүс яагаад баруун аймгийг онцлоод байгаа юм бэ гэдэг асуудал тавьж байгаа. Учир нь манай зүүн аймгууд зээрийн бэлчээртэй учраас шүлхий их байгаа. Тэгвэл баруун аймагт шүлхий ерөөсөө гардаггүй. Жишээ нь, Увс аймагт шүлхий гардаггүй шүү дээ. Тэгэхээр энэ эрүүл бүсээс мах экспортлох гэж байгаа юм. Зүүн бүст шүлхий гарснаас болж барууныг нь хамаатуулж болохгүй. Тэр бүс эрүүл учраас сайдад үзүүлээд, баруун таван аймгийн Засаг дарга нарыг уулзуулан боломжуудыг танилцуулж ярилцсан. Үүнээс гадна Засгийн газар бас нэг арга хэмжээ авч малын эрүүл ахуйг хариуцсан агентлаг байгуулж орон тоо, зардал хөрөнгийг нь баталлаа. Ингэснээр Монгол улсад мал эмнэлгийн тогтолцоо бүрдэж малаа эрүүлжүүлж чадна. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт, хуримтлалаар малаа эрүүлжүүлж чадвал аль ч бүсээс махны экспорт хийх боломж бүрдэх юм. Тэгснээр хоёр орны хамтын ажиллагаа олон хүнд хүрэх бас нэг боломж гарна. Гадаад харилцаа зөвхөн нийслэл хоорондын харилцаа биш шүү дээ. Алслагдсан аймгийн иргэд гадаад харилцааны үр дүнгээс жигд хүртэх ёстой.

-Махны экспорт нэмэгдвэл хоёр орны худалдааны эргэлт ямар хэмжээгээр өсөх вэ?

-Хоёр орны худалдааг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьсан. Үүний дийлэнхийг хүнсний бүтээгдэхүүний экспорт эзлэхээр тохиролцсон.

-Айлчлалаар 2019-2020 онд хоёр орны хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Ирэх онд төрийн ямар айлчлалууд болох вэ?

-БНХАУ ирэх жилийн эхний улиралд Монгол улсын Ерөнхийлөгчийг төрийн албан ёсны айлчлалаар хүлээж авна. Тэр үеэр “Бүс ба зам” төслийн том хурал болно. Түүнд оролцохын зэрэгцээ албан ёсны айлчлал хийнэ. Мөн ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Мэдээж, бидний хувьд түүхэн чухал арга хэмжээ. Энэ жил БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж байна. Ер нь манай улс 70 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон улс цөөхөн байдаг. Бид хятадуудтай харилцахдаа болгоомжлоод байдаг талтай. Гэтэл “Монгол улс дэлхийн газрын зураг дээр байх эрхтэй улс, энэ улсыг оршин тогтнуулахын төлөө байна” гэж хүлээн зөвшөөрсөн дөрөв дэх орон шүү дээ. Өнөөдөр Монгол улс 180 оронтой дипломат харилцаатай. Биднийг дэлхийн ихэнх орон хүлээн зөвшөөрөөгүй байхад тэр үеийн ЗХУ, БНАСАУ, Албани улсын дараа БНХАУ хүлээн зөвшөөрсөн. Харин бид БНХАУ-ыг хүлээн зөвшөөрсөн найм дахь орон. Тэгэхээр нэгнийхээ тусгаар тогтнолд түүхэн нөлөө үзүүлж ирсэн хоёр орны хувьд энэ харилцаагаа хөгжүүлээд явах ёстой. Ёслол төгөлдөр тэмдэглэнэ гэдэг түүхээ хүндэтгэж байгаа хэлбэр. Мөн хүнд хэцүү цагт нэгэндээ яаж тусалж байсныг санана гэдэг итгэлцлийг бэхжүүлэхэд маш чухал. Энэ арга хэмжээг зохион байгуулах баримт бичигт Ван И сайд бид хоёр гарын үсэг зурсан. 70 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад төлөвлөгөө боловсруулж байна.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2018-08-31 66.181.189.46

ХАВХАНД ОРДОГОО ОРЧИХООД ӨР ТАВИХГҮЙ ГЭЖ БИТГИЙ ҮЛГЭР ЯРЬ ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж