Зээлийн өсөлт бизнесийг чиглэж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Зээлийн өсөлт бизнесийг чиглэж байна

Зээлийн өсөлт бизнесийг чиглэж байна

Төлбөрийн тэнцэл оны эцэст 200-300 сая ам.долларын ашигтай гарах төлөвтэ​й

Зээл олголт ирэх саруудад эрчимжинэ. Учир нь банкны системд ойролцоогоор хоёр их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэр буюу төв банкны үнэт цаас гаргах боломж бий гэж Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир мэдэгдэж байна. Зээлийн энэ урсгал бизнесийг илүү чиглэх аж. Сүүлийн 2-3 сарын хугацаанд бизнесийн зээл эрчимжиж, хэрэглээнийх саарчээ. Энэ хандлага ирэх саруудад ч хадгалагдах төлөвтэй. Эдийн засгийн төрөлжилтийн нэг тулгуур болох бизнесийн зээл жилийн дүнгээр 15.7 хувийн хурдтай өсөж байна. Эргэн сануулахад, энэ оны зургадугаар сард төв банкны Мөнгөний бодлогын хороо иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох шийдвэр гаргасан. Өрхийн орлогын 70 хүртэлх хувьд хэрэглээний зээл олгохыг зөвшөөрсөн энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчлэх юм.

Монгол улсын мөнгөний бодлогын жишиг хүү өдгөө сүүлийн есөн жилийн доод цэгт хүрсэн. Энэ оны гуравдугаар сард төв банкны бодлого тодорхойлогчид тус хүүг нэг суурь нэгжээр бууруулж, 10 хувьд хүргэсэн юм. Тэгвэл өнгөрсөн хавар хөндсөн хүүгийн нөлөө одооноос макро эдийн засагт мэдрэгдэж эхэлжээ. Сүүлийн саруудад хадгаламж болон зээлийн хүү буурч эхэлсэн байна. Манай улсын төлбөрийн тэнцлийн хамгийн таатай үе энэ оны сүүлийн хагаст тохиож байна. Төлбөрийн тэнцлийг орох, гарах гэсэн хоёр сувагтай “хэтэвч” гэж үзвэл өнгөрсөн оноос өссөн Монголыг чиглэх валютын дотогшлох урсгал ирэх саруудад ч эрчимжинэ. Харин мөнгөний гадагшлах урсгал саарах төлөвтэй. Учир нь манай улсад ирэх он хүртэл гадагш чиглэсэн валютын томоохон өр төлбөр байхгүй гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлсэн юм.

Монголчууд хилийн чанадад аялахдаа 282 сая ам.доллар зарцуулжээ

Засгийн газар энэ онд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт нийт 3.8 их наяд төгрөг төлөхөөр байсан. Үүний 2.7 их наяд төгрөгийг оны эхний долоон сард төлжээ. Харин ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд 836 сая ам.доллар Монгол улсад үе шаттайгаар орж ирэх аж. Энэ нь өнгөрсөн оноос 100 орчим сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Ирэх саруудад Монголыг чиглэсэн валютын орох урсгал ийн нэмэгдэж, гарах суваг нь саарахаар байна. Ингэснээр гадаад валютын албан нөөц зузаарч “ногоон”-ы ханшийг ногтлох боломж бүрдэнэ хэмээн төв банк үзэж байна. Төв банкны мэдээлснээр төлбөрийн тэнцэл оны эцэст 200-300 сая ам.долларын ашигтай гарах таамагтай. Энэ хэрээр гадаад валютын албан нөөц нэмэгдэнэ.

2018 оны эхний хагаст Монгол улсын гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Төлбөрийн тэнцэлд багтсан сайн болон саар үзүүлэлтийг хүргэхэд, Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны зургадугаар сарын байдлаар өсөж 879 сая ам.долларт хүрсэн. Үүнийг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Ялангуяа, “Оюутолгой”-н санхүүжилт 700 гаруй сая ам.доллартай тэнцэж, манай гадаадын шууд хөрөнгө оруулалтын бараг 80 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Харин үлдсэн хувийг нь нүүрсний олборлолт дагасан мөнгөний урсгал эзэлжээ. Түүнчлэн монголчууд өнгөрсөн өвлөөс энэ оны зургадугаар сар хүртэл хилийн чанадад аялахдаа 282 сая ам.доллар зарцуулжээ. Харин Монгол улсад энэ хугацаанд хүрэлцэн ирсэн жуулчид 151 сая ам.доллар авчирсан. Ингэснээр Монгол улс аялал жуулчлалын салбараас 130 гаруй сая ам.долларын алдагдал хүлээжээ.

ЗГМ: Тодруулга

Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг тодотгоно

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.

-Агаарын бохирдлын эсрэг урд хөршийн бодлогыг даган манай нүүрс олборлогчид баяжуулах үйлдвэр байгуулж эхэллээ. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний чанарыг дээшлүүлэхэд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай компани одоогоос бараг 6-7 жилийн өмнө Цанхийн зүүн уурхайг түшиглэн жилд 20 сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар бэлтгэж эхэлсэн. 2012 онд уг үйлдвэрийн урьдчилсан зураг төсөл буюу FEED болон ТЭЗҮ-ийг Австрали-Америкийн хамтарсан “Аусенко таггарт” компаниар гүйцэтгүүлж, УУХҮЯ-ны дэргэдэх “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-өөр батлуулсан. Гэвч зах зээлийн нөхцөл байдал болон усны эх үүсвэр тодорхойгүй байснаас уг төсөл өнөөг хүртэл гацсан. Ингэснээр тухайн үеийн тооцоо судалгаа, ТЭЗҮ нь хуучирсан. Иймд хуулийн дагуу ТЭЗҮЭЭ тодотгох, мөн өдөр ирэх тутамд шинэчлэгдэн сайжирч буй уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулалтын дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Тавантолгой орд нь говийн, ус ховор бүс нутагт оршдог тул шинэ баяжуулах үйлдвэртээ хамгийн сүүлийн үеийн, өндөр үзүүлэлттэй “усгүйжүүлэх” буюу хэрэглэсэн усаа буцаан шүүж авах, цэвэршүүлэх тоног төхөөрөмжүүдийг сонгох бодлого барьж ажиллаж байна. Мөн ордын нүүрсний чанар харилцан адилгүй тул үүнд тохирсон баяжуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа.

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г чих тавин чагнаж байна. Бэлтгэл ажил үргэлжилж байна уу?

-IPO-той холбоотой бэлтгэл ажлын хэрэгжилтийг Засгийн газарт 14 хоног тутам танилцуулж байна. Мөн IPO-той холбоотой худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж байгаа. Компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар томилогдсон. Энэ дагуу зарим өөрчлөлт хийж буй.

-“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний хагасыг тун таатай үдсэн. Сүүлийн хагасыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Бид 2018 оны эхний хагас жилд 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, төсөвт нийт 216.5 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн. Мөн 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Уг нь батлагдсан төсөв, хүлээгдэж буй үр дүнгээр энэ онд нийт 1.2 их наяд төгрөгийн орлого олж, 337 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцсон. Харин бидний тооцоогоор 1.7 тэрбум төгрөгийн орлого олж, 580 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаар байна. Мөн улсын төсвийг чиглэх мөнгө ч 258 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 350 гаруй тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоо гарсан. өөрөөр хэлбэл, компанийн санхүүгийн үзүүлэлт төлөвлөснөөс давах төлөвтэй байна.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж