Улс төрийн гар хөл болохгүй байхыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

Улс төрийн гар хөл болохгүй байхыг зөвлөв

УИХ-ын чуулганаар Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцээд Д.Нямсамбуу, Б.Энхмандах, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Б.Батбаяр, Б.Золбаяр, З.Энхболд нарыг тус тус дэмжин баталлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж буй бөгөөд Ц.Нямдорж “2005 онд хууль батлагдан зөвлөл анх байгуулагдсан. Үүнээс хойш бие даачих байх, хараат бус болчих байх гэж их горьдож байсан. Гэтэл одоог хүртэл байхгүй л байна. Сая өмнөх засгийн газар огцрохын өмнөх өдөр С.Бямбацогт ярилцлаганд орно гээд нийтэд зарлачихсан байхад нь Баасанг оруулж байсан байх аа. Аль ч засгийн үед ийм балмад явдал байж болохгүй. Ордноос захиалга өгөөд, ерөнхий захирлаараа дамжаад ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Хуулийг нь байхгүй болгоод Засгийн газарт эрхийг нь өгөөд хаячихсан нь бараг дээр юм биш үү. Өмнөх засгийн үед хэвлэлийнхэн хаалтын гэрээ хийлээ гэж баахан шуугисан. Сүүлд нь аль сонинд хэчнээн төгрөг өгсөн нь гарч ирсэн биз дээ. Түүнд нь засгийн газрын гишүүнийг муулж болохгүй гэсэн заалттай. Хөгжмөө захиалангуут хэдэн сэтгүүлчид нь өдөр шөнөггүй гүйж байдаг. Олигархиудын гарт хэвлэл мэдээлэл байсан цагт чөлөөт хэвлэл гэж нар үзэхгүй дээ. Улс төрчид хэзээ хэвлэл мэдээллээс савраа татах юм бол” гэв.

Ц.Даваасүрэн араас нь “Үндэсний олон нийтийн телевизийг хараат бус байлгах шаардлага байна. Эхэндээ төрийн бус байгууллагуудаас сонголт хийнэ гээд үзсэн. Гэхдээ сүүл сүүлдээ сонголт биш болоод эхэлсэн. Уг нь үүнийгээ бэхжүүлэх ёстой байгаа юм”  гэсэн бол Ц.Оюунбаатар гишүүн “хариуцлагыг гартаа аваад улс төрийн намын гар хөл биш болж ажилламаар байна”, гишүүн Ж.Энхбаяр “Бодит мэдээллийг олон түмэнд үнэн зөвөөр өгч байгаагүй, амьдрал сайхан байна гэж мэдээлж байсны гор гарч байгаа. Шинээр томилогдож буй улсууд маань үүнд анхаарлаа хандуулмаар байна”, гишүүн Ө.Энхтүвшин “хэрхэн ажиллахыг нь л харья даа. Өмнө очсон зарим хүмүүсийн хувьд яг юу хийх гэж очсоноо ч мэддэггүй нөхөд байсан шүү”, гишүүн С.Баярцогт “Ядаж үндэсний телевиз маань НD болчих хэрэгтэй. Шууд дамжуулалттай, шуурхай байх ёстой. Гадаадад сувагтай болмоор байна” гэх зэрэг саналтайгаа хэлсэн байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж