Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр /2018.08.31/ 09.00 цагт тус сургуулийн хичээлийн төв байранд боллоо. Биднийг очиход тус сургуулийн зааланд багш нар болон сургуулийн удирдлагууд цугларсан байв. Нээлтийн үеэр сургуулийн захирал Ж.Цолмон нийт ажилчдадаа хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж энэ жил хийхээр төлөвлөсөн хичээлийн хөтөлбөр, зорилтуудын талаар танилцуулсан юм.
Түүнийг үг хэлж дуусмагц “Боловсролын сайд огцор, МАН-ын томилгоог эсэргүүцэж байна” хэмээн уриа, лоозон барьсан хэсэг багш нар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, танхимд эмх замбараагүй байдал үүсгэлээ.
Наадмын үеэр АШУҮИС-ийн захирлыг ажлаас нь чөлөөлж оронд нь Ж.Цолмонг томилсон шийдвэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гаргасан билээ. Тодруулбал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг 2018 оны долдугаар сарын 10-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон тушаал гарсан юм. Үүнээс улбаатайгаар уриа лоозон барьсан багш нар Ж.Цолмонгоос уг томилгооныхаа талаар тайлбар хийхийг шаардав. Мөн багш нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор “АШУҮИС-ийн тогтвортой хөгжил” нэртэй үйлдвэрчний эвлэлийн хороог албан ёсоор байгуулснаа мэдэгдлээ.
ХУУЛЬ БУС ТОМИЛГООГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
Тус үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ангармөрөн бидэнд дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Манай үйлдвэрчний эвлэлийн хороо 2018 оны наймдугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан. Бид багш ажилчдынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор шинээр үйлдвэрчний хороо бий болгосон. Бидний зүгээс хууль бус нам дагаасан томилгоог эсэргүүцэж байна. Бид Боловсролын яаманд төрийн албаны зөвлөлийн 60-р тогтоолыг барьж ажиллаач гэсэн шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй. Тиймээс Ж.Цолмон захирлыг багш, хамт олныхоо дунд албан ёсоор тайлбар хийхийг шаардсан. Мөн бид нарын сургууль доторх цахим сүлжээг бүгдийг хаасан” хэмээн бухимдангуй ярилаа.
БАГШ НАРЫГ АЖЛААС ХАЛНА ГЭЖ СҮРДҮҮЛСЭН
Тус сургуулийн Хангамж үйлчилгээний газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн иргэн Ц.Батхуяг “Боловсрол, эрүүл мэндийн салбар дампуурлаа. Ингэж салбар бүрт улс төр ороод байвал юу ч хөгжихгүй. Бид хуулийнхаа дагуу үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсан. Манай сургуульд үйлдвэрчний эвлэлийн хороо байдаг боловч гишүүнчлэлийнхээ мөнгийг төлөөгүй учраас таны эрх ашгийг хамгаалахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр нь бидний хэдэн залуучууд нэгдээд Монголын багш нарын холбоотой хамтран шинээр үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар манай сургуульд 10 гаруй багш ажилчин халагдсан. Энэ бол яах аргагүй улс төрийн томилгоо гэж би хардаж байна. Бидэнд ажлаас халагдсан шалтгааныг шинэ баг бүрдүүлж байгаа учраас та нарыг ажлаас чөлөөлнө гэж тайлбарласан. Ж.Цолмон захирал өчигдөр багш нарыг нэг нэгээр нь өрөөндөө дуудаад аливаа улс төрийн жагсаал цуглаан, үйлдвэрчний эвлэлийн хороог дэмжих юм бол ажилгүй болно шүү гэж сүрдүүлсэн байсан. Ийм зүй тогтолцоо боловсролын байгууллагад хэрхэвч байж болохгүй” гэж мэдээллээ.
БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА ӨӨРИЙН ГЭСЭН СОЁЛ, ДЭГ ЖАЯГТАЙ БАЙХ ЁСТОЙ
Тус сургуулийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч Т.Баясгалан “Төрийн албан зөвлөлөөс баталсан тогтоол гэж бий. Үүний дагуу захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг хүсээд байгаа юм. Сонгон шалгаруулалт явуулахгүйгээр намын нэр барьж захирлын албан тушаалд томилогдсон нь бидэнд буруу жишгийг тогтоож байна. Боловсролын байгууллага өөрийн гэсэн соёл дэг жаягтай байх ёстой. Гэтэл улс төрийн намын шууд томилгоогоор удирдлагыг томиллоо. Үнэхээр манай сургууль дампуурсан газар байсан хамаа алга. Гэтэл хөгжлийн бодлогоо тодорхойлсон, энэ чиглэлээр амжилттай бүтээн байгуулалт хийж яваа байгууллага руу шууд томилгоо хийж байгааг бид эсэргүүцэж байна" гэлээ.
Холбоотой мэдээ