Энэ удаагийн шинэ засаг бүрэлдэн тогтоход жендерийн мэдрэмжтэй намаар МАН тэргүүлэв. Учир нь Засгийн газарт орсон ердөө хоёрхон эмэгтэй сайдын тоонд МАН-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, АН-аас УИХ-ын гишүүн Р.Бурмаа нар Ч.Сайханбилэгийн кабинетад багтаж чадсан юм. Норовын Алтанхуягийн Засгийн газарт гурван эмэгтэй сайд байсан бол нэг сайдынхаа тоог алдав. Харин дэд сайдуудын эгнээнд багтсан эмэгтэй дэд сайдынхаа тоогоор энэ удаа МАН тэргүүлж бас л улс төрийн зах зээлийн ширүүн өрсөлдөөнт энэ цагт эмэгтэйчүүдийг ч дэвшүүлж чаддаг ээлтэй нам гэдгээрээ магнай тэнийлгэж чадав. АН удаалж байна. Харин Ерөнхийлөгчид эмэгтэй улс төрчөө дэвшүүлж, жендерийн мэдрэмжтэй нам гэдгээрээ гайхуулж байсан МАХН-ын тухайд энэ удаа тэг оноо авав.
Болд мэт хатаагдсан эмэгтэй улстөрчид
Засгийн газрын гишүүнээр томилогдсон хоёр эмэгтэй сайдын тухайд улс төрийн гал тогоонд удаан чанагдсан он жилүүдээрээ ч ижил, намдаа эзлэх байр сууриараа ч адилхан хат сууж халуун чулуу долоосоноороо ч эн тэнцүү туршлагатай улс төрчид. Өөрөөр хэлбэл халуунд халж, хүйтэнд хөрж, хөр цасанд дундуур л туулж явах тэвчээр сэтгэлийн хаттай эмэгтэйчүүд. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын хувьд элдэв хэл амыг үл ажран, эрчүүд давамгайлсан улс төрийн хатуу ширүүн тэмцлийг сөрөн зогсож, тэдэнтэй эн тэнцүү хүчтэй улс төрч гэдгээ баталж чадсан. Биеэ засаад гэрээ зассан, гэрээ засаад төрөө засалцаж буй төрийн түшээ энэ эмэгтэй улс төрч эрчүүдийг хүртэл бажгадуулж чадахуйц хүчтэй лидер. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн тухайд туйлширч давхиад байдаггүй тулхтай тууштай эмэгтэй. Ардчилалын төлөө зүтгэсэн он жилүүд нь арай л удаж удаж бүүр хойно түүнд хишгээ хүртээж буй мэт санагддаг.
Нас туршлага жигдэрсэн эмэгтэй дэд сайдууд
Тэд олонд төдийлэн танил бус болохоор арай дөмөг дэлгэрэнгүй өгүүлэх нь зүй. Гадаад хэргийн дэд сайдаар томилогдсон Н.Оюундарь эдийн засагч мэргэжилтэй. Монголдоо хоёр ч их дээд сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлагаар төгсөөд дэлхийд алдартай Голландын Маастрихтын менежментийн сургуульд суралцаж, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хүртжээ.
“Үхэрчин хүү, Цэрэндорж оо” гэдэг алдарт Наваан-Юндэнгийн дуу бий. Чингисийн алтан ургийн сүүлийн ноён Хараагийн Баатар ван Наваан-Юндэнгийн өвөр дээр эрхэлж өссөн Оюундарийн тухай эхний өмнөтгөл ойлголт иймэрхүү. “Эрдэм номыг эрхэмлэн үзэх үзэлд хичээнгүйлэн суралцах нь манай гэр бүлийн үнэт зүйл гэж боддог” хэмээн тэр нэг удаа сэтгүүлчид ярилцлага өгөхдөө хэлсэн удаатай. Гэрийн боловсрол дээр сургуулийн сайн боловсролыг эзэмшиж чадсан тэрбээр ажил, амьдралын гараагаа олон улсын байгууллагуудаас эхэлжээ. Үндэсний бүтээмж, хөгжлийн төв, Дэлхийн банк, Монголын бизнес хөгжлийн агентлаг, НҮБ-д төслийн зөвлөх, Монгол-Голландын хамтарсан “Очир лизинг” ХХК зэрэгт ажиллаж олон улсын байгууллага, хувийн хэвшлийн багагүй туршлага хуримтлуулсан байна. Ашигт малтмалын тоног төхөөрөмжийн “лизинг”-ийг практикт нэвтрүүлж Монголд анх удаа санхүүгийн зах зээлийн шинэчлэлд өөрийн хувь нэмрээ оруулсан.
2000-2008 он бол Байгаль орчны яаманд ажилласан түүний он жилүүдийг сурсан мэдсэнээ байгаль хамгааллын онцгой ажилд зориулсан, багагүй үр дүнд хүрсэн бүтээлч цаг хугацаа. БОЯ-ны Гадаад хамтын ажиллагаа, Стратеги, төлөвлөлт, бодлого, зохицуулалтын гэсэн хоёр чухал газрын даргаар ажиллахдаа газар, ус,ойг хамгаалах төрийн бодлогын стратегийн цоо шинэ үзэл баримтлалыг боловсруулалцаж, хэрэгжүүлж байснаараа тэр бахархдаг. Н.Оюундарь нөхрийнх нь үүсгэн байгуулж, толгойлж буй “БльюМон” группын зөвлөх хийж, сайн гэргий төдийгүй ажил хэргийн сайн хамтрагч нь болдог. МАН-ын Бага хурлын гишүүн, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Хяналтын хорооны гишүүн хэмээх сонгуульт ажлуудтай. Намд 3 удаа хяналтын ерөнхий хорооны гишүүнээр сонгогдож ажиллаж байсан туршлагатай.
Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Д.Атармаагийн хувьд эмчийн мэргэжилтэй, Зүүнбаянгийн цэргийн эмнэлэгээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрбээр Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежид багш, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга гээд салбарынхаа анхан шатнаас удирдах түвшинд ажиллаж байсан. Хүн эмчилж, ирээдүйн эмнэлэгийн ажилтнуудыг сургаж, удирдалагад нь ажилласан болохоор салбарынхаа жаргал зовлон, бодит байдал, хөгжлийн төлөвийг сайн мэднэ. Мэргэжлээс шалтгаалах буюу хөдөлмөрийн эрүүл мэндийн салбар нь нийгмийн өмнөх тогтолцооны үед ч, шинэ тогтолцооны үед ч бүхнийг бүтээн босгосон ажилчин ангийн эрүүл мэндийг хамгаалахын төлөөх ажил, төрийн бодлого байсан боловч анагаах ухаанын бусад салбараас харьцангуй хоцрогдож буй цагт Д.Атармаа энэхүү чухал салбар болох Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байсан юм. Шинээр томилогдсон дэд сайд бүсгүйчүүдийн талаар эрж сурж байн олж мэдсэнээсээ цухас дурьдахад ийм байна.