УИХ-ын чуулганаар Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг зөвлөлд Д.Нямсамбуу, Б.Энхмандах, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Б.Батбаяр, Б.Золбаяр, З.Энхболд нар нэр дэвшээд байгаа аж.
Хуулийн дагуу зөвлөлд нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчөөс нэг хүн / Д.Нямсамбуу /, Засгийн газраас хоёр хүн /З.Энхболд, Б.Золбаяр/, УИХ-аас дөрвөн хүн /Б.Батбаяр, Б.Энхмандах, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн/ нэр дэвшүүлж УИХ-аар эцэслэн батлах учиртай юм.
Д.Нямсамбуу гавж нь Өмнөд Энэтхэгийн гүн ухааны Гоман дацанд 10 жил суралцаад, Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд номын багш, Лавайн эгшиг 97,5 ФМ радиогийн захирал, Жэвзүндамба хутагт төвд номын багшаар ажиллаж байжээ.
Б.Золбаяр нь сэтгүүлч мэргэжилтэй. Өдрийн сонинд сурвалжлагч, албаны дарга, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, зөвлөхөөр ажиллаж байв.
З.Энхболд нь Банкны санхүүч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, хувийн байгууллагын удирдах ажил эрхэлж байгаад 2012-2014 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, одоо Үндэсний дата төвийн захирлаар ажиллаж буй аж.
Б.Батбаяр нь инженер мэргэжилтэй, 2004 оноос 2012 он хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллаж байв.
Б.Энхмандах нь нийгэм судлаач мэргэжилтэй. Нам улс төрийн удирдах ажил хийж байсан. Байгаль орчны дэд сайд, Гадаад хэргийн дэд сайд, Швед улсад суух элчин сайдаар ажиллаж байжээ.
Д.Оюун-Эрдэнэ нь сэтгүүлч мэргэжилтэй. Өнөөдөр, Үнэн, Монгол төрх сонинд сэтгүүлч, албаны дарга, эрлэгчээр ажиллаж байсан. С1 телевиз, Өглөөний сонин, Өнөөдөр сонинд продюсер, орлогч эрхлэгч, тоймчоор ажиллаж байсан.
Д.Цэндсүрэн нь эрх зүйч мэргэжилтэй. 1989 оноос хойш хууль, өмгөөллийн байгууллагад ажиллаж байгаа аж.
Б.ЭНХ