Үнэ хөөсрүүлэгчид буюу жижиглэнгийн худалдаачид | News.MN

Үнэ хөөсрүүлэгчид буюу жижиглэнгийн худалдаачид

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Үнэ хөөсрүүлэгчид буюу жижиглэнгийн худалдаачид

Үнэ хөөсрүүлэгчид буюу жижиглэнгийн худалдаачид

Нийслэлийн гудамж талбайд шинэ ургацын ногооны сезон эхэлжээ. Жил бүрийн намар орон нутгийн ногоочид нийслэлийг зорин ирж ургацын дээжээсээ хямд үнэ өргөн сонголттойгоор нийслэлчүүдэд худалдаалдаг. Гэсэн хэдий ч гадуур зарагдаж байгаа хүнсний ногоо   үнийн хувьд харилцан адилгүй байна. Уг нь дотоодоосоо махны 96.1, төмсний 99.6 бусад хүнсний  ногооны хэрэгцээний 63 хувийг хангадаг ч  зах зээлд бодит бус үнэ тогтоод буйг шүүмжлэх хүмүүс олон. Өдийд хүнсний ногооны нийлүүлэлт  эрс нэмэгддэг. Үүнийгээ дагаад үнэ ч  буурдаг. Гэвч төмс, хүнсний ногооны зах зээл импорт болон ченжийн халаасанд бүхэлдээ багтсан учир үнийг тэд л зохицуулна. Ингээд хүнсний ногооны үнийг сурвалжлахаар  ногоочид, ченж, жижиглэнгийн худалдаа эрхлэгч нартай уулзлаа. Хамгийн эхэнд орон нутгийн ногоочдын  түр байрлаж байгаа "Мянган машины зогсоол"-ыг зорилоо. Тэндхийн талбайг наймаачид түрээслэн худалдаа эрхэлж байгаа юм.

НОГООЧИД 50-70 ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

Өглөөний 05.00 үед " Мянган машины зогсоол" дээр очиход авто  зам дагуу ногоо ачсан, 7-8 портер машинууд шил шилээ даган зогсож харагдав. Машины ачааны хэсгээс  3-4 залуучууд шуудайтай ногоог дотогш талбай руу зөөж байгаа бололтой их л хурдан, шаламгай хөдөлж байв.  Тэд  цагдаа ирж хөөхөөс өмнө урьтаж ногоогоо буулгах ёстой гэнэ.

Х.Бат-Эрдэнэ Сэлэнгийн Зүүнхараагаас ирсэн ногоочин. Тэрбээр  “Ногоогоо худалдаалах гэхээр лангууных нь үнэ хөлсийг дийлдэггүй. Дээрээс нь  цагдаа нарт хөөгддөг учраас ченж нарт ногоогоо хямд зардаг. Шинэ ургацын ногоонууд  хөрс суугаагүй учраас өдөртөө яаж ийж байгаад зарахгүй бол муудна. Энд ногоо хамгийн хямд зарагдаж байна. Хэрэв монгол ногооны зах гаргаад өгчихвөл ногооны үнэ бүр ч илүү хямдхан зарагдана” гэдгийг хэлж байв. Гэнэтхэн цагдаагийн машин дуут дохиогоо  хангинуулан  ногоочид дээр ирж нэгдүгээр эгнээг чөлөөлөхийг шаардсан юм. Эс тэгвээс 170.000 мянган төгрөгөөр торгуулах  учир зам дагуу ганц ч машин үлдсэнгүй эл хул болжээ.

"Мянган машин зогсоол" дээр зарж буй  40 килограмм /кг/ шуудайтай  төмс 15000 төгрөг, нэг кг нь 350 төгрөг, лууван 27000 төгрөг, нэг кг нь 700 төгрөг,  38 кг шуудайтай байцаа 8000 төгрөг, нэг кг нь 200 төгрөг, лууван 600 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.  Ногоочид нэг кг бүрээс 70-100 төгрөгийн ашиг олдог гэдгээ хэлж байв. Ногоочид “Бид  зах зээлийн үнээс 2-3 дахин бага үнээр шинэ ургацын ногоогоо зарж байна.  Бидний хувьд тээвэрлэлт, хаврын тариалалтын зардал, бага зэргийн ашиг шингээдэг. Эргээд хаврын тариалалт хийх зардлаа гаргаж авахыг боддог. Гол нь ченж нар хямд үнээр бөөндөж аваад захуудын ханшийг өндөр тогтоогоод байна” хэмээн өгүүлсэн юм. Тухайлбал, нэг килограмм байцааг тарьж ургуулахад 250 орчим төгрөг, нэг килограм манжин тарихад  270 төргөг, нэг килограмм лууван тарихад 275 төгрөг болдог аж. Гэтэл ченжүүд ногоочдын үнийг унагаад 200 төгрөгөөр авч байна. Өөрөөр хэлбэл зарим ногоочид 50-70 төгрөгийн алдагдалтай ажиллахад хүрдэг аж.

"ЧЕНЖҮҮДИЙГ ҮНЭ НЭМЖ ЗАРЖ БАЙНА ГЭДЭГ Ч ТИЙМ БИШ"

“Барс” худалдааны төвийн ченжүүд дээрх газраас ногоогоо бөөнддөг аж. Хоёр алхамын наана, цаана гэхэд л  ногооны үнэ тэнгэр, газар шиг ялгаатай. Тухайлбал, "Мянган машины авто зогсоол"-д  40 кг-ын шуудай лууванг 27000 мянган төгрөгөөр зарж байсан бол "Барс"-д 30000 төгрөгөөр, байцааг нэг килограмыг нь 8000 төгрөгөөр зарж байсан бол "Барс"-д 10000 төгрөгөөр зарагдаж байна. Харин 40 килограммын шуудайтай лууван 30000 төгрөг,  32 килограммын шуудайтай сонгино 26000 төгрөг, 40 кг-ын шуудайтай манжин 16000 төгрөгийн үнэтэй байв. Цагийн дотор л ченжүүд  хүнсний ногоог   2000-3000 нэмж зарах жишээтэй. Үүнээс цаашаа эцсийн хэрэглэгчдийн гар дээр хүртэл шат, шатны дамжлагууд үнийг нэмнэ.

“Барс” худалдааны  төвийн хүнсний ногооны бөөний худалдаачин П.Золзаяа “Биднээс ихэвчлэн жижиглэнгийнхэн ногоо худалдаж авдаг ч гадуур зарахдаа их үнэтэй зарж байна.  "Барс" захад байцааг 250 төгрөгөөр зарж байхад жижиглэнгийнхэн 700-800, төмсийг гурав дахин нэмж 900  төгрөгөөр зарж байна.  Ченжүүдийг үнэ нэмж зарж байна гэдэг ч  тийм биш. Жижиглэнгийн худалдаачид илүү үнэтэй зардаг. Бид шуудайн дээр 1000-2000 төгрөг нэмж зарж байгаа" гэв.

ҮНИЙГ ЧЕНЖ НАРААС ГАДНА ЛАНГУУНЫ ХУДАЛДАГЧ НАР ТОГТООДОГ

Харин жижиглэнгийн худалдааны төвүүдэд  нэг килограмм төмс 930 төгрөг, байцаа 900 төгрөг, лууван 800 төгрөгийн үнэтэй байв. Хүнсний ногооны бизнес эрхлэгчид ашиг олохоо урьтал болгож байгааг гурван ногоочин тутмын хоёр нь хэлж байсан юм. Төмс, хүнсний ногооны ченж нар хэзээ ч алдагдалд ордоггүй гэдэг. Ченж нар бөөний үнээр худалдан авсан бүтээгдэхүүнээ лангууны худалдагч нарт дамжуулан худалдаж ирсэн. Хамгийн багадаа 1.5-2 дахин “нугалдаг” аж.

Ногоочид хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадахгүй, иргэд дотоодын шинэ ургацын ногоогоо бодит үнээр хэрэглэж чадахгүй, лангууны наймаачдын хэлсэн  үнээр авч хохирч байгаад олон хүн шүүмжлэлтэй хандаж байв. Ийнхүү монголчууд мах, хүнсний ногоогоо дотооддоо бараг 100 хувь хангаж байгаа ч зохицуулалт сул учраас өнөөдөр өрхийн төсөвт мах, ногооны үнэ хүндээр тусч байна. Уг нь бараа, бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмаар тогтох ёстой. Гэвч, ченжүүд, лангууны худалдагч нар илүү ашиг олох гэж, үнэ хөөргөддөг энэ байдлыг намжаах зохицуулалт зайлшгүй шаардлагатай болжээ. Тухайлбал үр, тариа буудайг улс худалдан авч, тариаланчдад урамшуулал олгодог. Энэ нь гурилын үнийг тогтворжуулахад дам хэлбэрээр тун чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ мэт бодлого, зохицуулалт  хүнсний ногооны салбарт үгүйлэгдэж байна.

Э.БУРАМ  

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-31 202.179.26.97

Энэ бугдийг цэгцлэх худалдааны хууль хэрэгтэй

Avatar

ёё 2018-08-31 202.179.24.33

Энд бичсэн үнэн бол ченж цагдаа 2 нэг тал юм байна.

Avatar

ийм байна 2018-08-31 64.119.22.177

Манай зах зээл гээч нь өчүүхэн жижигхэн, худалч хүнд УБ хэтрэхгүй байхад өөрсдийгөө зах зээлийн нийгэмд шилжсэн гээд хөөрөгдөөд байдаг. Ямар ч зохицуулалт дүрэм журам гэж байхгүй хар ухаанаараа бүхнийг авч явж байгаа.Бурууг жижиг гаруудад битгий тох!

Avatar

Зочин 2018-08-31 66.181.189.54

Бүгд л ашиг олох гэж ажиллаж байгаа биздээ? Гар дамжих тусам үнэ нэмэгддэг гэдгийг ойлгохгүй оркууд

Avatar

зочин 2018-08-31 202.179.26.242

Хүнсний захын лангууны худалдагчид гэж нэг шуналын бузар болсон хогийн шаарууд байна аа.Шатанууны үнэ,цалин,тэтгэвэр,ер нь ямар нэгэн зүйл нэмэгдэх сураг чимээ л гарвал заавал зарж байгаа барааныхаа үнийг шннд л нэмдэг.Үүний

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж