Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах уралдаант шалгаруулалтад Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци, Энержи ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан талаар өмнө бид мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх уралдаант шалгаруулалтыг хэрхэн үнэлсэн талаар болон бусад мега төслүүдийн талаар өнөөдөр Монгол Улсын сайд М.Энхсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчийг тодруулах уралдаант шалгаруулалт таван жилийн өмнөөс эхэлжээ. Тухайн үеийн нүүрсний үнийг өнөөдрийнхтэй харьцуулшгүй өндөр байсан аж. Тэр үед олон компани тус ордод хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн ч хүлээж аваагүй юм байна. Гэвч 2012 оны сүүл үеэс нөхцөл байдал өөрчлөгдөж, Монголын нүүрсний зах зээл хумигдсаар хүндхэн байдалтай тулгарсан тул УИХ-аас 34 дүгээр тогтоол баталж, нүүрсний экспортыг эрчимжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгожээ. Энэ хүрээнд дээрх хамтарсан түншлэл шалгарсан байна.
Хөрөнгө оруулагчдын зах зээлийн үнэ цэнийг нь сонирхуулахад, Чайна Шэнхуа Энержи групп нь 60 тэрбум ам.долларын үнэтэй бол Сумитомо корпорацийн зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Харин “Энержи ресурс” компани 500 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Бүгд Хөрөнгийн биржид бүртгэлтэй. a
Мөн Чайна Шэнхуа Энержи компани өөрийн төмөр замтай, өөрийн борлуулалт хийх зах зээлтэй. Сумитомо корпораци Ази, номхон далайн бүс нутагт нүүрс болон бусад ашигт малтмал борлуулагч бол Энержи ресурс нь 15 сая тонн нүүр боловсруулах үйлдвэртэй, өөрийн гэсэн цахилгаан станцыг барьсан байна.
Онцлоход, УИХ-ын 34 дүгээр тогтоолд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд төмөр замыг барих зэрэг хэд, хэдэн асуудал багтсан аж. Тухайлбал, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулаад, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх. Орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой зэрэг шалгуур тавигдсан юм байна.
Хөрөнгө оруулагчидтай холбоотой асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгснийг онцоллоо.
–Монгол Улс “Шинхуа” компанид 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчаар шалгарчихаар өөрөө өөртөө нүүрс худалдах гээд байна уу. Эсвэл гэрээнд өөрчлөлт орно гэсэн үг үү?
-Байгаа мэдээллийнхээ хүрээнд хариулт өгье. Сүүлийн үед Монгол, Хятадын харилцаа сайжирч байгаа. Энэ хүрээнд Хятад улс манайхаас ихээхэн хэмжээний нүүрс авахаар саналаа илэрийлсэн. Нэг ёсны Монгол Улс том үйлдвэрлэгч болоод борлуулна гэвэл Хятадын зах зээл бэлэн байна шүү гэдгийг мэдэгдсэн хэрэг. Гол нь бид энэ саналыг яаж зөв хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байгаа. Тэр тухай л бид өнөөдөр ярьж байна.
–Тавантолгойн баруун, зүүн цанхид гэрээт олборлогч үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайлбал, зүүн цанхид “Макмахон лимитед” компани ажилладаг. “Макмахон”-тай таван жилийн гэрээ байгуулсан. Гэрээ нь дуусах болоогүй, хөрөнгө оруулагч нарыг яаж оруулах вэ?
-Засгийн газар тогтоолыг батлахдаа баруун, зүүн цанхид том хөрөнгө оруулагчийг оруулъя гэж ярьсан. Дээр нь УИХ экспортын бодлогыг нэг цонхоор үргэлжлүүлэх нь үр ашигтай гэдгийг мэдэж байгаа учраас тогтоол гаргасан. Энэ бүгд хоорондоо уялдаатай.
Гэхдээ хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж таарна, энэ асуудлаар. Амжилтад хүрвэл Засгийн газар болон УИХ-д танилцуулж байгаад эцсийн шийд гарна. Эцсийн шийд гарсны дараа өмнө нь байсан бүх асуудал хүчингүй болно.
-“Эрдэнэс Тавантолгой” компани “Чалко”-д 110 сая ам.доллар төлөх ёстой. Үүнээс гадна дотоодын зах зээлээс авсан өр, зээлүүд нэлээд бий. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-“Эрдэнэс Тавантолгой”-д олон өр бий. Бид “Тавантолгой” гэдэг нүүрсний ордыг ашиглах тухай ярьж байгаа болохоос аж ахуйн нэгжийн өөр үйл ажиллагаатай хамаатай өрийг хөрөнгө оруулагчдад шууд үүрүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ энэ ордыг ашиглахтай холбоотой, хөрөнгө оруулагч зайлшгүй зөвшөөрөх шаардлагатай зардал байгаа бол бид үүнийг хөрөнгө оруулагчтай ярьж шийдвэрлэх арга замыг олох ёстой. Энэ бол хэлэлцээрийн ширээний ард шийдэгдэх ёстой асуудал.
-Санхүүжилт орж ирэхэд монголын банкуудаар дамжих уу. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт гадаадын дансад байрших заалт гэрээнд тусгагдсанаас болоод одоо хүртэл гадагшаа экспортлож байгаа бүтээгдэхүүний мөнгө орж ирэхгүй байна гэдэг маргаан дэгддэг?
-Том төсөл хэрэгжүүлж байгаа нөхцөлд бид бизнесийн нэг хэлтэй байх ёстой. Бизнессийн нэг хэлтэй болж чадаагүй учраас бие биенээ харддаг. Манай улс бизнесийн нэг хэлтэй болох асуудал чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, олон улсын нягтлан бодох стандарт гэж бий.
“Оюутолгой” дээр энэ стандартыг хэрэглэдэг. Олон орон том төслийг хэрэгжүүлэх, том хөрөнгө оруулагчдыг татахын тулд үндэснийхээ нягтлан бодох стандартыг олон улсынх руу шилжүүлдэг. Түүндээ асар их бэлтгэл хийж байгаад шилждэг. Бизнесийн хэл нь олон улсын түвшинд байвал мөнгө хаана байрлаж, юунд зарцуулагдаж байна вэ гэдэг нь тодорхой болдог.
-Дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ямар журмаар тогтоосон бэ. Үүнээс дээш тогтоох боломж байсан уу?
-Одоохондоо энэ бол бидний гаргасан тооцоо. Ер нь техник, эдийн засгийн үндэслэл хийгдэхэд эцсийн дүн гарна.
-Гурван хөрөнгө оруулагч санхүүгийн бүхий л талыг хариуцна гэж байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийнх нь үүрэг ямар түвшинд байх вэ. “Оюутолгой” шиг төрийг төлөөлж суух уу, эсвэл тодорхой хэмжээнд нүүрс экспортлох, буруулах, ажлын байр бий болгох чиглэлээр ажиллах уу?
-“Тавантолгой”-н орд төрийн өмч. Хэрхэн яаж оролцох вэ гэдэг нь мөн л хэлэлцээрийн түвшинд шийдэгдэнэ. “Тавантолгой” төрийн нэрийн өмнөөс лиценз баригчийн хувьд хөрөнгө оруулагчид бидэнд төлбөр төлнө. Одоогоор 40 хувиар төлбөр төлөхөд бэлэн байна гэж хөрөнгө оруулагчид хэлсэн. Гэхдээ энэ тоонууд хэлэлцээр хийсэн анхны тоонууд.
–Монгол Улсын иргэн бүрт ногдож байгаа 1072 ширхэг хувьцааг яаж шийдэх вэ?
-Олон нийтэд тараасан 1072 ширхэг хувьцаа Засгийн газрын асуудал. “Тавантолгой”-н орд Монгол Улсын төрийн өмч. Үүнээс Монголын ард түмэн хувьцаа гаргаад эзэмших эрхтэй болсон. Энэ бол зайлшгүй хэрэгжинэ. Чухам ямар зарчмаар, ямар үнийн дүнтэй байх эсэх нь хэлэлцээрийн шатанд шийдэгдэнэ. Бид тохирсон байгаа.
Г.НАРАН