С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Д.Доржготовт олгов | News.MN

С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Д.Доржготовт олгов

С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Д.Доржготовт олгов

С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Д.Доржготовт олгов

ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт олгов.


Энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулахаар ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн их сургуулийн Газар зүйн факультетийн ерөнхийлөгч, академич Н.С.Касимов тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирж өнөөдөр гардуулж өглөө.

Энэхүү шагналыг газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад хоёр жилд нэг удаа олгодог юм байна. Академич, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчдийн нэг Москваийн их сургуулийг энэ мэргэжлээр төгссөн анхны гурван хүний нэг юм. Тэрээр ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагналыг  Ази тивээс хүртэж байгаа хоёр дахь хүн болж байгаа юм.  Өмнө нь уг шагналыг Азиас БНХАУ-ын Хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ.

Академич  Д.Доржготов нь монголд анх удаа хөрсний зургийг зохиосон, Монголын хөрсний ангиллыг анх удаа бүрэн дүүрэн боловсруулж тодорхойлолт өгсөн, Монгол орны хөрс газарзүйн мужлалыг анх удаа боловсруулсан, Монгол орны усны ай сав газруудын хөрсний ус, физик шинж чанар, Монгол орны хөрсний нөөцийг тодорхойлж,хөрсний ангилал, чанарын үнэлгээг анх удаа хийсэн эрдэмтэн юм.

АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВЫН ШИНЖЛЭХ УХААНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР, НЭЭЛТ:

  • Монгол орны бүх нутгийг хамарсан хөрсний хээрийн судалгаа хийж “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг анх удаа зохиож (1974) хэвлүүлсэн ба түүнээс хойш ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран “Монгол орны хөрсний 1:2500000 масштабтай зураг”-ийг арга зүйн шинэлэг түвшинд ахин боловсруулж хэвлүүлсэн (1980) төдийгүй сансраас авсан фотоматериалыг анх удаа хөрсний зураглалын судалгаанд ашиглан “Монгол орны хөрс ашиглалтын 1:1000000 масштабтай зураг” зохиож хэвлүүлсэн нь (1981) шинжлэх ухаан, практикийн ач холбогдолтой содон бүтээл болсон юм.

Эдгээр зургуудыг үндэслэн сургалт, танин мэдэхүйн зориулалтаар Монгол орны хөрсний 1:2500000, 1:3000000, 1:5000000, 1:500000 масштабтай зургууд болон хөрсний ялзмагжилт, давсжилт, урвалын орчин, эвдрэл, доройтол, чулуурхаг шинж, агроүйлдвэрлэлийн бүлэглэл  зургуудыг зохиож нийтийн хүртээл болгожээ. Ийнхүү тус оронд газрын хөрснй жижиг масштабын зураглалын асуудлыг бүхэлд нь шийдвэрлэжээ.

  • Монгол оронд тархсан бүх төрлийн хөрсний үүсэл гарвалын онцлог, морфологийн болон хими-физикийн үндсэн шинж, үржил шимийн үзүүлэлтийг судлан тогтоож хөрсний оношлогоо, ангиллыг янз бүрийн түвшинд боловсруулж “Монгол орны хөрсний ангилал зүй” (1986), “Монгол орны хөрс” (2003) зэрэг суурь бүтээлүүд туурвиснаар тус орны хөрсний гарал үүсэл, ангилал, систематик (хэвшинж, дэд хэвшинж, төрөл, зүйл тус бүрийн) тодорхойлолтын асуудлыг үндсэнд нь шийдвэрлэжээ. Хөрсний олон хэв шинж, дэд хэв шинж, төрөл, зүйлийг шинээр ялган тодорхойлсон байна.
  • Монгол орны нутаг дээрх хөрсөн бүрхэвчийн газарзүйн тархалт, нутаг дэвсгэрийн ялгааг илрүүлж хөрс-газарзүйн 4 шатлалттай (их муж, бүс, муж, тойрог бүхий) мужлалт боловсруулж нэгж тус бүрийн тодорхойлолтыг өгчээ. Тойргуудыг ялган тодорхойлохдоо бэсрэг хотгор гүдгэрийн төрх байдлаас голчлон шалтгаалах хөрсөн бүрхэвчийн бүтцийн ялгааг гол үзүүлэлт болгон авсан нь мужлалтын аргазүйд нэвтрүүлсэн цоо шинэ хандлага байлаа.
  • Монгол орны хөрсний тархалтын өвөрмөц зүй тогтлыг илрүүлж уулт-өргөргийн ба өргөрөгийн бүсүүдийг ялгахын зэрэгцээ уулын босоо бүсшилийн 4 хэвшинж болон ялангуяа хотгорын бүсшилийг ялган тогтоосон нь шинжлэх ухаанд шинэлэг зүйл болсон юм.
  • Монгол орны хөрсний нөөц хэмжээг улс болон аймаг тус бүрээр тооцоолон гаргаж, хөрсний чанарын үнэлгээг сум бүрээр баллын системээр харьцуулан хийсэн нь энэ чиглэлийн анхны ажил болсон байна.
  • “Монгол Улсын Үндэсний Атлас” зохиох редакцийн зөвлөлийн бүрэлдэхүүнд орж 1990 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын үндэсний атласын” редакцийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар, 2009 онд хэвлүүлсэн “Монгол Улсын Үндэсний Атлас”-ын ерөнхий редактораар тус тус ажиллаж өөрийн орны ард иргэдэд төдийгүй Дэлхий дахинд Тусгаар тогтносон Монгол Улсаа таниулан сурталчилсан энэхүү түүхэн бүтээлийг туурвихад голлох үүрэгтэй оролцсон билээ. Мөн 2009 онд хэвлэгдсэн “Монголын Үндэсний нэвтэрхий толь” 3 боть томоохон бүтээлийн редакцийн бүрэлдэхүүнд ажилласныг тэмдэглэхгүй байж болмооргүй юм.
"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-30 103.206.195.163

Таарсан ч хүн дээ өгч дээ.

Avatar

zochin 2018-08-30 78.45.159.220

Przhevalskii bol moglchuugyg ih door uzej, hogjilgui , ustgah heregtei gej tuhai ued manai ornoor ayalj bhdaa helsen gedeg, bidniig ingej doromjilson hunii nereer orgomjilson shagnal avah hereg bdg yum uu, oorsdiigoo doosh ni hiij bga yum bish uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж