Дэлхий дээр хамгийн уух дуртай эмэгтэйчүүдийн тоонд англи бүсгүйчүүд оржээ. Энэ тухай дэлхийн хүн амын согтууруулах ундааны хэрэглээний судалгаанд дурдсан байна. Судалгааг 195 орны 694 эрдэм шинжилгээний ажилд тулгуурлан хийсэн тухай The Times мэдээлжээ.
The Times мэдээлж буйгаар, согтууруулах ундааны хэрэглээ нь 15-49 насны хүмүүсийн нас баралтын гол шалтгаан болж байна гэв. Учир нь, согтууруулах ундаа нь 23 төрлийн өвчний эх үүсвэр болдог ажээ.
Дэлхий нийтийг хамарсан тус судалгаанаас харахад, Румын эрчүүд согтууруулах ундааны хэрэглээгээрээ тэргүүлэв. Тэд оройдоо дундаар 82 грамм цэвэр архи буюу 2.5 литр дарстай тэнцэхүйц хэмжээний согтууруулах ундаа хэрэглэдэг ажээ. Харин Англичууд өдөр бүр дунджаар 30 гр архи хэрэглэдэг үзүүлэлтээрээ 62 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
Гэхдээ Англи эмэгтэйчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ эмэгтэйчүүдийн дунд наймдугаар эрэмбэлэгдэхэд хүргэжээ. Энэ үзүүлэлт нь Ирланд, Швед болон Данийн эмэгтэйчүүдтэй ойролцоо байгааг илтгэв. Эмэгтэйчүүдийн дунд согтуурлах ундааны хэрэглээгээрээ Украинчууд тэргүүлсэн байна. Тэд өдөрт дунджаар 42 гр согтууруулах ундаа хэрэглэдэг гэж The Times өгүүлжээ.
Энэхүү судалгаанд оролцсон судлаач Колин Ангус дээрх тоо баримт нь улс орны уух соёлтой ихээхэн холбоотойг онцлов. Учир нь, зарим улс оронд согтууруулах ундаа нь зөвхөн эрчүүдийн хэрэглээ гэж үздэгтэй холбоотой ажээ.
Судалгаанаас ажиглахад, англи эрэгтэй болон эмэгтэйчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ нь нэг түвшинд байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна. Иймээс тэд Их Британи эмэгтэйчүүдийн архидалтын асуудалд онцгой анхаарал хандуулах цаг нь болсон гэдгийг анхааруулав.
Хэдийгээр согтууруулах ундаа нь 23 төрлийн өвчний эх үүсвэр болдог ч эрүүл мэндэд тустай талууд ч бий гэдгийг эрдэмтэд нуусангүй ээ. Гэхдээ ихэнх тустай тал нь сөрөг хүчин зүйл ч болдог гэдгийг сануулав. Тодруулбал, согтууруулах ундаа нь хавдар, элэгний өвчлөл, гэмтэл бэртлийн эх үүсвэр болдог юм байна.
Судалгаанд дурдснаар, эрүүл 100 мянган хүний 914-т нь архинаас үүдэлтэй 23 төрлийн өвчний нэг нь илэрчээ. Мөн 10 гр архи буюу 250 мл шар айраг хэрэглэдэг хүмүүсийн өвчлөх магадлал нь 0.5 хувиар нэмэгддэг. Өдөр бүр 50 гр архи буюу гурван том стакан дарс хэрэглэдэг хүмүүсийн өвчлөх магадлал нь 37 хувиар нэмэгддэг ажээ.
Энэ төрлийн үндэсний судалгааг Монгол Улсын ШУА-ын Философийн хүрээлэнгээс гаргасан аж. Тус хүрээлэнгийн судалгаанаас ажиглахад, Монголчуудын согтууруулах ундаа хэрэглээ эрэгтэй, эмэгтэй гэлтгүй адил түвшинд гарсан бөгөөд цаашид эмэгтэйчүүдийн архины хэрэглээ нэмэгдэх үзэгдэл ажиглагдсан байна.
Судалгаанаас харахад, нийт хүн амын согтууруулах ундааны хэрэглээг ажиглахад, эмэгтэйчүүд 53.5 хувь, эрчүүд 46.5 хувийг эзэлж байна.
Мөн судалгаанд дурдснаар архидалтаас үүдэлтэйгээр, гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий болж, маргаан дэгддэг. Гэр бүлийн аль нэг гишүүн согтууруулах ундаа хэрэглэснээр хүүхдийн хүмүүжил, боловсрол, үзэл хандлагад сөргөөр нөлөөлдөг гэсэн дүн гарчээ.
Холбоотой мэдээ