Ө.Мөнгөнтулга: Түүний төлөө хийж чадах зүйл маань кино бүтээх л байсан

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Ө.Мөнгөнтулга: Түүний төлөө хийж чадах зүйл маань кино бүтээх л байсан

Ө.Мөнгөнтулга: Түүний төлөө хийж чадах зүйл маань кино бүтээх л байсан

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн, уянгын уран сайхны кино “Хөхөөний үүр” тун удахгүй /есдүгээр сарын 14/ нээлтээ хийх гэж байна. Киноны ерөнхий продюсер Ө.Мөнгөнтулгатай уг уран бүтээлийн талаар ярилцлаа.


-“Хөхөөний үүр” киног бодит явдлаас сэдэвлэсэн гэж сонссон. Хэний амьдралаас сэдэвлэж, яагаад ийм кино бүтээхээр шийдсэн бэ?

-Хоёр жилийн өмнө би Өвөрмонголд драмын жүжгэн дээр ажиллахаар явсан юм. Жүжиг ч амжилттай тавигдаж, нутаг буцах замдаа Хөххотод хэсэгхэн саатаж гэр бүлийнхэндээ жаал зугаа юм авч, хоёр хоносон. Хоёр дахь өдрийн орой өвөрмонгол дүү нар шөнийн хотоо үзүүлэхээр тойрч явтал, гудамжинд нэгэн охин уйлж явахтай таарлаа. Тэр охин уйлаад, их шаналсан байдалтай ганцаараа явсаар  Хөххотын Баянтал гэх зочид буудлын эсрэг талын талбай дээр очоод сууж байгаа нь харагдсан. Харваас монгол охин болох нь илт. Бид хэсэг явж байгаад тэрүүгээр дахиад иртэл нөгөө охин мөнөөх газраа суусаар л байсан. Яагаад ч юм тэр охинтой уулзмаар санагдаад, хүний нутагт ингэж яваа шалтгааныг нь сонсохыг хүссэн. Үнэхээр ч миний таамаглал зөв байсан л даа, охинтой монголоор мэндэлтэл, урдаас монголоор хариулсан. Монгол охин байсан юм.  Ийм шөнөөр, хүний нутагт яагаад ганцаараа уйлаад  сууж байгааг нь асуутал “Зүгээрээ, намайг тоох хэрэггүй, та явж болно” гэлээ. Тухайн үед хүний газар, элэг нэгт монгол охиноо хаяад явж төвдсөнгүй. Хэсэг яриа өдсөний эцэст охин маш их зовлон туулснаа ярьсан. Шунал хүсэл, зоос мөнгөний хойноос улайрсан нэгэн монгол хүн хятадуудтай нийлээд охиныг залилсан байж. Тэгээд л тэр охины туулсан амьдралаар кино хийхээр шийдсэн юм. Харин хоёр жилийн дараа тэр санаа минь кино болж үзэгчдэд хүрэх гэж байна.

-Кинонд тэр охины тухай гарна гэсэн үг үү?

-"Хөхөөний үүр” кинонд цэл залуухан нэгэн эхийн тухай өгүүлнэ. Эх үрийн ариун нандин хүйн холбоо гэж чухам юу байдаг, эх хүн үрээ хайрлахад баян, хоосон, хөгшин, залуу, үндэс угсаа гэж байдаггүй гэдгийг үзүүлэхийг зорьсон. Өнөөгийн нийгмийн сэтгэл эмзэглэм нэг алдаа нь 20-30 насны гурван эмэгтэйн нэг нь өрх толгойлон амьдарч байгаа ажиглагддаг. Залуу ээжүүд хүүхдэдээ ангир уургаа хөхүүлэхээс яагаад ямх ямхаар холдоод байна. Энэ чухам юунаас шалтгаалж байгаа юм бол. Бодох л хэрэгтэй. Дээр нь бидний амьдрал дунд тэр бүр ил байдаггүй ч нийгэмд болж байгаа, цаашид дэлгэрч болзошгүй зүйл олон байна. Тэр болгоныг нурших нь илүүц биз. Киногоо ирж үзээд намайг чухам юу хэлэх гэснийг ойлгоно биз дээ, манай үзэгчид.

 -Тэр охин одоо хаана яаж яваа бол. Та  түүнтэй дахин уулзсан уу?

-Хүмүүс надаас энэ талаар их асууж байна. Тухайн үед хэтэвчинд байсан мөнгөө  өгөөд “Амьдрал баялаг. Сайхан зүйл тохиох л болно. Гэртээ хурдан очоорой” гэж хэлээд салсан. Тэр охины доторхи бачуурлыг тухайн үед сонсож, тайвршуулсан нь миний зүгээс хийж чадах тус байсан байх. Уран бүтээлч хүний хувьд түүний төлөө хийж чадах зүйл маань кино бүтээх байлаа. Учир нь түүнд тохиолдсон зовлонг өөр бусад монгол  охид битгий амсаасай гэж хүсч байсан учраас. Тэр охины ярьсан бүхэн сэтгэлээс гаралгүй хоёр жил шаналгаж, нийгэмд хэрэгтэй, бусдад сургамжтай бүтээл болгохоо дотроо зураглаж явсан. Охины талаарх мэдээллийг нууц хэвээр үлдээе.

-Бодит үйл явдал хилийн чанадад болж. Харин киноны үйл явдал хаана өрнөсөн бэ?

-Зураг авалт зургадугаар сард эхэлсэн. Үйл явдлын 90 орчим хувь нь хилийн чанадад өрнөж байгаа. Энэ утгаараа Хятад, Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтран ажиллалаа. Монголын талаас “Кино цамхаг” студийн хамт олон, ерөнхий найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ ажиллаж байгаа. Хөгжмийн зохиолчоор Б.Бат-Эрдэнэ /Аранзай / ажиллаж, киноны дууг дуучин С.Сэрчмаа дуулсан.

-Хятад, Монголын хөрөнгө оруулалттай кино юм уу?

-Тийм, Монгол болон Хятадын ижил тэнцүү хөрөнгө оруулалтаар бүтэж буй анхны кино болж байна.

-Ихэвчлэн сөрөг дүр бүтээдэг таны хувьд өөрийнхөө кинонд тоглосон уу, ямар дүрд тоглов?

-Миний хувьд зөвхөн эерэг эсвэл сөрөг дүр бүтээнэ гэж туйлширдаггүй. Жүжигчнээс илүү ажиллагаа шаарддаг болохоор эсрэг талын дүр дээр ажиллах дуртай. Эсрэг талын дүр нь хүнд илүү хүрдэг, надад илүү наалддаг болохоор найруулагчид эсрэг дүр санал болгодог байх. Урлагийн их замд хөл тавиад 18 жил өнгөрчээ. Энэ хугацаанд урлагийн далайгаас багахан дуслыг шүүрдсэн хүн зөвхөн өөрийгөө бодолгүйгээр уран бүтээлээс минь үзэгчид сайн зүйлийг олж хараасай гэж боддог юм байна. “Хөхөөний үүр” кинон дээр зургийн дарга, продюсерийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ кинондоо нэгэн туслах дүр дээр ажиллалаа. Киноны 90 орчим хувь нь Хятадад өрнөж байгаа тул мэргэжлийн хятад жүжигчдийг гол болон туслах дүрүүдэд оролцууллаа.

-Сүүлийн үед Монголын уран бүтээлчид Өвөрмонголд очиж, ажилладаг болжээ. Боломжийн цалин амладаг болохоор аргагүй байх л даа?

-Бид боломжийн амьдардаг байсан бол чаддаг ,мэддэг эрдэм болгоноо тэдэнд зааж өгөөд байх шаардлагагүй. Урлагийн сэтгэлгээний хувьд нэг алхам түрүүлж яваа болхоор тэдэнд бид өнөөдөртөө л хэрэгтэй байгаа. Харин тэнд биднээс илүү зүйл байна. Тэнд урлаг нь хуультай, хөрөнгө мөнгө, материаллаг баазтай юм байна. Гэхдээ бид дотроо бодолтой байх хэрэгтэй. Мэддэг зүйлээсээ юуг нь зааж, юуг нь авч үлдэх вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй.

-Таны цаашдын төлөвлөгөөг сонирхож болов уу. Ер нь та амьдралд юу үлдээе гэж мөрөөддөг вэ?

-“Кино цамхаг” студийн залуустайгаа зургаа дахь дэлгэцийн бүтээл дээр ажиллаж байна. Өмнө нь бид таван аймшгийн кино хийсэн. Одоо хэсэг завсарлага авна. Аймшгийн киноны хувьд дараагийн удаад сэдэв давхцуулалгүйгээр монгол ахуй,сэтгэхүйг харуулсан өөрийн гэсэн өнгө аяс онцлогтой аймшгийн кино хийж, түүнийгээ дэлхийн хэмжээнд өрсөлдүүлнэ. Миний хувьд 20 жилийн дараа үр хүүхдэдээ эд хөрөнгө үлдээхээсээ илүүтэй хөлөө олж амьдарч чадахуйц хүн чанарыг л үлдээнэ дээ. Дээр нь хүүхдүүд маань миний аав ийм сайн жүжигчин байсан гэж цээж дүүрэн бахархаж яваасай гэж боддог. Ийм хэмжээний зүйл бий болгохын тулд хичээн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 20 жилийн дараах Мөнгөнтулга хийсэн, бүтээсэн зүйлтэй, хэлэх үгтэй нуруу цэх, ухаан саруул өвөө алхаж явах юмсан гэж боддог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж