Европын бүс нутгийн үйл ажиллагааг хянадаг Panasonic компанийн удирдах төв ирэх аравдугаар сард Их Британи улсаас нүүж, Нидерландын нийслэл Амстердам хотод байрлахаар болжээ.
Panasonic компанийн удирдлагуудын зүгээс Их Британийг Европын холбооноос гарсны дараа томоохон корпораци болон бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгож эхэлбэл асуудалд орж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Хэрэв "Panasonic" компани Их Британи улсад бага татвар төлбөл Японы Засгийн газарт их хэмжээний татвар төлөх ёстой болох гэнэ. Үүнээс болгоомжилж "Panasonic" компани Их Британид байрлах төв байгууллагаа Амстердам хот руу шилжүүлэхээр шийдсэн байна. Panasonic компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр уг шийдвэрийг 15 сарын турш хэлэлцэж байж гаргасан бөгөөд үүнд Брекситийн /Britain Exit/ асуудал тодорхой хэмжээнд нөлөөлсөн болохыг дурджээ.
Япон улс нь Их Британи улсад томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм. Японы найман зуун гаруй компани Их Британийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 100 мянган гаруй хүнийг ажлын байраар хангадаг байна. Японы Номура, Сүмитомо Митцүй болон Дайва зэрэг хөрөнгө оруулалт, санхүүгийн томоохон байгууллагууд Лондон хотоос өөрсдийн салбаруудаа Европын орнууд руу нүүлгэн шилжүүлэх болсон талаар урьд нь мэдэгдэж байжээ.
2016 онд Их Британийн Засгийн газар нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаагаа явуулдаг корпорациудад татварын хөнгөлөлт олгох санал дэвшүүлж байсан удаатай. Их Британи улс Европын холбооноос гарахад жил хүрэхгүй хугацаа үлдсэн боловч одоо болтол тохиролцолд хүрч чадаагүй байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Г. МАНДАХ