Олны анхаарал татаж, дуулиан тарьсан хэргүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг тоймлон хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙГ 19.2 САЯ ТӨГРӨӨР ТОРГОЛОО
Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүх шийдвэрлэж шүүгдэгч хоёр этгээдэд торгуулийн ял оноосон билээ. Тодруулбал, шүүгдэгч З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, шүүлээ.
Шүүхээс З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 19 сая 200 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэв. Харин улсад учруулсан гэх 900 сая төгрөгийг “Бэрэн” групп ХХК-иас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэгт буруутгагдсан “Жаст” группийн захирал Ш.Батхүүг өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр батлан даалтад гаргаж гадуур шалгахаар болсон. Тэгвэл батлан даалтад байсан "Жаст"-ын Ш.Батхүүг цагдан хорьжээ.
Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ш.Батхүүг нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тархины цусан хангамж алдагдсан, бөөрний дутагдалд орж, чихрийн шижин өвчин нь хүндэрсэн тул яаралтай III шатлалын эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай болсон. Гэтэл хууль хяналтын байгууллагаас цагдан хорьсон хэвээр байгаа”-г дурджээ. Мөн АТГ-аас "Ш.Батхүү нарт холбогдох хэргийг удахгүй прокурор, шүүхэд шилжүүлнэ" гэж өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн юм.
БУУДАЛД АМИА АЛДСАН ОХИНЫ ХЭРГИЙГ ИРЭХ САРД ШҮҮНЭ
"Очир төв" хэмээх зочид буудалд амь насаа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал 2018 оны зургадугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Шүүхээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. Өмгөөлөгчийн мэдээлснээр эл хэргийн шүүх хуралдаан ирэх есдүгээр сарын дундуур болох төлөвтэй байгаа аж.
Г.БАХЫТГҮЛ ДАВЖ ЗААЛДАНА ГЭВ
УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Түүнийг иргэн Г.Бахытгүлийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн ч нотлох баримт хангалтгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тул Г.Бахытгүл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байна.
Тэрбээр "2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд Д.Мурат нь намайг Эрүүгийн цагдаагийн дөрөвдүгээрт хэлтэст нэр төрд халдсан гэх үндэслэлээр цагдаад өгч байсан. Миний бие түүний эсрэг гомдол гаргаснаар жилийн турш энэ хэрэг шалгагдсан. Хангалттай нотлох баримттай байгаа ЭХ-ийн 11.6 -ийн 1 зүйл заалтаар яллагдагчаар татагдсан Д.Муратын хэргийг илт шударга бусаар шийдлээ. Миний бие холбогдох шатны шүүхэд давж заалдана” гэжээ.
Р.ЭРДЭНЭБҮРЭНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЦАГААТГАЖ, ГЭМ БУРУУГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2012-2016 онд томилогдон ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх хэлэлцээд, түүнийг шүүх гэм буруугүй хэмээн үзэж хэргийг цагаатгажээ.
Түүнийг ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий хүний нэр дээр “River garden”цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй хэмээн Авлигатай тэмцэх газар /АТГ/ шалгаж байсан юм. 2016 оноос шалгагдаж эхэлсэн уг хэргийг АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлж, долоон ч удаа прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Улмаар Нийслэлийн Прокурорын газраас Р.Эрдэнэбүрэнд Эрүүгийн хуулийн 22.10-ын нэг дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Р.Эрдэнэбүрэнг цагаатгах шийдвэр гаргасан аж.
ДОЛООН ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРООСОН ОСЛЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр буюу Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол гарч, гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Приус маркийн машинтай явж байсан тэднийг Ланд Крузер маркийн машин шахаж орж ирсний улмаас замын хажуу руу унан осолдож, машин нь шатаж амиа алдацгаасан гэсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан байдаг. Тэгвэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй сунжирч явсаар эцэстээ Тээврийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж байна. Энэ талаар амиа алдсан жолоочийн эгч Х.Алгирмаа “Энэ хэрэг шийдэгдэхгүй байсаар прокурорт гурван удаа хаагдсан. Хэргийн газраас зугтаасан жолоочийг жилийн дараа олсон ч жолооч хэргээ хүлээхгүй талийгаач дүүд минь хэргээ хүлээлгэсэнд харамсч байна. Хоёрдугаарт, талийгаач дүүд минь эрүүгийн хэрэг нээж улмаар хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэж мэдээлсэн юм. Уг хэрэг наймдугаар сарын 09-ны өдөр шийдвэрлэгджээ.
ХҮҮХЭД ЭНДСЭН ОСЛЫН ДҮГНЭЛТИЙГ ЭХЯ-ЫНХАН ГАРГААГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ
Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сард бага насны хүүхэд тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед талийгаач охин Н нь Тэрэлжийн "Зүүн салаа" гэх газарт дугуй унаж явахдаа цахилгааны утсанд зохиулж амиа алдсан юм. Тодруулбал, Налайх дүүргийн VI хорооны нутаг дахь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харьяанд байсан “Болор” хэмээх амралтын газарт элхэрэг гарсан.
Хэргийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж буй. Гэвч одоо хэр нь мөрдөн байцаалтаа эхлүүлээгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн хохирогчийн үхлийн шалтгааныг хэдийнээ гаргасан гэнэ. Харин харьяа цагдаагийн хэлтсээс “Болор” амралтын газарт цахилгааны утас татах зөвшөөрөл хэн өгсөн, тулгуурын аюулгүй байдлыг хамгийн сүүлд хэзээ шалгасныг тодруулахаар Эрчим хүчний яаманд хандсан ч өнөөг хүртэл дүгнэлтээ гаргаагүй байгаа аж. Иймд хэрэг шийдвэрлэгдэхгүй өдийг хүрчээ.
Э.АРИУН