Дэлхий дээрх орших 200 гаруй улсад 7.6 тэрбум хүн амьдардаг. Эдгээр улсууд хоорондоо байгалийн нөөц баялаг, худалдаа наймаа, эдийн засаг, соёлоороо холбоо харилцаа тогтоож дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулахын тулд янз бүрийн аргаар өрсөлдөж байна. Тэгвэл дэлхийн улс орнууд хэрхэн улс орноо сурталчилж, дэлхийд танигдаж байгаа туршлагаас хуваалцъя. Энгийн жишээн дээр авч үзэхэд та хэн нэг танихгүй хүнд өөрийгөө хэрхэн танилцуулж, ямар давуу талаа харуулахыг зорих вэ? Магадгүй өөрийнхөө илүү сайн чаддаг, онцгой чадвараа бусдад нээн харуулснаар илүү давуу тал бий болдог шүү дээ.
Компаниуд өөрийн ашиг орлогоо нэмэгдүүлж, зах зээлд илүү танигдахын тулд улс орнууд сурталчилгаа хийдэг. Тэгвэл дэлхий улс орнууд ч энэ жишгээр улс орноо дэлхийн бусад орнуудад сурталчлан таниулах маркетингийн арга барилтай байдаг болсон.
Энэ нь үндэсний бренд хэрхэн бий болгох тухай юм. Хүчирхэг эдийн засаг бүхий улс орнууд нэг удаадаа сурталчилгаа хийхэд л олон сая жуулчин, худалдааны түнш, хөрөнгө оруулагч нарыг татдаг. Гэтэл хөгжиж буй жижиг улс орнууд хэрхэн улс орноо сурталчилдаг вэ? Үүний тод жишээ нь Өмнөд Америкийн Чили улс юм.
Чили нь Өмнөд номхон далайтай хиллэдэг Өмнөд Америкийн улс билээ. Нийт 16 сая гаруй хүн амтай. 1974-1990 оныг хүртэл Чилийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Аугусто Пиночетын үед 30.000 хүн хэлмэгдэн амиа алдсан гэдэг. Чили улс тухайн үедээ харгис дэглэм бүхий улс орны статуст байдаг байв. Гэтэл одоо Чили улсын байдал маш их өөрчлөгдсөн. 2009 оноос эхлэн тус улс үндэсний бренд гэгчийг бий болгохоор ажиллаж байгаа юм. Гэхдээ хөрш зэргэлдээ Бразил, Аргентин зэрэг хэдийнээ танигдсан улс орнууд шиг сүр жавхлант багт наадам, Амазоны ширэнгэн ой, хөлбөмбөг кофе гэх мэт дэлхийд танигдсан зүйл багатай.
2005 онд Чили улс "Chile: All Ways Surprising" буюу ‘’Таныг бүх талаар гайхшируулна’’ гэсэн уриа үг ашигласан ч энэ нь амжилт олоогүй.Түүнээс хойш улс орныхоо тогтвортой хөгжилд илүүтэй анхааран, улс орны газар зүйн онцлог давуу талаа ашиглан жуулчдыг татах зэрэгт анхаарч байна.
Чили улс нь мөсөн голоос авхуулаад, элсэн цөл оршдог байгалийн өвөрмөц тогтоц бүрдсэн газар нутагтай аж.
Сонирхолтой гэмээр маркетинг боловсруулсан нь нийт 380 компанийг сонгон нэгдмэл харилцааг сурталчлах зорилготой маркетингийн хөтөлбөр байсан. Зөвхөн саарал, улаан, шар, цэнхэр, хөх гэсэн заагдсан таван өнгийг компаниуд логондоо ашиглаж болно. Энэ нь нэг төрлийн Чилийн компаниудын бренд өнгө байх ёстой аж. Энд мэдээж Чилийн урдаа барьдаг шилдэг компаниуд багтана. Ингэснээр тухайн өнгөний логотой компаниудтай харилцаа тогтооход илүү амар байхаас гадна гадаадын хөрөнгө оруулагч компаниудын хувьд ч сонирхол татаж эхлэх аж. Мэдээж бренд өнгөний логотой компаниуд улсдаа нэр хүндтэй компаниуд байх аж. Энэ нь бусад улс орнуудын анхаарлыг татахаас авхуулаад засгийн газрын тогтвортой байдлыг харуулж чадаж байгаагаараа давуу талтай аж.
Чили улсын дүр төрхийг бүтээхэд гол хоёр хүчин зүйлс нөлөөлсөн. Нэгдүгээрт, урт хугацааны стратеги төлөвлөлт. Хоёрдугаарт, иргэдээ бэлтгэх. Чилийн иргэд гадаад улс оронд өөрийн улс орны онцгой, эерэг чанарыг сурталчлан таниулах үүрэг хүлээсэн байдаг.
Энэ бүх хүчин чармайлт нь Чилийн төв банкны мэдээлснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 2003 онд 4.3 тэрбум ам.доллар байсан бол 2012 онд 30 тэрбум ам.доллар болтлоо өсөхөд нөлөөлсөн. Өнгөрсөн жилд л гэхэд нийт жуулчдын тоо 6.5 сая хүрч дээд амжилт тогтоож байжээ.
Харин Азийн улс орнууд дундаас Өмнөд Солонгос улс К-поп хөгжим, поп урлаг соёлын хөгжил нь тус улсыг сурталчилж буй хамгийн том хүчин зүйлс болж байна. Мөн жил ирэх тусам дэлхий даяар Солонгос хоолны соёл эрчээ авч байна. Хаа сайгүй л Солонгос хоолны газрууд бий болсон. Өмнөд Солонгосын Хойд Солонгостой эвсэх хүчин чармайлт нь тухайн улсын нэр хүндийг улам өсгөж байна гэж шинжээчид үздэг.
Сайн маркетинг хийгээд ч амжилт олоогүй тохиолдол бас бий. Өмнөд Африк, Бразил зэрэг улсууд хөлбөмбөгийн ДАШТ-ийг их мөнгө заран зохион байгуулсан хэдий ч эдийн засагт нь тийм ч их нөлөөг үзүүлээгүй ба зөвхөн тухайн улсын нэр хүнд л өссөн. Нэгэнт л тухайн улсуудын талаар хэвлэлд ихэвчлэн муу талаар сурталчилгаа хийгдсэнд оршино. Ядуу буурай амьдрал, улс орны тогтворгүй байдал зэрэг нь дэлхий нийтэд ил байдаг тул тус хүчин чармайлт сайнаар нөлөөлсөнгүй.
Үүнээс дүгнэж үзэхэд тухайн улс орон өөрийн бренд дүр төрхийг бий болгохын тулд их мөнгө зарж сурталчилгаа хийхээс илүүтэйгээр улс орныхоо ирээдүй, хувь хүний хөгжил сайн сайханд хөрөнгө оруулах нь хамгийн зөв арга зам байдаг гэдгийг дээрх жишээнүүд харуулах аж.
Холбоотой мэдээ