Цэцэрлэг бүрт илүү цагийн ангитай болъё

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Цэцэрлэг бүрт илүү цагийн ангитай болъё

Цэцэрлэг бүрт илүү цагийн ангитай болъё

Даргынхаа, удирдлагынхаа нүдийг хариулж байгаад ажил тарангуут л хар хурдаараа хүүхдээ авахаар гарч,   замын түгжрэлд бөглөрсөөр цаг нартай уралдан цэцэрлэгийн хаалгаар орно. Заримдаа хүүхдээ цэцэрлэгээс хэн авах вэ гэх асуудал залуу гэр бүлийн хувьд бөөн "дарамт" болдог. Улсын аль цэцэрлэг 17.00 цаг гээд хүүхдээ тараадаг учраас ажилтай ээж аавуудын хувьд удирдлагынхаа нүдийг хариулж байгаад хүүхдээ авахын тулд дор хаяж ажлаасаа нэг цагийн өмнө гарахгүй бол амжихгүй.

Мөнгөтэй үедээ “торгууль”-ийн мөнгөө төлнө, мөнгөгүй бол багшид загнуулаад гарах энэ дүр зураг аль цэцэрлэг дээр байнга ажиглагддаг үзэгдэл. Мэдээж, ажлынхаа ойролцоо цэцэрлэгт хүүхдээ өгье гэхээр харъяаллын бус гээд авахгүй. Гэрийнхээ хажууд өгөхөөс өөр аргагүй бөгөөд энэ нөхцөлд ажлаа хийдүүлэх нь хэвийн үзэгдэл болдог.

Энэ бол дан ганц төрийн албан хаагчдад бус цэцэрлэгийн насны хүүхэдтэй хүн бүрийн асуудал. Уг нь цэцэрлэгт нь илүү цагаар ажилладаг анги байдаг бол эцэг эхчүүд ядаж л сэтгэл тайван ажлаа хийнэ шүү дээ. Харамсалтай нь, цэцэрлэг сургууль эхлэхээр "хүүхдээ яаж авах вэ" гэдэг гэр бүлийн хувьд том асуудал болдог төдийгүй, Улаанбаатарын замд ачаалал үүсгэх үндэс нь бол хувирдаг.

Толгой өвтгөсөн энэ асуудал хоолой дээр тулсан энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч  хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагуудын төлөөллийг авч уулзаж, яг энэ сэдвийг хөндсөн юм.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгснөө эргэн шалгахаар ийнхүү хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагуудын санал, дүгнэлттэй танилцсан нь. Энэ үеэр хөндөгдсөн нэг асуудал нь төрийн албан хаагчдын ажлын цаг 18.00-аас тарж байхад 17.00 тардаг цэцэрлэгийн хүүхдээ хэрхэн авдаг вэ гэх асуудал байлаа. Угтаа бол энэ асуудлыг салбарын яам нь шийдээд явах бүрэн боломжтой. Гэхдээ энэ асуудлаар ажлын хэсэг гарчихсан, төрийн албан хаагчийн хүүхэд суралцдаг цэцэрлэгт илүү цагийн бүлэг нээж ажиллуулах асуудлыг судалж байгаа гэнэ. Гэтэл иймхэн асуудал шийдэж чадахгүй, Ерөнхийлөгч нь анхаарал хандуулах хэмжээнд хүртэл энэ асуудлыг хэн ч хөндөхгүй, тоолгүй бас зохицуулсаар иржээ. Ерөнхийлөгч ч иймхэн асуудал шийдэж чадахгүй байж бүхэл бүтэн салбар яриад сууж байдаг хэмээн олон нийт ч өчигдөр шүүмжлээд авав

Энэ нэг зүйлийг тодотгоё. Төрийн албан хаагчийн хүүхэд сурдаг цэцэрлэгт л илүү цагийн бүлэг нээх бус нийслэлийн бүх цэцэрлэгт нээх ёстой. Төрийн албан хаагчдын ажил орой тарж, бусад нь хүүхэдгүй гэсэн үг биш. Нэгэнт л цэцэрлэг нь хүрэлцээ муутай, байгаа цэцэрлэгт нь төрийн, хувийн гэлтгүй бүх хүний хүүхдүүд явж байгаа учраас бүх цэцэрлэгт илүү цагийн анги нээх нь зүйн хэрэг. Бас нэг зүйлийг тодотгоход мэдээж 50-70 хүүхэдтэй ажиллаж байгаа цэцэрлэгийн багшийн ачааллыг бас амьдралыг нь үгүйсгэх гэсэнгүй. Ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас цэцэрлэгийн багшийнх нь орон тоог нэмэх, цалинг нь нэмэх асуудлыг ч мөн давхар шийдэх нь зөв биз ээ. Ямартай ч салбарын яам, Засгийн газар нь энэ асуудал анхаарал хандуулж эхэлж. Гэхдээ яагаад зөвхөн төрийн албан хаагчийн хүүхэд гэж тодотгох ёстойг сануулахад буруудахгүй биз.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж